Ам.доллар, юанийн ханшийн уналт дотоодын үйлдвэрүүдийг боомилох нь

Томоохон уул уурхайн компаниуд ашиглалтад орж мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээс валютын ханш унажээ.

Түүнчлэн богино хугацааны валютын хөдөлгөөнийг таамаглахад бэрх байдаг аж. Өнөөдрийн валютын ханш маргааш яаж эргэхийг хэн ч мэдэхгүй. Тиймээс дор хаяж ойрын хоёр жилийн хэлбэлзлийг ажиглаж байж дүгнэлт гаргах хэрэгтэй аж. 2013 онд Оюутолгой компани албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна. Төгрөгийн ханш чангарвал экспорт алдагдал хүлээнэ. Энэ нь импортын компаниудад давуу талтай аж.

Манай уул уурхайн компаниуд ашиглалтад орсноор бид мөнгөгүй орчноос мөнгөтэй орчин руу шилжиж байна. Энэ нь Монголын эдийн засагт нэг талаар сайн үзүүлэлт боловч бид өөрсдөө төгрөгөө зөв зарцуулж чадахгүй бол доошоо унах магадлал өндөр. Ийм үед уул уурхайн салбараас орж ирж байгаа хөрөнгийг юунд зарцуулах нь хамгаас чухал хэмээн эдийн засагчид дүгнэж байна.

Эдийн засагч Б.Золбоо: Валютын ханш цаашид буурч магадгүй
Гадны хөрөнгө оруулалт, нүүрсний олборлолт нэмэгдсэнээс валютын ханш унаж байгаа гэж бодож байна. Тавантолгойн нүүрсний олборлолт 10 дугаар сараас ихэссэн энэ маягаараа валютын ханш буурна.

Эдийн засагч, доктор С.Авирмэд: Доллар хямдарч юань үнэд орно
Ямааны мах, ноолуур худалдаж авах гэж их хэмжээний юань орж ирж байгаа гэсэн сураг байна. Мөн Тавантолгойн нүүрсийг авах гэж банкаар болон бэлнээр доллар орж ирж байгаа. Дэлхийн хандлагаар доллар хямдарч, юань өсөх магадлалтай байна. Валютын ханш буурсан нь манай наймаачид болон иргэдэд ашигтай боловч Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг би хэлж мэдэхгүй.

Сүүлийн зургаан сар валютын ханш унажээ



Монгол банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хаан банкны валютын ханш зургаан сараас хойш тасралтгүй унасан үзүүлэлттэй байна./

Доктор Б.Баттөмөр: Манай эдийн засагт голланд өвчин тусахад бэлэн байна
Валютын ханшны инфляц Монголд байхгүй байна. Валютын ханш унаснаар экспортлогчдод сөргөөр, импортлогчдод сайнаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, манайд сөрөг, гадныханд эерэг үзүүлэлт болно гэсэн үг. Энэ байдал удаан үргэлжилвэл манай улсын эдийн засагт муугаар нөлөөлнө. Юань, доллар манайд их орж ирж байна. Хятадууд юанийг дэлхийд гаргахыг эрмэлзэх боллоо. Монгол улсын эрэлтээс илүү валют орж ирж байгаа нь сайн зүйл биш. Валютын энэ хэлбэрийг олон улсад “Голланд” өвчин гэж нэрлэдэг. Цаашид энэ хэвээр байвал уул уурхайгаас бусад дотоодын үйлдвэрүүд хаалгаа барих болно. Тавантолгойн нүүрсний борлуулалт ихэнхдээ юаниар хийгдэж байгаа. Энэ нь валютын ханшийг унагана.

Э.Анхцэцэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих