Европын хямралын ачаар юанийн хаанчлал хүрээгээ тэлнэ

4Ху Жинтао Европыг аварч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тэрбээр “Хятад улс ямар ч эргэлзээгүйгээр Евро бүсийн хямралыг арилгахад голлох үүрэгтэй оролцох болно” хэмээн уржигдар мэдэгджээ. Бэлэн мөнгөөр баян Хятадын Засгийн газар Европын Засгийн газрын бондыг худалдаж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэх­дээ европчуудын тавьсан хүсэлт ёсоор бол бүс нутгийн Санхүүгийн тогтвортой байдлын санд тодорхой хэмжээний мөнгө “хандивлах” бо­лолтой. Европын Санхүүгийн тогт­вортой байдлын сангийн тэргүүн Клаус Реглинг өнгөрсөн долоо хоногт Хятадаас дэмжлэг хүсэхийн зэрэгцээ хэрэв тэд хүсвэл юаниар нэрлэсэн бонд гаргаж болно гэжээ. Бүгдийг Хятадын Засгийн газрын таалалд нийцүүлэн өөрчилснөөр юанийн хаанчлал хүрээгээ тэлэх бололтой.

Харин Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг “Хятадын Засгийн газар Европт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байна. Ингэсэн тохиолдолд евро, Европ аль, алиныг нь аварч чадна” хэмээн мэдээлсэн байна. Зөвхөн Хятад гэлтгүй, Япон ч Евро бүсэд туслахаа амласан. Гэхдээ Хятадаас ялгаатай нь тус улс бэлэн мөнгөний хөрөнгө оруулалт хийхээс илүү бонд худалдан авах сонирхолтой байгаа юм. Ямартай ч Хятадын компаниуд Грек рүү хошуурцгаах нь. Магадгүй энэ янзаараа бол ойрын гурван жилд Европын хямралыг арилгаж болох юм. Гэхдээ энэ нь Хятадын эдийн засгийг эргээд эрсдэлд оруулж мэднэ. Инфляциас болж эдийн засгаа хөргөх бодлого баримталж байгаа Хятадын Засгийн газар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийг долоон хувьд хүргэхийг хичээх болсон. Одоогийн байдлаар тус улсын эдийн засгийн үзүүлэлт 9.1 хувьтай байгаа. Нийт 1.3 тэрбум хүн амтай Хятадад баян, ядуугийн ялгаа улам бүр ихсэх болсон нь эрх баригчдынх нь санааг хамгийн их зовоож байна. Ийм үед Европт туслахаар шийдсэнд дургүйцсэн олон хүн Хятадын Засгийн газрын албаны сайтад бухимдлаа илэрхийлсэн тухай “Нью-Йорк таймс” сонин мэдээлжээ. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Хятад улс Испани, Грек, Италиас хэд дахин бага. Эдгээр улстай харьцуулахад бүр нэн ядуудаа орох улс. Тиймээс иргэд нь хаалттай нийгмийн цензурийг сөрөн байж, Засгийн газраа шүүмжилж байгаа бололтой. Брюссель дэх Орчин цагийн Хятад судлалын институтын судалгааны төвийн тэргүүн Жонатан Холслаг “Хятадын Коммунист нам Европ руу их хэмжээний мөнгө гаргахаар болсон нь тус улсын олон нийтийн санаа бодолд хүчтэй нөлөөлж, маш их шүүмжлэлд өртөж байна” хэмээн дүгнэжээ.

Гэхдээ Европт тусламжийн гараа сунгавал олон улсын тавцанд Хятадын хүч, нөлөө асар хурдацтай өсөх юм. Бүр АНУ-г ч бут цохино гэсэн үг. Энэ бол байнга тохиолдоод байдаггүй боломж. Түүнчлэн Ев­ропын зах зээлд бүхэлд нь ноёрхлоо тогтоож чадна. Европ Хятадын экспортын бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч учраас энэ нь ч Хятадад ашигтай. Өмнө нь 1989 онд Бээжингийн төв талбайд болсон цуст яргаллаас хойш АНУ, Европ дуу хоолойгоо нэгтгэн Хятадыг шүүмжлэх болсон. АНУ-ын Конг­ресс Хятадын юанийн ханшийг буулгах зорилгоор тус улсын бараа, бүтээгдэхүүнд хориг тавих хуулийн заалт хүртэл боловсруулж байгаа. Ийм үед бэлэн мөнгөний мөрөөсөл болсон европчуудтай түншлэх нь Хятадад ашигтай юм.

Одоогийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3.2 их наяд ам.долларт хүрсэн. Саяхны нэгэн албан мэдээнд дурьдсанаар бол 2009, 2010 онд Хятадын томоохон хоёр банк Дэлхийн банкнаас ч их хэмжээний зээл гаргажээ. Үүний үр дүнд хаа байсан Африкийн орнуудаас эхлээд дэлхийн олон улсын эдийн засаг Хятадаас тодорхой хэмжээнд хараат болсон тухай “Форбес” сэтгүүлд онцолсон юм. Зүүн Азийн орнуудад хийж буй Хятадын хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн. Энэ бүс нутгийн худалдааг юаниар хийдэг болсон нь үүнийг нотолж байна. Хятадын эрх баригчид Оросын талтай хийх худалдаагаа ч мөн адил юаниар хийх болсон юм. Харин одоо үүн дээр Европ нэмэгдэх нь.

Хятадын Засгийн газрын хоёр ажилтны ярицлага дээр үндэслэн тус улс Евро бүсийн Санхүүгийн тогтвортой байдлын санд хөрөнгө хандивлах сонирхолтой байгаа тухай “Financial Times” сонин мэдээлсэн. Ингэхийн тулд Европын холбооны удирдагчдад тодорхой болзол тавих нь мэдээж юм. Европчууд хөрөнгө оруулалт олж авахын тулд Бээжингийн юанийн бодлогыг шүүмжлэхээ болих хэрэгтэй гэх зэргээр Вэнь Зябаогийн шаардлагууд хөвөрнө. Бүр цаашилбал, Европтой хийх худалдаандаа юанийг ашиглаж эхлэх сонирхолтой байгаагаа ил тод зарлах магадлалтай хэмээн “Форбес” сэтгүүл онцолжээ. Бодит байдал дээрээ Хятад улс албан ёсоор зарлаагүй л болохоос биш еврогийн тогтвортой байдлыг хангахын тул хэдийнэ хөдлөөд эхэлчихсэн. Өнгөрсөн 15 сарын турш Европын орнуудад хямрал ид үргэлжилсэн. Энэ үед еврогийн ханш ам.долларын эсрэг 18 хувиар чангарчээ. Хятад тусалсны ачаар тэр юм. Сүүлийн үед гаргасан Хятадын албаны төлөөлөгчдийн мэдэгдэлд “Бид Евро бүсийн тогтвортой байдлыг  хангахын тулд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно” гэх аж. Европын эдийн засгийн тогтвортой байдал угаасаа Хятадад хамааралтай учраас тэд ийм алхам хийхэд хүрсэн хэмээн тайлбарлаж болно. АНУ-ын иргэдийн хэрэглээ буурч, орон сууцны зах зээлийн худалдаа багасч байгаа энэ үед Европын эрэлт нэмэгдэхгүй бол юу болох вэ. Тиймээс Европ хямралаас гарах эсэхээс дэлхийн эдийн засаг хамаарч байна гэсэн үг юм.

Ямартай ч юанийн хаанчлал хүрээгээ тэлж, Хятад олон улсын тавцан дахь эдийн засаг төдийгүй, улс төрийн хувьд ч хүчтэй тоглогч болох нь. Харин уурлаж бухимдсан иргэдийнхээ эсэргүүцлийг хаалттай коммунист тогтолцоо хэр удаан барьж чадахыг мэдэхгүй юм. Саяхан Хятадын Коммунист нам дотоодын телевизүүдийн энтертайнмент нэвт­рүүлгийн цагийг багасгахаар болс­ноо мэдэгдсэн. Үр ашиггүй нэвтрүүлгүүд олон цагаар гарч, ард түмнийх нь тархийг угааж байгаа болохоор тэр гэнэ. Түүний оронд хүмүүст шинэ мэдээлэл өгөх сайхан, сайхан зүйлс зөндөө байна шүү дээ гэх. Өөрөөр хэлбэл, суртал ухуулгын нэвтрүүлгүүдийнхээ тоог нэмэхээр шийдсэн бололтой.

Т.Элиса

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин


URL:

Сэтгэгдэл бичих