Геронтологийн гэх тодотголтой царцаасан барилгыг хэзээ гэсгээх вэ?

ca3390d1fbcdf666bigАхмадуудын насжилт, хөгшрөлтийг судалдаг Геронтологийн үндэсний төв 100 айл дахь хоёр давхар саарал барилгын нзгээхэн буланд үүдээ нээгээд 10 гаруй жил болжээ. Нурж унах шахсан барилгын хаалгаар өдөрт 20 гаруйхан хөгшин орж гарахаас бусдаар хөл хөдөлгөөн багатай гэж харагдахаар. Шинжлэх ухаан болон нийгмийн зарим хэсэгт ихээхэн ач холбогдол үзүүлэх байгууллага хэмээн одоогоос хэдэн жилийн өмнө тус төвийн барилгыг шинэчлэх ажлыг Эрүүл мэндийн яамнаас эхлүүлсэн юм. Гэтэл хүүхэд, хөгшдийн гэх тодотголтой бүхэн бүгдийн ард гээгддэгийн жишгээр 2011 онд эхлүүлсэн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга мөн л царцаасан барилгын жагсаалтад бүртгэгджээ. Тиймээс дээрх төвийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байгааг Статистик, төлөвлөлтийн албаны дарга Ц.Отгоонбаяраас тодрууллаа.

-Танай байгууллагын барилгын ажил зогсоод багагүй хугацаа өнгөрлөө. Иргэдийн хувьд ч танай байгууллагын талаарх мэдээлэл хомс байдаг. Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаа тоггвортой байснаар Монгол Улсад ямар ашигтай юм бэ?

-Ахмадуудын насжилт, хөгшрөлтийг судалдаг шинжлэх ухааныг геронтологи гэдэг. Манай улсад 10 гаруйхан жилийн өмнөөс хөгжсөн учраас залуу шинжлэх ухаан гэж харагддаг юм. Энэ утгаараа иргэд тэр бүр мэддэггүй. Угтаа бол дэлхийн бүх улсад ийм төв үйл ажиллагаа явуулдаг. Тэд ахмадуудтайгаа ойр байж, нийгэмтэйгээ хөл нийлүүлж алхахад нь тусалдаг учир иргэдийнх нь насжилт өндөр байдаг. Гэтэл манай улсын дундаж наслалт хэд билээ. Тэтгэвэрт гарахаас нэг жилийн өмнөөс Та тэтгэвэртээ гарна шүү” гэж дарамталдаг. Тэтгэвэрт гарангуут “Та гэртээ зүгээр суухаар хүүхэд хар” гэж хүүхдүүд нь дарамталдаг. Олонтойгоо бужигнаж явсан хүн гэв гэнэт гэрийн мухар сахисан хүүхэд асрагч болохоор сэтгэл санааны гутралд орно биз дээ. Дагаад бие нь муудна. Нөгөөтэйгүүр жил ирэх тусам төрөлт багасч, ургийн эндэгдэл нэмэгдлээ. Үүнийг дагаад дунд эргэм насны иргэдийн тоо нэмэгдэж, хөдөлмөрийн насны иргэдийн тоо автоматаар буурч байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтэд төдийгүй манай улсад ахмад настны тоо хурдацтай өсөж байна. Манай улсын ахмад настны тоо 2015 оны байдлаар 244 мянга байсан бол энэ тоо 2030 он гэхэд 536 мянга болж нийт хүн амын 15 орчим хувийг эзэлнэ гэсэн судалгаа бий.

Хөгшин Европ гэж бид ярьдаг шүү дээ. Үүнтэй адил манай улсад хөдөлмөр эрхлэх насныхан 2030 он гэхэд эрс цөөрнө гэсэн үг. Тиймээс л дунд эргэм насныханд хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ гэдэгт бид дэмжлэг үзүүлж ажилладаг. Хэрвээ эдгээр иргэдийг зөнд нь орхичихвол өвчин тоочсон тэтгэврийн насныхан улсад дарамт үзүүлэх сөрөг талтай. Үүнээс сэргийлж ажиллах нь манай төвийн үндсэн ажил юм. Тиймээс үүнд чиглэсэн насжилт судлал, настны эмгэг судлалын мэргэшсэн тусламж үйлчилгээний чанарыг улам сайжруулах, салбарын хөгжлийг өндөр хөгжилтэй орны төвшинд хүргэн ажиллахын тулд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах сэргээн засах эмнэлэгтэй болох, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг явуулах лабораторитой болох, настны чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтний тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэж байж тэтгэврийн насныхан гээд улсдаа дарамт үзүүлдэг бус дэм болдог иргэдтэй болох юм.

-Иргэдэд хүрч ажиллаж чадаж байна уу. Жишээлбэл, алслагдсан сум, багаас эхлээд Батсүмбэрийн асрамжийн газарт гэхэд энэ талын тусламж дэмжлэг үгүйлсэн хөгшид маш олон бий шүү дээ.

-Манай төвөөс настангуудад зориулсан дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын жорыг боловсруулж, 21 аймаг болон бүх дүүргийн эмнэлгийн эмч, ажилтныг сургалтад хамруулдаг. Манай төв бүх дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт ахмадын кабинеттай. Үүгээрээ дамжуулж энэ ажлыг зохион байгуулдаг. Мөн зөвхөн манай төвд олон мэргэжлийн эмч бий. Энэ нь хэвтрийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд гэрээр үйлчилгээ үзүүлдэг. Жилдээ 600 орчим иргэнд хүрч үйлчилдэг гэхээр хамрах хүрээ хэр өргөн байгаа нь харагдах болов уу. Суманд ч ялгаагүй. Улсын баруун, зүүн, хойд, урд чиглэлийн бүх эмч цаашлаад жолоочийг нь хүртэл энэ сургалтад хамруулдаг.

-Бусад эмнэлгийн байгууллагыг бодвол ачаалал харьцангуй бага санагдлаа. Одоогийн ашиглаж байгаа 500 гаруй ам.метр талбай танай байгууллагад хангалттай юм биш үү. Заавал улсаас мөнгө зарж, эмнэлэг барих шаардлага бий гэж үү?

-Найман кабинетаар өдөрт 30 гаруй иргэнд үйлчилдэг гээд үзвэл ачаалал бага санагдах нь зөв. Гэхдээ настай хүн, залуу хүн хоёрт эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Бусад эмнэлэгт нэг хүнийг үзэхэд 20 минут шаардлагатай бол энд хоёр дахин хугацаа шаарддаг. Настай хүн ганцаараа ирж чадахгүй. Тиймээс нэгээс хоёр хүн дагалддаг. Ярьсан юм аа мартахаас эхлээд үзлэг хийхэд их хугацаа ордог. Удаан суусан хөгшдийн даралт байнга ихэсдэг гээд тоочвол хүндрэл их бий. Уг нь шинэ барилга ашиглалтад орвол хэдэн хөгшдөд маань хэрэгтэй юм. Ядаж л хэвтэж эмчлүүлэх боломж бүрдэнэ. Хэдий найман кабинетаар үйлчилж байгаа ч цаана нь шаардлагатай зөндөө үйлчилгээ бий гэдгийг ойлгох хэрэггэй.

Тус төвийн одоо үйл ажиллагаа явуулж буй барилгын суурийг 1950-иад онд тавьжээ. Ингээд хожим Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн үйлчилгээний II төв байх үед Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай хоёр давхрынх нь өрөөнүүдийг тухайн үед түрээслэгч хувийн эмнэлгүүдзд хувшилж өгсөн байна. Л.Гүндалай хувийн эмнэлгүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа дээрх хувьчлалыг хувийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжих гэсэн уриа лоозонгоор ийнхүү эвтэйхэн аргалсан байдаг. Үүнээс хойш үлдсэн 16 өрөөндөө Генронтологийн үндэсний төвийнхөн өдөр хоногийг аргацаан өнгөрөөхөөс аргагүй болжээ. Ингээд барилга нурж унах дөхөж, шинэ барилгын сураг дуулдаад сураг алдсарсан байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдээс тодруулах гэсэн боловч хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй, хангалттай мэдээлэл алга хэмээн мэдээлэл өгөхөөс тагггалзсан юм.

Харин Барилгын хөгжлийн төвөөс тодруулахад “Эрүүл мэндийн яамнаас холбогдох бичиг баримтыг ирүүлээгүй байна. Тун удахгүй ажлын хэсэг байгуулж, хуралдахаар болсон. Эндээс захиалагч, гүйцэтгэгчийн ажлыг хянан шалгаж, барилгын ажлыг гүйцээж барихад хэдэн төгрөгийн төсөв шаардлагатайг нарийвчлан тогтооно” гэсэн юм. Барилгын гүйцэтгэл нь 50 хувь хиигдсэн дээрх эмнэлгийн барилга уг нь дөрвөн блоктой баригдахаар анх зураг төсөл нь батлагдсан байдаг. Гэтэл гурван блокийн тендер зарлагдаж, үүнээс Б блокийн хананы дүүргэлт хийгдсэн. Үлдсэн хоёр блокны карказ боссон байдалтайгаар өнөөдрийг хүрээд байна. Дээр хэлсэнчлэн хүүхэд, хөгшдийн тодотголтой бүхэнд төр засзг хойш суудаг. Тэр дундаа энэ бүхнийг бодлогын хувьд зангидаж, нэгдсэн удирдлагаар хангах ёстой Эрүүл мэндийн яамны удирдлагууд хэт улстөржиж, хэрхэхээ шийдэж чадахгүй сууна. Генронтологийн төвийн барилгын ажилд зориулж энэ жилийн төсөвтөө 300-хан сая төгрөг суулгасан нь үүнийг гэрчлэх биз ээ.

Г.НАЦАГ-ЭРДЭНЭ

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих