Маллагаагүй мал хулгайчдыг өөгшүүлсээр байна

“Хүн боохой”-нуудын хэрэг жил ирэх тусам улам нэмэгдэж, арга нь улам нарийссаар байна. Монголчууд мал маллах болох тэр л үеэс малын хулгайн хэрэг байсаар ирсэн.

Гэхдээ өнөө үеийнх шиг мөнгө олох бизнес болтлоо хэрээс хэтэрч байгаагүй билээ. Цагдаагийнхны хэлж байгаагаар өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 652 малын хулгайн хэрэг гарсан бол энэ оны эхний есөн сард 759 малын хулгайн гэмт хэрэг гарчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад эрс нэмэгдсэн тоо юм. Нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг баяр ёслолын өдрүүд, цагаан cap, улсын баярын үеэр махны хэрэгцээ нэмэгдэж үүнтэй холбогдуулан малын хулгай улам гаардаг. Мөн иргэд өвлийн идшээ бэлтгэх цаг болох өдий үед малын хулгайн хэрэг ид хүчээ авдаг учраас нийт малчдадаа цагдаагийн байгууллагаас анхаарал боломжтой байхыг сэрэмжлүүлэх боллоо. Малын хулгайчдын арга нь ч нарийсч зохион байгуулалттай бүлэглэлүүд нядлах, ачих, тээвэрлэх дамжлага бүхий сүлжээ бий болтлоо зохион байгуулалттай байна. Улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт хулгайн хэргийн 70 орчим хувийг дан ганц малын хулгайн гэмт хэрэг эзэлж байна.

Илэрсэн хэргийг шалгаж үзэхэд урьд өмнөх давтан хэрэг үйлдэгсэд 80 хувийг эзэлдэг байна. Үүнийг малын хулгайчдад авах сахилгын арга хэмжээ сул байгаатай холбоотой гэж малчид үзэж байгаа юм. Малын хулгайчид хүн бүл муутай ядарсан хөгшид, араас нь татлаа түтлээ болохооргүй айл өрхүүдийг онилдог бөгөөд баригдсан тохиолдолд хулгайлсан малчдын хохирлыг барагдуулах боломжгүй байдаг учраас хамгийн хүнддээ л 3-5 жилийн ял авдаг. Энэ хооронд хамсаатнууд нь нэгдэң хохирлыг барагдуулахын тулд дахин өөр хэн нэгнийг хохироодог байна. Зарим нэг нь аль хэдийнэ үрэн таран хийсэн учраас төлөх чадваргүйгээ хэлж “тэр шоронд чинь суугаад өгье” хэмээн айх ичих зүйлгүй хэлдэг аж.

Учир нь айлын хоттой хонийг тэр чигээр нь хулгайлсан хэрэгтэн үсрээд гурван жилийн ял сонсоно. Ялынхаа нэг жилийг эдэлж байх хооронд Өршөөлийн хууль батлагдаж хэрэгтэн эргээд эрх чөлөөтэй болдог байна. Харин үүний цаана амин зуулганы 100 богтой хоёр хөгшин хохирч үлддэг эмгэнэлтэй байдал тогтоод байна.

Малын хулгай гардаг аймгуудыг онцолбол Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Булган, Дорноговь. Таван хошуу мал дотроо зонхилон хулгайд алдагддаг нь бод мал тэр дундаа адуу, үхэр. Туулах чадвар сайтай байдаг учраас адуу хулгайлагдах нь их бөгөөд бод малыг Төв аймгаас тууварлан хот ороход 30 минут л зарцуулагдана. Харин малчид хоёроос гурван өдрийн дараа алдсанаа мэдэгддэг. Ингэснээр хэргийг илрүүлэхэд хүндрэл учрах төдийгүй хугацаа алддаг байна. Зарим тохиолдолд иргэд алдсан малаа бүртгүүлэхээр унаа тэрэг хөлслөн төв суурин руу олон дахин явах нь төвөгтэй санагдаж цагдаад мэдэгдэлгүй орхих нь цөөнгүй байдаг аж.

Нийслэлийн хэмжээнд Хан-Уул дүүрэг малын хулгайд хамгийн ихээр нэрвэгддэг. Сая гаруй хүн амтай нийслэлчүүдийн махны хэрэгцээ их учир үүнийгээ дагаад Төв, Архангай аймгуудад малын хулгайн бүлэг үүрлэсэн гэхэд болно. Хамгийн сүүлийн жишээ дурдахад энэ сарын 10-ны үеэр Сонгинохайрхан дүүргийн нутаг Баруун салаа, Партизаны сангийн аж ахуйд оршин суух хаягтай 19-40 насны 10 гаруй хүнтэй бүрэлдэхүүнтэй хэсэг бүлэг этгээдүүд Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Хүй долоон худаг зэрэг газрын нутаг дэвсгэрээс 57 тооны бод, 10 гаруй бог мал хулгайлан зарж борлуулсныг Төв аймгийн цагдаагийн хэсэг илрүүлжээ. Энэ хэрэг одоогийн байдлаар мөрдөн байцаах шатанд явагдаж байгаа бөгөөд гэмт этгээдүүдийн хийсэн нь тогтоогдоод байгаа 15 удаагийн үйлдэл болох нь илэрчээ. Мөн өнгөрсөн сарын 11, 12-ны өдрүүдэд Архангай аймгийн махны ченж Б гэгч нь Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрээс есөн тооны морьдыг хулгайлсныг илрүүлэн шалгаж байгаа аж.

Max нийлүүлэх гол цэг болсон нийслэл рүү орох, гарах бүх цэгүүдэд шалган нэвтрүүлэх пост байдаг. Мөн нийслэлийн аль ч товчоо, постоор ороход махны гарал үүслийн бичгийг шаардаж, шалгах ёстой хулгайн мах хотод чөлөөтэй орж ирсээр байгаа юм. Малын хулгайчид шөнийн цагаар хулгайн замаар хотруу нэвтэрчихдэг бөгөөд гарал үүслийн бичгийн хувьд хуурамчаар үйлдэх зарим тохиолдолд
танил талаа ашигладаг учраас нийслэлд төвөггүй нийлүүлэгдээд заншжээ.

Малын хулгайг өөхшүүлж байгаа нөхдүүд бол махны ченжүүд. Малын хулгайчид малаа л хулгайлаад ирвэл ченжүүд махыг нь ямар ч асуудалгүйгээр худалдаад авчихна. Тиймээс ченжүүдтэй тэмцэж, тэдэнд тавих хуулийн заалтыг чангатгах шаардлагатай байгаа юм. Хуулиндаа бол мал нядалгааны төвлөрсөн цэгүүдийг байгуулах ёстой хэмээн заасан байдаг. Одоогийн байдлаар 324 сумын 100 гаруйд нь байгуулчихаад байгаа юм байна. Хэрвээ бүх сумдад нядалгааны цэгүүдийг байгуулчихвал энэ цэгт орсон маханд л гарал үүслийн бичиг өгөх аж. Малын хулгайчидтай тэмцэхийн тулд зарим аймгуудаар “Малчдын бүлэг холбоо, нөхөрлөл”-ийг бий болгоод байна. Ингэснээр малчид хэсэг бүлгээрээ нийлж малаа харж хариулах, малаа байнга эзэнтэй байлгах арга хэмжээ авч байна. Энэ нь малчид бүлгээрээ малаа хариулах боломжтой болж байгаа юм. Хулгайчаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь малчид малаа харж хандах эзэнтэй байлгах гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэлж байна.

Малын хулгайг илрүүлэхэд учирдаг гол хүндрэл нь иргэд цаг алдаж цагдаагийн байгууллагад ханддаг явдал юм. Хөдөө орон нутгийн малчид сураггүй болсон малаа өөрийнхөө хөлөөр ирэхийг хүлээн нэг өдөр алдана, энэ тэрүүгээр хайж дахин хоёр өдөр алдана. Ингэж өөрсдөө хайж цаг алдан эцэст нь цагдаагийн байгууллагад мэдэгддэг.

Харин малчин алдсан малаа цагдаад тэмдэглүүлэх үед мал аль хэдийнэ хулгайч нарын гараас гарсан байдаг байна. Хуучин цагт өвлийн улиралд сувай бод малаа ялгаад өвс сайтай уулархаг газар ялгаад туучихад хавар нь онд мэңд хүрээд ирдэг байсан тэр да. өнгөрчээ. Хулгайчдын нүдэнд мал чинь мах мөнгө л болж харагдана гэдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Малын хулгайчдыг барьж илрүүлэн тэдэнтэй тэмцэхэд дан ганц цагдаагийн байгууллага бус малчид өөрсдөө хамтарч ажиллах нь чухал байна гэдгийг хуулийнхан хэллээ. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг шиг дэл сул, хариулга, маллагаагүй мал байсаар байвал малын хулгайчид тойроод гарахгүйг малчин та бодох хэрэгтэй.

С.Мөнх-Од

ub times


URL:

Сэтгэгдэл бичих