Чимээгүй хүчирхийлэгчдийг шийтгэх хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ!

7440

Өнөөдрөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Монгол Улс даяар мөрдөж эхлэх юм. 90 гаруй эмэгтэйн амийг 6 жилийн дотор аваад  явсан ХҮЧИРХИЙЛЭЛ-ийг шийдэх хууль өнгөрсөн оны сүүлийн сард дахиад  чуулганаар орохдоо нийгмийн анхаарлыг ихээр татаж байсан. “Өрнийн соёлын хуулбар, дорнын соёлтой ард түмэнд огт таарахгүй, тунхаглал төдий хууль” гэсэн тодорхойлолтыг А.Сүхбат гишүүнээс эхлээд өгч байсан нь дуулиан тарьсан гэхэд болно.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 2004 онд батлагдаж, өнгөрсөн 12 жилийн хугацаанд хэрэглэгдээгүй цаас болон хоцорсныг өмнөх парламент дахь эмэгтэй гишүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн шинэчлэн найруулж, батлуулаад байсан. Хаалттай хаалганы цаана үйлдэгддэг хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсооход маш их хүндрэлтэй байсан гэдгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн хэлж байсан билээ. Харин  ээлжит бус чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсантай холбоотойгоор дагалдах таван хуулийг хууль санаачлагчид буцаасны нэг нь  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байсан. Энэ нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. За тэгээд дараа нь Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд нь ашгүй нэг дахин хуульчлах нь гэсэн хүлээлт үүссэн юм. Түүнчлэн хууль ямартай ч батлагдсан.

Хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан” гэж байв.

Тэгвэл хуульд  тусгасан үзэл санаануудаас тоймлон хүргэхэд,  Гэр бүлийн хүчирхийллийг ерөөсөө гаргахгүй байхыг чухалчилжээ. Нийгэм өөрөө соён гэгээрүүлэх чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ, иргэд ямар эрхтэй вэ, миний эрхийг зөрчвөл хүчирхийлэл мөн үү, би ямар үйлдэл бусдын эрхийг зөрчих вэ гэдгийг цэцэрлэгээс нь эхлээд заадаг байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулдаг байх ёстой гэж тусгасан байна. Мөн Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэхийг чухалчилжээ. Гэр бүлийн хүчирхийллийн эргэн тойронд байгаа хүмүүс хор хөнөөл аюулыг нь мэддэг, мэдээлдэг, зайлшгүй тохиолдолд үүрэг хүлээдэг байх ёстой аж. Насанд хүрээгүй хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэд хүчирхийлэлд өртсөн байвал тэдний үүргийг бусад иргэд гүйцэтгэх ёстой аж. Учир нь тэд өөрсдөө мэдээлж чаддаггүй. За мөн Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг дахин өртүүлэхгүйн тулд тодорхой хэмжээний үйлчилгээнүүдийг төрөөс үзүүлнэ. Өмнөх хуулинд энэ үйлчилгээнүүдийг заасан байдаг ч хэн ямар журмаар ямар хүрээнд юу үзүүлэх вэ гэдэг зааг ялгаа тодорхойгүй байсан. Харин шинэ хуулиар бүгдийг нь тодорхой тусгаж, зохицуулсан байна.

2004 оны хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хуулийг зөрчил эсвэл иргэний маргаантай адилтгаж үздэг байсан билээ. Хариуцлагын асуудлыг эрх хязгаарлах арга хэмжээ буюу хохирогчтой уулзахгүй байх эсвэл тусдаа амьдрахыг даалгадаг зэрэг зургаан төрлийн арга хэмжээ авдаг байсан. Тэгвэл энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихэд бэрхшээлтэй, тэр бүр хэрэгждэггүй байсан байна. Харин шинэ хуулийг дагаад Эрүүгийн хууль, захиргааны хариуцлагын хуульд өөрчлөлт ороод байгаа юм. Гэр бүлийн гишүүнийхээ эрх, эрх чөлөөнд халдсан, тодорхой эд хөрөнгө, захиран зарцуулах эрхэд нь халдсан, бие мах бодид халдсан үйлдлүүдийг гурав буюу түүнээс дээш байнга үйлдсэн бол гэмт хэрэгт, нэг удаа ч юм уу бие махбодид нь хохирол учруулахгүйгээр халдсан бол зөрчилд тооцож байгаа юм байна.

За мөн шинэ хуулиар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх гэдэг ойлголтыг бие мах бодийн, сэтгэл санааны, эд хөрөнгийн, дарамт зовиур байнга учруулсан хүнд хариуцлага хүлээлгэх хамгийн эхний эрхзүйн орчинг захиргааны хариуцлагын тухай хуулиар тодорхойлно гэж тусгажээ.  Эхний тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлах шийтгэл оногдуулахаар заажээ. Мөн баривчлах шийтгэлийг дагалдаж, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг мөн энэ хуулин дээр тодорхойлсон байна. Хүчирхийллийг удаа дараа үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар зохицуулна. Тодруулбал, гурав ба түүнээс дээш удаа гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна. Захиргааны хариуцлагын хуулийн дагуу 7-30 хоног баривчилна гэж заажээ.

6 бүлэг 47 зүйлтэй  энэ  хуулийн зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход чиглэгдэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох чиглэлээр өргөжүүлэн томъёолсон гэдгийг хууль батлагчид хэлж буй.

Энэ хууль батлагдснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болно гэж үзэж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт УИХ-ын даргад хэлсэн байгаа.

Тэгвэл өнөөдрөөс хууль хэрэгжиж эхэлж байна. Хүчирхийлэл дарамтад байдаг мянга мянган хүнийг хамгаалсан хууль байгаасай, иргэн бүр энэ хуулийг дагаж мөрдөөсэй гэж хүсч байна.

Эх сурвалж. Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих