Хүүг бууруулснаар олон ахмадын нуруу бага боловч тэнийлээ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ гэж тусгасан байдаг. Үүний дагуу өнгөрсөн оны наймдугаар сарын 10-нд Ерөнхий сайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өгсөн чиг үүргийн дагуу яам болон Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан судалгаа явуулжээ. Судалгаанд үндэслэн тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар бууруулах шийдвэрийг энэ сарын 18- нд албан ёсоор гаргасан юм. Манай улсын хувьд тэтгэвэр авдаг 378 мянган ахмад байдгаас 60 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй. Ямар нэгэн баяр ёслол болон тэр дундаас монголчуудын уламжлалт баяр цагаан сараар энэ тоо улам бүр нэмэгддэг. Жилд ганц тохиодог уламжлалт баяраа элбэг дэлбэг, хангалуун тэмдэглэхийн тулд өнгөтэй, өөдтэй бүхнээ зориулдаг нь монголчууд бидний зан. Тиймээс ахмадууд тэтгэврийн хэдэн төгрөгөө зээлээр авч, түүгээр баярынхаа бэлтгэлийг базаадаг. Энэ жилийн хувьд энэхүү баяраас өмнө тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан нь ахмадуудад юу юунаас илүү хэрэгтэй шийдвэр гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэвч тэтгэврийн зээлийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах, ямар бичиг баримт бүрдүүлж, аль банкнаас зээл авах зэрэг мэдээлэл ахмадуудын дунд хангалтгүй байна. Үүнд хариулт өгөхөөр бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, Нийгмийн даатгалын бодлого төлөвлөлт, нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээр хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батжаргалтай уулзаж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулсантай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛСНААР АХМАДУУД 15 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭНЭ
-Тэтгэврийн болон малчны зээл хамгийн өндөр хүүтэйд тооцогддог. Ямар судалгаа, нотолгоонд үндэслэж тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар бууруулсан юм бэ?
-Засгийн газраас хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтыг оруулсан байдаг. Үүний хүрээнд ажлын хэсгийнхэн тэтгэврийн зээлийн хүүг ямар арга замаар хэрхэн бууруулах талаар судалгаа хийж, тодорхой шийдэлд хүрсэн. Ингэснээр ахмадуудын 90 гаруй хувь нь тэтгэврээ авдаг ХААН болон Төрийн банктай гэрээ байгуулж, тохиролцсоноор тэтгэврийн зээлийн жилийн хүү 18 байсныг гурван хувиар буурууллаа. Энэхүү богино хугацааны зээлийн хөнгөлөлтийг цаашид тогтмол хэрэгжүүлнэ.
-Одоогоор дээрх банкууд тэтгэврийн хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн үү. Гэрээ байгуулснаас бусад банкнаас тэтгэврээ авдаг ахмадуудын хувьд 15 хувийн хүүтэй зээл авах боломжтой юу?
-Зээлийг энэ сарын 18-наас албан ёсоор олгож эхэлсэн. Тэтгэврийн зээлийн жилийн хүү 18 буюу сарын 1.5 хувь байсан бол зээлийн хүүг бууруулснаар жилийн 15, сарын 1.25 хувийн хүүтэй болж байгаа юм. Гэхдээ зургаа буюу түүнээс доош сарын хугацаагаар зээл авсан тохиолдолд тэтгэврийн зээлийн хүүг жилийн 15 хувиар тооцно гэсэн заалттай байгаа. Мөн зарим тэтгэвэр авагч дээр дурдсанаас өөр банкаас тэтгэврээ авдаг. Тиймээс бид ойрын хугацаанд бусад банктай гэрээ байгуулах шаардлагатай байна. Гэхдээ шинээр тэтгэвэр тогтоолгогч аль банкнаас тэтгэврээ авахаа өөрөө сонгодог болох шийдвэрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан. Одоогоор 11 мянган иргэн тэтгэвэр авах банкаа сонгосон байна. Үүний хэрэгжилтийг судалж байж бусад банктай гэрээ байгуулна.
-“Хэрэгтэй үед зөв шийдвэр гаргалаа. Гэхдээ хугацааны хувьд арай богино юм уу даа” гэж ахмадууд хэлж байна. Яагаад заавал зургаан сар буюу түүнээс доош хугацаанд 15 хувийн хүүтэй зээл олгохоор зохицуулсан юм бэ?
-Зургаан сар гэж богино хугацаа заасан нь ахмадуудаа хамгаалж байгаа хэрэг юм. Урт хугацаатай зээл авчихаар тэд маш олон сар орлогогүй болчихдог. Ингэснээр тухайн иргэний амьдралд хүндрэл үүсч, нийгмийн баталгаа алдагддаг. Тэтгэврийн зээл авч буй ахмадуудын дийлэнх хувь нь зургаа болон түүнээс доош сарын хугацаатай зээл авдаг гэсэн судалгаа гарсан. Тиймээс зургаан сарыг хамгийн боломжтой хугацаа гэж үзэж хүүг нь бууруулахаар шийдвэрлэсэн.
-Зээлийн хугацаа болон хүүг бууруулснаар банкины хүүд төлөх мөнгөний хэмжээ багасдаг. Тэгэхээр тэтгэвэр авагчид богино хугацаат зээлийн хөнгөлөлтөд хамрагдсанаар жилд хэчнээн төгрөгийн хэмнэлт гарахаар байна вэ?
-18 хувийн хүүтэй зээлд жилд дунджаар 220 мянган ахмад хамрагддаг. Тэдгээр ахмад жилийн 15 хувийн хүүтэйгээр зургаан сарын хугацаатай зээл авахаар тэтгэврийн зээлийн хүүд төлдөг байсан 15 орчим тэрбум төгрөг өөрсдийнх нь халаасанд үлдэхээр байгаа юм. Энэ нь тэр хэмжээгээрээ амьжиргаанд нь нөлөөлнө гэсэн үг шүү дээ. Харин долоо буюу түүнээс олон сараар зээл авахад өмнөхөөрөө буюу жилийн 18 хувийн хүүгээр тооцно.
-Ер нь тэтгэврийн зээл авч болох хамгийн урт хугацаа нь хэдэн сар байдаг вэ?
-Энэ нь банк тус бүрийн зээл олгох нөхцөлөөс хамаардаг. Тиймээс тэтгэврийн зээл авах дээд хугацаа 12, 24 сар гэх зэргээр банк бүрт өөр байдаг.
-Анх тэтгэвэр авах гэж буй ахмадуудын хувьд түүнийг хэрхэн яаж тогтоож байгаа нь эргэлзээтэй байдаг гэж сонссон?
-Тэтгэврийн доод хэмжээг Засгийн газраас тогтоосон байдаг. Бүрэн тэтгэвэр буюу 20 болон түүнээс олон жил ажилласан иргэний тэтгэврийн доод хэмжээ 251, хувь тэнцүүлсэн буюу 20- оос цөөн жил ажилласан иргэний тэтгэврийн доод хэмжээ 216 мянган төгрөг байдаг. Тэтгэврийн дээд хэмжээ нь тухайн иргэний ажилласан жил, авч байсан цалин зэргээс хамаараад харилцан адилгүй янз бүр байдаг.
-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж байсан. Дараагийн удаа ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ. Зээлийн хүүг дахин бууруулах боломжтой юу. Үүнийг л ахмадууд хүсч байна?
-Бид тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Эхний ээлжид зээлийн хүүг 15 хувь болгон буурууллаа. Тодорхой хугацааны дараа энэ арга хэмжээнийхээ үр дүнг дүгнэж үзээд зээлийн хүүг дахин бууруулах боломжтой эсэх болон дараагийн ажлын судалгааг эхлүүлнэ. Албаны хүн дээрх мэдээллийг өглөө. Ямартай ч цаашид тэтгэврийн зээлийг дахин бууруулах боломжтой эсэхийг судалж үзэх юм байна. Учир нь, нийгэм, эдийн засгийн хямрал гээд иргэдийн амьдралын төвшин төдийлөн сайн биш байгаа тул дийлэнх нь зээл авч, баяр ёслолыг өнгөрүүлдэг. Ялангуяа ахмадуудаа хүндэтгэн золгодог цагаан сарын баяраар тавгийн идээ, ууц, гар цайлгах бэлэг зэрэгт өндөр настнууд илүү их мөнгө зарцуулна. Тиймээс энэ байдлыг харгалзан үзэж, шинэ оны эхний сард тэтгэврийн зээлийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулсанд ахмадууд талархалтай хандаж байна. Тэдний заримынх нь сэтгэгдлийг хүргэе.
ЦАГАА ОЛСОН ЗӨВ ШИЙДВЭРТ ТАЛАРХАЖ БАЙНА
Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Должинсүрэн: -Тэтгэврийн доод хэмжээ бага хэрнээ зээлийн хүү нь өндөр байна. Тэтгэврийн мөнгөөр нэг сар амьдарна гэдэг маш хэцүү, хүрэлцэхгүй. Би зээлийн хугацаа дуусангуут дахин зээл авдаг. Одоогийн байдлаар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд долоодугаар сар хүртэл зээл авчихсан байгаа. Сая харин зээлийн хүүг бууруулж бидэнд маш хэрэгтэй шийдвэр гаргалаа. Цаашид ч дахин бууруулж, тэтгэврийн доод хэмжээг нэмэх хэрэгтэй. Манайхан олуулаа болохоор Сар шинийн баяраар 2-3 сая төгрөг зарцуулдаг. Тэтгэврийн зээлээр л асуудлаа шийддэг байсан. Энэ жил зээлтэй учир яадаг юм билээ л гэж бодож явна.
ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЦААШИД Ч БУУРУУЛАХ БАЙХ
Хан-Уул дүүргийн иргэн Х.Жамбалсүрэн: -Манай улсын хувьд тэтгэврийн зээлийн хүү хэт өндөр байна. Бид улсад олон жил ажиллахдаа суутгуулсан шимтгэлээ л буцааж авч байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж өндөр хүү тогтоох нь буруу. Зээлийн хүүг бууруулсан нь зөв шийдвэр. Цагаан сар дөхөж байгаа учраас энэ үеэр ахмадуудын олонх нь тэтгэврийн зээл авдаг. Хэрэгтэй үед зөв шийдвэр гаргалаа. Цаашид бүр багасгах шаардлагатай. Арилжааны банк үйлчилгээ хийж, зээл олгосон гэдэг утгаараа бага хэмжээний хүү боддог байж болно. Түүнээс биш тэтгэврийн зээлийг ингэж өндөр хүүтэй олгох ёсгүй гэж би боддог.
ЦАГААН САР ДӨХҮҮЛЭЭД Л ЗЭЭЛ АВНА ДАА
Хан-Уул дүүргийн иргэн П.Цэрэнпил: -Тэтгэврийн зээлийг зургаа буюу түүнээс цөөн сараар авбал хөнгөлөлттэй хүүтэй олгох болсон нь зөв шийдвэр. Зээл авагчдын олонх нь зургаан сараар авдаг учир хөнгөлөлтөд хамрагдах бүрэн боломжтой. Харин зээлийн хүүг хангалттай хэмжээнд хүртэл бууруулсангүй. Цаашид энэ талд анхаарч шат дараатай бууруулах байх гэж найдаж байна. Миний тэтгэврийн зээл ирэх гуравдугаар сард дуусна. Тэтгэврийн зээлийн хугацаа дуусахад нэг сар дутуу байхад банкинд хүсэлт гаргавал нэмж зээл олгодог. Тиймээс би Цагаан сарын баяр дөхөхөөр дахин зээл авна гэсэн бодолтой байна. Манайх баярт дунджаар хоёр сая гаруй төгрөг зарцуулдаг. Зөвхөн цагаан сарын баяр гэлтгүйгээр хүүхдийнхээ сургалтын төлбөр, эм тариа, эмчилгээний төлбөр болон бусад хэрэгцээнд зориулж ахмадуудын олонх нь тэтгэврийн зээл авдаг. Учир нь, тэдний сарын тэтгэвэр нийгмийн хэрэгцээнд нь хангалттай хүрэлцдэггүй байна. Тиймээс зээлээс зээлийн хооронд амьдардаг ахмадуудын хувьд хүүг бууруулж байгаа нь тулгамдаж буй асуудлыг багахан ч болов хөнгөвчилж буй хэрэг гэдгийг тэд онцолж байв. Мөн манай улсын хувьд дундаж наслалт харьцангуй бага байдаг учир тэтгэвэр тогтоох насыг нааш татах, тэтгэврийн доод хэмжээг нэмэх хэрэгтэйг мөн дуулгалаа. Харин эдийн засгийн хямралтай холбоотойгоор тэтгэврийн хэмжээг ойрын хугацаанд нэмэх боломжгүйг албаныхан хэлж байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах талд Засгийн газар болон яамнаас шат дараатай арга хэмжээг авч ажиллахаар болжээ. Үүний хүрээнд эхний ээлжид тэтгэврийн зээлийн жилийн хүүг гурван хувиар бууруулж байгаа нь энэ юм. Ингэснээр олон өрх айл цагаан сарын баяраа тэмдэглэх боломж бүрдлээ.
Л.Баяржаргал
unen.mn
URL: