Авлигын хэрэгт холбогдсон бол төрд ажиллуулдаггүй байхаар хуульчилна

527-1485151781mo2017010203001.jpg_0УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцжээ.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэхдээ, “МАН-ын бүлэг улс төрийн бусад намууд болон Төрийн албаны зөвлөлтэй ярилцсаны дараа тус хуулийг гаргах ёстой гэдэгт санал нэгдсэн.
Сүүлийн 6-7 сонгуулийн үр дүнг харахад сонгуулийн дараа төрийн алба тогтворгүй болж байна. Тийм учраас төрийн албыг тогтвор суурьшилтай болгохын тулд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Төрийн албаны тухай хуулийн хувиар мэдээллийн цагт оролцсон. Энэ үеэр тэрбээр, “Бид сонгуульд орохдоо төрийн албыг дархлаатай болгоно гэсэн зорилт тавьсан. Саяхан баталсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн албыг тогтвортой болгох чиглэлээр гурван заалт оруулсан. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүдээс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцүүлж санал авлаа. Одоо мөрдөгдөж байгаа хууль маань долоон бүлэг 41 зүйлтэй. Шинээр боловсруулсан хууль 33 бүлэг 109 зүйлтэй байх юм.
Нэгдүгээрт энэ хуулиар төрийн албыг улс төрөөс аль болох хамаарал багатай болгоно. Ард иргэдээс ирдэг гол шүүмжлэл бол төрийн алба тогтворгүй байна. Сонгуулийн дараа өөрчлөгдөж байна. Үүнээс болоод төрийн албаны чадавх муудаж байна. Тийм учраас төрийн албыг аль болох улс төрөөс ангид байлгаж, тогтвортой болгоход энэ хууль чиглэгдэж байна. Тухайлбал шатлан дэвших тогтолцоог энэ хуулиар бий болгоно.
Яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаар ажиллах хүн бол төрийн албанд 16 жил ажилласан байх ёстой. Яамны газрын дарга бол доод тал нь 8 жил ажилласан байна.
Хоёрдугаарт төрийн албанд орж байгаа хүнийг хариуцлагажуулж өгч байгаа. Тухайлбал, төрийн албанд ажиллах хүн онц хүнд гэмт хэрэг болон эрүү, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан бол төрийн албанд орохгүй. Нөгөө талаар хууль бус томилгоо хийснийг шүүхээс тогтоосон тохиолдолд тэндээс гарах хохирлыг шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцна.
Гуравдугаарт нь төрийн албан хаагчдын ажлын үнэлгээг тодорхой болгоно. Тэдний ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үнэлгээг тодорхой болгож өгч байгаа. Дөрөвдүгээрт нь төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангасан байхаар хуульчилна” гэв.  Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултдаа хариулав.
-Давосын эдийн засгийн чуулган боллоо. Энэ чуулган дээр Монгол Улс санхүүгийн хямралд өртөх эрсдэлтэй орнуудын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн улс төрийн тогтворгүй орнуудын жагсаалтын аман хүзүүнд байна. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаараа ярьсан уу.
-Давосын чуулга уулзалтын талаар бүлгийн хуралдаанаар тухайлан яриагүй. Санхүүгийн хувьд бид өнөөдөр амаргүй байна. Гэхдээ бүхнийг хохирол багатайгаар даван туулах арга замуудыг УИХ-ын болон Засгийн газрын түвшинд хайж ажиллаж байна. Гадаад улс орнуудтай банк, санхүүгийн чиглэлээр хамтарч ажиллахаар тодорхой яриа хэлцэл хийж байна. Нэн ялангуяа БНХАУ-тай харилцаагаа хэвийн хэмжээнд байлгахаар бүх шатандаа хэлэлцэж, нааштай алхмууд гарч байгаа. Санхүүгийн асуудлаа улс төрөөс ангид байлган, төрийн нэгдсэн бодлогоор зохицуулж явах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Энэ асуудлаар МАН-ын бүлэг эдийн засгаа яаж тогтворжуулах талаар саналаа солилцоно.
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 

URL:

Сэтгэгдэл бичих