Иргэд нь таван өдөр жагссаны дараа Румыний засгийн газар шийдвэрээ цуцаллаа

Авлигын хэрэгтнүүдийг ялаас чөлөөлөх хуулиа эргүүлэн татах болсноо Румыний ерөнхий сайд Сорин Гриндяну өчигдөр зарлажээ. Засгийн газрын энэхүү маргаантай шийдвэрийг эсэргүүцсэн олон арван мянган Румыний иргэн өнгөрсөн Мягмар гарагаас эхлэн тав хоног гудамжинд тэмцэж байгаа юм.

 7542

Ерөнхий сайд телевизийн мэдэгдэлдээ “Би Румынийг хоёр хуваахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.

Бухарест хотын төвд өрнөсөн жагсаал нь зүүн Европын энэ улсад 1989 онд коммунист дэглэм нуран унаснаас хойш гарч байгаа иргэдийн хамгийн том тэмцэл юм.

Гриндяну бас авлигын хэрэгт шийтгүүлж байгаа олон тооны албан хаагчийг ялаас чөлөөлөх хуулийг боловсруулж, энэ тухай үнэн зөв мэдээллээр хангаагүй хууль зүйн сайд Флорин Иордаке хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.

Энэ сарын 10-нд хэрэгжиж эхлэх байсан авлигын шинэ хуулиар 200,000 лэй буюу $47,500-аас бага мөнгө үрэгдүүлсэн, авлигад авсан төрийн албан хаагчдыг гэмт хэргээс чөлөөлөхөөр байсан юм.

Шинэ хуулийг Мягмар гарагт засгийн газар дэмжсэний дараа иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, Лхагва гарагт 300,000 орчим хүн оролцсон жагсаал эхэлжээ.

Засгийн газар өөрийн шийдвэрийг шоронгийн ачааллыг бууруулах, үндсэн хуулийн зарим заалтад нийцүүлэх зорилготой гэж тайлбарлаж байв.

Харин иргэд үүнийг эрх баригчид өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ гэж үзэж байлаа.

Ийнхүү Румыний иргэдийн таван өдөр үргэлжилсэн тэмцэл ялалтаар өндөрлөлөө.

Эх сурвалж: BBC

Р.ТӨМӨР, IKON.MN


URL:

Нэр: Баатар Огноо: 7 February 2017

Монголчууд ингэж тэмцэж сурахсандаа. УИХ-ын гишууд хулгай хийнэ авилгал авна за тэгээд энэ бугдийгээ хийх явцпд баригдсан хамсаатнуудаа ардын хуухдууд шоронд зовж байна ершеелийн хуулиар суллах нэрийн дор суллаад авахад бид ингэх естой мэт арчаагуй ухэр царайлаад байж байхад айлын хуухдууд шууд босоод санаачилсаныг нь хамт зогсоох жишээтэй.

Сэтгэгдэл бичих