П.Орхон босоо бөх гэдгээ дахин нотлов

527-14858284081-31-8_700x700ОХУ-д болдог томоохон тэмцээний нэг нь Красноярскт болдог олимпийн хошой аварга Иван Ярыгины нэрэмжит алтан гранпри олон улсын тэмцээн юм. Уламжлалт энэ тэмцээн сая тун өргөн болж өндөрлөв.

17 орны 200 гаруй бөх очиж барилдав. Манайхан ч урьд урьдынхаас илүү олон бөхтэйгөөр оролцсон. Хилийн чанадад болж байгаа тэмцээнд 40 шахам хүнтэй оролцсон гэдэг ховорхон сонсогдох мэдээ байлаа. Өнгөрсөн жил болсон тэмцээнээс П.Орхон, Б.Одончимэг нар алт, Г.Мандахнаран, Э.Нарангэрэл, Э.Сумъяа, С.Цэрэнчимэд, Б.Шоов­дор, Ш.Түмэнцэцэг, О.Бурмаа гээд хүрэл медалийн эзнээр тодорч байсан юм.
Тэгвэл энэ жилийн тэмцээнээс мөн л хоёр аваргатай ирлээ. Аваргын нэг нь 63 кг-ын жингийн тамирчин П.Орхон. Тэрбээр ёстой л хэнд ч ялагдашгүй ирэн дээрээ байгаа. Сарын эхэнд бол­сон улсын аварга шал­га­руулах тэмцээн дээр дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг илт давам­гай ялж аварга болсон бөх П.Орхон байв. Үнэхээр бярдаж харагдсан.
Красноярскт ч тэгж барилдаж. Жинд нь 14 бөх барилдснаас тэр эхний тойрогт хийлсэн бол дараа нь ОХУ-ын бөх Анна Шербаковаг 15:4-ийн харьцаагаар ялж хагас шигшээд Японы бөх Аяка Итог 10:0-ээр буулган авч хошой аварга болов. Ноднингийн  тэмцээн дээр Японы алдарт бөх Каори Ичог мөн л 10:0-ээр хожиж шуугиан тарьж байсан бол энэ амжилтаа үнэн шүү гэдгийг сая дахин батлав. Энэ нь Японы бөхчүүд манай П.Орхонтой барилдахаас айдаг болж буй бололтойдог. Лав л Японы бөхчүүдийн барилдааны арга П.Орхоноос оноо авч чадахгүй нь тодорхой байна. Тийм болохоор япончууд манай бөхийн барилдааныг Токиогийн олимпийн наана гойд судлах байх л даа. Гэхдээ П.Орхон маань улам хөгжинө, улам сайжирна л даа.
Хоёр дахь алтан медалийн эзнийг Г.Уртнасан /75кг/ гэдэг. Нэг талдаа “битүү морь” гэж болно. Тэр гарамгай сайхан браилдаж явсаар мөн л ОХУ-ын бөх Алёна Стародубцеваг онооны илт давуугаар ялж аваргын тавцанд зогссон юм. О.Бурмаа, Д.Одончимэг нарын халааг авах бөх гарч ирлээ гэж ойлгогдож байх шиг байна. Манай бөхчүүдэд Красноярскийн дэвжээ өгөөжтэй байдаг. Энэ жил бүр илүү байлаа. 39 бөх зодоглосны дөрөвний нэг нь буюу ес нь медаль зүүв. Тэр дотор бас нэг онцгой сайхан барилдаан үзүүлсэн бөх бол гавьяат тамирчин О.Насанбурмаа. Түүнийг улсын аварга тэмцээн өнжихөд үгүйлж л байлаа. Тэгвэл түүний барилдааны нь арга техник, хурд хүч хуучраагүйг энэ тэмцээн харуулж тэр мөнгөн меедаль авлаа. Тэгснээр гавьяат маань энэ тэмцээний хошой алт, мөнгөн медальтай болов.
Бас эмэгтэйчүүдийн 68 кг-д өрсөлдсөн Э.Гантуяа ч тун сайн барилдаж хүрэл медаль хүртсэн. Түүний ялсан бөх дотор ОХУ-ын гайгүй нэртэй Х.Муртазалиева, М.Матуженко нар байсан боловч Гантуяа тэдэнд ганц ч оноо алдсангүй. Бас эхний тойрогтоо дэлхийн аварга С.Цэрэнчимэдийг ялж үзэгчдийн суудалд шилжүүлсэн юм. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Д.Отгонцэцэг мөнгө, 55 кг-д А.Батцэцэг, 75 кг-д Ц.Баярзаяа нар хүрэл медалийн эзэн болов. Ингэснээр Монголын эмэгтэйчүүдийн баг хүчтэй гэдгийг харуулсан гэж болно. Харин эрэгтэйчүүдээс хамгийн хүнд жинд зодоглосон Н.Золбоо хүрэл медалийн болзол хангаснаар бусдынхаа нүүрийг тахлав. Ерөнхий дүнгээс нь харвал энэ удаагийн тэмцээнд япон дөрөв, монгол хоёр алтан медаль авсан байна. Үлдсэн хоёр алтыг АНУ, Киргызстаны баг нэг нэгээр нь авчээ.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих