Нацагдорж буюу очирын тухай та мэдэх үү

Очир нь анхандаа энэтхэгийн Индра бурханы шидэж хэрэглэдэг хүрэл шийдэм байжээ. Харин Буддын шашинд тэрээр муу муухай, хорон санаатан бүхнийг няц даран сөнөөдөг хэдий ч өөрөө хэзээ ч үл сөнөөгдөгч, бат бөх, цаг хугацааг даван туулагч эрч хүч, төгс чадлын бэлгэ тэмдэг болжээ.

Анхдагч язгуур Будда буюу “Очирбаригч” хүч чадлын нөөц ундарга болон бүх Будда бурхан, шашны багш нэг бүрийн зүрхэд хамт оршиж байдаг. Бодьсадва Очирваани буюу “Очирыг гартаа хөтлөгч” бол Чингис хаан болон монголын бусад хаад ноёдод шингэсэн Будда бурханы эрч хүчтэй, хүчирхэг мөн чанар, шинж төрхийн гадна илэрхийлэл мөн. Монголчууд бол бурханы ард түмэн.

Очир нь хонхтой хамтдаа хувраг хүний шүтээн тахилын хамгийн гол үндсэн хэрэглүүр болжээ. Очир идэвхитэй эрч хүч, эр хүнлэг үндсэн төрх байдал, гол зэвсэг эсхүл хэрэглүүр нь юм.

Харин хонх нь идэвхгүй далд хүч, эмэгтэйлэг үндсэн төрх, хурц мэргэн ухааны бэлгэдэл. Гэгээрэлд хүрэх зам мөрийг танин мэдэхэд зэвсэг хэрэглүүр болон хурц мэргэн ухаан заавал хослон нэгдэх ёстой.

Үүгээр ч Будда Шакъяамуни бурхан гэгээрэлд хүрсний учир шалтгааныг ухан тайлбарлаж болно. Учир нь тэрээр бясалгал үйлдэхдээ очир завиллаар буюу очир загалмай маягаар хөлөө загалмайлан давхар завилж сууж байсан ажээ.

Сүмд бясалгагч Будда бурхан эсхүл түүнтэй мөн чанар нэгэн болох лам хувраг нэг бол тэдний залрах олбогт нь ширсэн очир загалмай дээр суудаг эсхүл бүхний нүдэнд ил харагдахаар мөргөл, бясалгалын ширээний өмнө байрлуулсан орлуулах туг даавууг ашигладаг.

Очир хонх 


Очир хонх арга билгийн төлөөлөл болдог. Арга нь очир, хонх нь билэг. Танка зураг, барималд бурханы гарт очир байгаа нь ямар агуулгатай болохыг сонирхдог.

Энэ нь Очир алмасыг бэлэгдсэн очир хөдөлгөх хөдөлгөөн буюу мутарлага нь газрын янз бүрийн саад бартааг устгана гэж үздэг. Хүч чадал эрх мэдлийн бэлэгдэл ч гэж үздэг. Очир асар их хүч чадалтай учир лусын эздийн зөвшөөрлийг авч чаддаг хэмээн үздэг.

Хонх бол авиа гаргана. Тэр дуу бурхны чихэнд уянгалаг сайхан эгшиг аялгуу болон хүрдэг.

Харин ад донгийн хорлол чөтгөр шулмын чихэнд тархийг хагалам тэсэхийн аргагүй хүчтэй долгион, харанга болж, муу муухай бүхнийг, атгаг хар санааг хагалан бутаргадаг гэж үздэг байна. Хонхны дуугаар дарж хөөж чадаагүй үлдсэн ад зэтгэрийг очироор нухчин дардаг. Тиймээс хонх очир хоёр нь хамтдаа байдаг учир нь энэ болно.

www.budda.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.