УИХ-ын дарга М.Энхболд сурагчдад талархал илэрхийлсэн захидал илгээв

14860123415892bfb52a6e7_7219886488УИХ-ын дарга М.Энхболдод Налайх дүүргийн “Хос-Уянга” сургуулийн 5-ын “А” ангийн сурагчид 10 гаруй захидал ирүүлжээ.

Сурагчид захидалдаа “Таныг шатрын спортыг үргэлж дэмждэг гэж сонссон. Улаанбаатарт шатрын клуб нээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Бид шатар тоглох дуртай. Манай Налайхад шатрын клуб байгуулж өгөөрэй. Миний мөрөөдөл том болоод хүнд тустай, нийгэмд хэрэгтэй хүн болох. Би эмч болохыг хүсдэг. Яагаад гэвэл эмч хүн хоёр ертөнцийг холбодог гүүр юм. Манай ангийнхан Солонгос Улсад аяллаар явсан. Тэнд хөгжил сайтай, үзэсгэлэнтэй, хог бараг байхгүй байсан. Бид Монгол Улсаа Солонгос орон шиг хөгжилтэй болгохын төлөө сайн суралцаж, шилдэг хүмүүс болно. Та эрүүл байж, эх орондоо ихийг бүтээгээрэй” гэхчлэн бичжээ. Сурагч Энхриймаа “Манай ангийнхан өнгөрсөн оны 11 дүгээр сард БНСУ-д очиж олон сайхан газраар явсан. Тэгж явахдаа онгоцны буудлаас хөгжил муу орны онгоцыг хамгийн сүүлд нисгэдгийг мэдсэн. Тэр онгоц нь манай Монголын онгоц байв. Монгол Улсын онгоцоо хамгийн урд нь гаргахын тулд таныг сайн ажиллана гэдэгт итгэж байна” гэж захидалдаа бичжээ.

Сурагчдын эдгээр захидлыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн аваад, нэг бүрчлэн уншсанаа илэрхийлж хариу талархал илэрхийлсэн захидал илгээлээ.

“Налайх дүүргийн “Хос-Уянга” сургуулийн 5-ын “А” ангийн сурагчдад гэж хаягласан захидалдаа “Эрхэм дүү нар аа. УИХ-ын дарга надад хаягласан баярын мэндчилгээ, талархлын үг,  гэгээн хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн захидалтай танилцлаа. Захидал бүрийг хичээнгүйлэн уншихдаа хичээл номдоо шамдан суралцахын зэрэгцээ төрөлх тосгон, орон нутаг, улс Монголынхоо ирээдүй хойчийн хөгжил дэвшлийг гэрэл гэгээтэйгээр төсөөлөн, бяцхан оюун тархиндаа эх орныхоо сайн иргэн нь болох хүсэл тэмүүлэл тээж яваа та нараараа бахархах сэтгэл төрж байна. Монголын минь ирээдүй гэрэлтэй сайхан байна… Эрхэм дүү нартаа хүсэл мөрөөдлөө биелүүлж, хөгжиж дэвшсэн сайхан эх орныхоо хүндтэй иргэд болох ерөөлийг бэлэгдье” гэж бичсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих