Араг яснууд амь орох уу

Их хотын А зэрэглэлийн бүсэд хэдэн арван жилийг элээсэн зангидсан караказууд энд тэндгүй хөглөрнө. Хоёр нүдийг нь ухаад авчихсан ч юм шиг барилгуудад хааяахан хар хэрээ сууж, гуаглах нь хэний ч жихүүдсийг хүргэмээр аж.

 7449

Ойр орчмынх нь газар ч барилгаа дагаад бас л хуучирч архины шил, элдэв хог, тоос, шороонд дарагдана. Одоо энэ барилга руу хэрээнээс өөр хэн ч тоож орохоо больжээ… Яг л ийм үеэ өнгөрөөсөн хэзээ мөдгүй нурах шахсан баригдаж дуусаагүй  барилгын караказууд  хотын өнгө үзэмжийг гутаасаар.

Нэг хэсэг хуучны балгас болсон барилгыг  нийслэлийн удирдлагууд дуудлага худалдаагаар зарсан хэдий ч худалдаж авсан эзэд нь одоо болтол хуучин барилгыг сэргээн засварлаж,  ашиглаагүй байгаа. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аа хотын төвд байрлалтай балгас болсон  барилгыг онцлон бэлтгэлээ.

НИЙСЛЭЛД АВЧ Ч, ХАЯЖ Ч БОЛДОГГҮЙ 20 ГАРУЙ БАЛГАС БИЙ

Гэхдээ энэ тоо зөвхөн баригдаж дуусалгүй зангидсан караказ хэвээр хэдэн арван жилийг элээсэн гэдгийг юун түрүүнд онцлон хэлье. Манай оронд 1930-аад оноос эхэлж, анхны аж үйлдвэрийн комбинат баригдсан бөгөөд үүнийг дагаж иргэн үйлдвэрийн барилгууд шил шилээ даган баригджээ. 1960-1970 оны үед Улаанбаатар хотын төв 40, 50 мянгат, Энхтайваны гүүр, УИД, орон сууц, үйлчилгээний барилгуудыг барьсан.

1970-аад оны сүүл, 80-аад оны дунд үед 3, 4-р хороолол, 19-р хороолол, Сансар зэрэг орон сууцны хорооллууд цэцэрлэг, эмнэлэг, сургууль, үйлчилгээний төвүүдтэй цогцолбороор баригдаж эхэлсэн. Харин  2000 оноос 9-12 давхар цутгамал араг бүтээцтэй барилгууд,  2010 оноос 16-аас дээш давхартай цутгамал төмөр бетон араг бүтээцтэй барилгууд, металл хийцтэй олон давхар орон сууц, олон нийтийн барилгууд баригдаж өнөөгийн их хотын өнгө үзэмжийг тодорхойлох болсон.

Гэсэн ч, сүүлийн жилүүдэд  санхүүжилтгүй гэх шалтгаанаар энд тэндгүй баригдаж дуусаагүй барилгын араг яснууд хөглөрөх болсон нь XXI зууны хөгжиж буй орны нийслэлийн өнгө үзэмжийг гутаах болов.

“Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы “сүнс”-тэй гэгдэх “Хангай” зочид буудлын балгасаас эхлээд “Гацуурт” компанийн 13 давхар барилгын караказ эсвэл аль хэдийнэ актлагдсан ч, эдүгээг хүртэл нурааж шинэ барилга бариагүй “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэр гээд их хотын төвийн бүсэд энд тэндгүй л арматур зангидсан араг яснууд хөглөрнө.

Караказ нь боссон ч, эдүгээ хүртэл барилга нь бүрэн баригдаж дуусаагүй байгаа барилга нийслэлд хэд орчим байгааг сонирхон манай сурвалжлах баг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрыг зорилоо. Улмаар Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяатай уулзан дээрх асуудлыг тодруулахад, “Караказ нь босчихсон атлаа гүйцэд дуусалгүй олон жил болж буй барилга 20 гаруй бий.

Бүгд л барилгын ажлаа дөнгөж эхлүүлэх үедээ Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас албан ёсны зөвшөөрөл гаргуулж, эскиз зургаа батлуулсан байдаг. Гэвч явцын дунд захиалагч, гүйцэтгэгчийн төлбөр тооцооны асуудлаас болоод зогсчихсон байх тохиолдол бий. Мөн ямар нэг байдлаар ус, цахилгаанаар хангаж, чадахгүй болох гэх мэт техникийн нөхцөлөөс болоод ажил нь зогсчихсон барилгууд ч байна” гэлээ.

Түүнчлэн, тэдгээр барилга нь тухайн иргэний хувийн өмч учир төрийн байгууллага төдийлөн хөндлөнгөөс нь оролцох боломж байхгүй гэдгийг холбогдох албаныхан учирлаж байсан юм.

20 ГАРУЙ  ЖИЛИЙГ ЭЛЭЭСЭН “СҮНС”-ТЭЙ ЗОЧИД БУУДАЛ

Барилга нь сүндэрлэн боссон атлаа эдүгээг хүртэл ашиглалтад оролгүй балгас болсон барилгын нэг нь яах аргагүй нийслэлчүүдэд танил дасал болсон “сүнстэй” гэгдэх  “Хангай” зочид буудал. Зочид буудлын барилга эдүгээ балгас болсон ч, загвар хийцийн хувьд гологдохооргүй. 1982 оны үед баригдсан уг буудлыг ердөө аравхан жил ашигласан гэдэг.Тухайн үедээ орос, польш, чех, болгар, германууд буудалладаг ёстой л манайхны өмнөө барьж, нүүрээ тахалдаг байсан зочид буудлын нэг байжээ.

Тэр үедээ хамгийн тансагт тооцдог байсан Румыны модон барилгуудаар иж бүрэн тохижуулж, Их дэлгүүрт өдөр шөнөгүй дугаарлан байж авдаг байсан 700-гийн орыг хэрэглэдэг байсан гэнэ. Гэтэл оросууд манайхаас гарч явсны дараа уг барилгын байж болох бүх зүйлийг нь тоноод дуусгасан гэх.

1990-ээд оны эхээр “Од” компанийн захирал О.Шийтэр түрээсэлж байгаад эргүүлэн төрд буцааж өгсний дараа 1998 онд  нийслэлийн удирдлагууд дуудлага худалдаагаар уг зочид буудлыг 600 сая төгрөгөөр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханд зарсан гэх яриа бий. Тэр үедээ л их мөнгө.  Харин одоо тус барилга нь тэр чигтээ балгас болж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх болсоор удаж байгаа юм.

Бүр сүнстэй гэх нэр ч зүүх болжээ. Уг нь “Хангай” зочид буудлын барилга загвар хийцийн хувьд гологдоод байхгүй бөгөөд орчин үеийн цаасан барилгуудтай харьцуулахад жинхэнэ чулуу хэмээн салбарын мэргэжилтнүүд ярьцгаадаг аж. Энэхүү буудлын балгас болсон  барилгыг “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан 2013 онд үйл ажиллагааных нь зөвшөөрлийг авч ашиглалтад оруулна гэж байсан ч одоо болтол золбин нохой, гудамжийнхны цуглаж, задгай бие засах газар болж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөөр байгаа юм.

Гэхдээ буудлын балгасыг ийм олон  жилийн турш ашиглахгүй байгаа шалтгааны тухайд “Хувийн өмч” гэх ганц л хариулт байдаг. Б.Жаргалсайхан өөрөө ч “Хувийн өмчөө хэрхэн засч сайжруулах, ашиглах эсэх нь бусдад хамаагүй” гэх байдлаар асуудалд хандаж ирсэн байх юм. Төрийн байгууллагуудын хувьд хүний хувийн өмчид хандах эрхгүй учраас өмчөө хотын өнгө үзэмжид нийцүүлэн засч сайжруулахыг шаардахаас хэтэрдэггүй байна. Харин санхүүжилт, хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн балгас болсон энэ мэт барилгыг  ашиглалтад оруулдаг ч үгүй, нураадаг ч үгүй бололтой.

ХЭВЛЭХ ҮЙЛДВЭРИЙН БАЛГАС ТӨРИЙН ОРДОНТОЙ ХАЯА НИЙЛНЭ

Гэрэл зургийг mpa.mn

Талын Монгол Улсад аялж, ажиллахаар хүрэлцэн ирсэн гадаадын жуулчид, аль эсвэл хөдөө орон нутгаас нийслэлд анх удаа хөл тавьж буй иргэдийн хамгийн түрүүнд очдог газар нь Сүхбаатарын талбай. Сүхбаатарын талбайн хоймор хэсэгт Эзэн Чингис хааны хөшөө бүхий Төрийн ордон байрлах билээ.

Үндэсний хэмжээний баяр наадам, томоохон үйл ажиллагаа ч Сүхбаатарын талбайд зохион байгуулагддаг. Гэтэл Төрийн ордны зүүн талд хэдий томоохон хэмжээтэй сурталчилгааны самбаруудаар далдалдаг ч, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгын балгас дүнхийж харагддаг.

Нийслэлийн төв талбай, тэр дундаа Төрийн ордонтой хаяа дэрлэн “нүдийг нь ухаад хаясан мэт” улаан тоосгон балгас донхойж харагдсаар мөн л хэдэн арван жилийн нүүрийг үзсэн байх юм.  1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5,244 м2 талбай бүхий хоёр давхар энэхүү барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсны улмаас НИТХ-ын 2013 оны 13/48 дугаар тогтоол, нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор барилгыг  нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн байдаг.

Дуудлага худалдаа ч 2015 оны нэгдүгээр сард зохион байгуулагдаж, Абдул Карим гэгч 24 тэрбум төгрөгөөр үнэ цохиж авсан удаатай. Гэсэн ч, түүний дараагаас эхлээд А.Каримыг тойрсон хэл ам тасраагүй юм. Эцэстээ балгас болсон барилгыг 24 тэрбумаар худалдаж авах хүсэлтээ цуцлахаа мэдэгдсэн байдаг.

Ингэснээр “Таван богд” ХХК 23 тэрбум төгрөгөөр хэвлэх үйлдвэрийн балгасыг худалдан авах эрхтэй болсон юм. Тухайн үед тус компани хэвлэх үйлдвэрийн барилгыг сэргээн засварлаж, өмнөхтэй нь ижил барилга барина гэдгээ мэдэгдэж байлаа. Өөрөөр хэлбэл, Төрийн ордноос өндөр барилга барихгүй гэдгээ мэдэгдсэнийг зарим хэвлэл онцолж байсныг уншигчид санаж буй биз.

Улмаар АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хэвлэх үйлдвэрийн барилгыг буулгаж эхэлсэн байдаг ч, бүрэн буулгаагүй балгасыг хэвээр нь үлдээсэн. Ийнхүү үйлдвэрийн барилга одоо болтол сурталчилгааны самбарын ард халхлагдан нийслэлийн өнгө, үзэмжид сөргөөр нөлөөлсөөр байгаа юм.

Энэ талаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяагаас тодруулахад, “Тендерт шалгарсан компани барилгыг буулгаж, оронд нь шинээр батлагдсан зураг төслийн дагуу барилгаа барих ёстой. Тендерийн хуулиар хэрхэн зохицуулагдаж байгаа талаар мэдээлэл одоогоор манайд ирээгүй байна” гэлээ.

“ГАЦУУРТ”-ЫН 13 ДАВХАР БАРИЛГА

Барилгын караказ нь боссон ч,  ашиглалтад ороогүй удсаар буй орон сууцны  нэг нь “Гацуурт” ХХК-ийн 13 давхар барилга. Тус компанийн захирал Л.Чинбат нь 2002 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн нийтийн дуудлага худалдаанд оролцож, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2002 оны 165 дугаар тогтоолоор “Таско” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан 222.3 мкв талбай бүхий газрыг 53 сая  төгрөгөөр худалдаж авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2006 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар захирамжаар иргэн Л.Чинбатад СБД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 794м2 газрыг таван жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг.

Тус газар нь 805 дугаар Ус дамжуулах төв буюу ЦТП-ийн барилгын газар бөгөөд хувьчлагдаагүй байхад Улаанбаатар хотын Ерөнхий менежер удирдан хийсэн нэгдсэн уулзалтаар иргэн Л.Чинбат, тухай хорооны иргэдийн төлөөлөл болон холбогдох албаныхан байлцан 2001 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Барилга барих, зоорийн давхраас нийслэлийн  өмчид шилжүүлэх тухай” гурван талт гэрээг үндэслэн НЗД-ын 2001 оны дөрөвдүгээр сарын 07-ны захирамжаар СБД-ийн 6-р хороонд 0.043 га газарт үйлчилгээтэй, орон сууцны барилга барих зөвшөөрөл олгожээ.

Харин энэхүү захирамжуудыг тухайн хорооны оршин суугчид хууль бус гэж эсэргүүцэн удаа дараа нийслэлийн шүүхэд хандаж, хотын төвд, орон сууцны дундах талбайд барилгын норм, стандартыг зөрчин баригдаж эхэлсэн энэ барилгад холбогдох нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхгүй байх, ямар нэгэн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулахгүй байх хүртэл хориглосон шүүхийн шийдвэр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гаргаж байсан байна.

Мөн иргэн Л.Чинбат нь  барилгын зураг төслийг улсын экспертизийн албаар хянуулаагүй хэр нь 2011 оны 08 сард барилгын газар шорооны ажлыг эхлүүлснийг НМХГ-аас шалгаж зөрчил арилгуулах тухай акт тогтоож, хоёр  дахь шалгалтаар 13-р давхрын караказ цутгалтын ажил хийгдэж байсан тул барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг мөн тогтоосон байдаг аж. Ямартай ч, энэ мэтээр оршин суугчдын гомдол, барилгын норм стандартыг зөрчсөн гэх шалтгаанаар 13 давхар барилга эдүгээ ч бүрэн баригдаж, ашиглалтад оролгүй царцсан байдалтай байгаа юм.

ИХЭНХ БАРИЛГА САНХҮҮЖИЛТГҮЙН УЛМААС ЗОГСДОГ ГЭНЭ

Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяагийн хэлж буйгаар барилгууд хэд хэдэн шалтгааны улмаас царцдаг гэнэ. Гэхдээ дийлэнх нь санхүүжилт хийгээд захиалагч, гүйцэтгэгчийн төлбөр тооцооны асуудлаас үүдэн  хэдэн арван жилийн турш гацсан байдаг бол зарим нь  ус, цахилгаанаар хангаж чадахгүй болох гэх мэт техникийн нөхцөлөөс шалтгаалдаг гэдгийг албаныхан хэлж байсан юм.

Ямартай ч, бидний дээр дурдсан гурван төрлийн балгас болсон барилга их хотын өнгө үзэмжийг гутааж буй 20 гаруй барилгын зөвхөн хэдхэн жишээ нь гэдгийг энд дурдах нь илүүц биз. Төрийн байгууллагын зүгээс “Барилгаа хурдан барь” гэх шаардлага тавих эрх байдаггүй учраас  тухайн газрыг ашиглах болон эзэмших гээд ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулах эрх авсан этгээд тэнд юу хийх, хэр хугацаа зарцуулан байж барилгаа босгох гэх мэт нь  тэдний дурын л  хэрэг байдаг бололтой.

Гэхдээ эцсийн дүндээ энэ мэт асуудлыг шийдвэрлэхгүй л бол хотын өнгө үзэмж, цаашлаад  ашиглаж ч болдоггүй, нурааж ч болдоггүй эдгээр балгасууд нурж,  хүний амь эрсдэхгүй гэсэн баталгаа алга.

Н.БАТЗАЯА, МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих