Хятадын эсрэг худалдааны хатуу бодлого

downloadХятадын асуудлаар Хятадын шилдэг мэргэжилтнүүд Бээжинтэй хийх худалдаанд Транпын хатуу байр суурийг дэмжсэн байна. Энэ асуудал тэнцвэргүй худалдааны харилцаанд өөрчлөлт хийх ёстой гэсэн Вашингтоны хандлагаас үүдэлтэй. Шинэ Ерөнхийлөгч дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд худалдааны хөнөөлтэй дайн үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол гараад буй өнөө үед АНУ-ын эрдэмтэд болон хуучин албаныхан ийм уриалга гаргалаа.

Мэргэжилтнүүд Хятадын протекционист, ойрын ашиг харсан бодлогын хариуд дипломат, аядуу харилцаа үр дүнд хүрээгүй учир АНУ-ыг хатуу алхам хийхэд хүргэлээ гэж үзэж байна. Энэхүү тайлангийн нэг зохиогч, Азийн нийгэмлэгийн Хятадын асуудлаар шинжээч Орвилл Шелл “Олон салбарт харилцааны тэнцвэр алдагдсан. Энэ нь худалдаа, хөрөнгө оруулалтад илт ажиглагдаж байгаа. Бид нуруугаа цэхлээд харилцан ашигтай, эн тэнцүү байх ёстой, үгүй бол үр дагавар гарна гэдгийг хэлэх ёстой” хэмээн ярив.

Шинэ тайлан Трампыг дэмжигчид болон Бээжингийн эсрэг хатуу бодлого барьдаг Ардчисан намынхны санаа бодлыг илэрхийлсэн юм. Хэдийгээр Трамп Хятадын бодлогыг эсэргүүцэгчдийг багтаа оруулсан авч одоог хүртэл шууд зөрчил үүсгэхээс сэрэмжилсэн хэвээр байгаа. 2016 оны үзүүлэлтээс харахад АНУ-ын Хятадтай хийсэн худалдааны алдагдал жаахан багасаж, 347 тэрбум ам.доллар болсон хэдий ч 763 тэрбумын хэмжээтэй нийт алдагдлын тал шахамыг эзэлжээ.
Гэхдээ дээрх тайланд Хятадын бараанд өндөр тариф ногдуулах шинэ захиргааны саналыг бүрэн дэмжээгүй юм.

Ноён Шелл Хятадын мөнгөн тэмдэгт тойрсон заль мэх гэгчийн талаар Ерөнхийлөгчийн түгшүүрийг төдий л хуваалцаагүй аж. Тэрбээр “Маргаантай асуудлыг өөр зүйлтэй хольж хутгах шаардлагагүй” хэмээв. Өнгөрсөн онд юанийн ам.доллартай харьцах ханш зургаан хувь буурсан бол энэ оны эхний сард нэг хувь дээшилсэн. Гэхдээ мэргэжилтнүүддотоод, гадаадын худалдааны журмыг чангатгахыг уриалж, Хятадыг гадаад хөрөнгө оруулалтад хаалттай салбаруудаа нээхийг шаардан шахалт үзүүлэх ёстой гэж үзэж байна. Ингэснээр Бээжин АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ харилцаанд шилжих ёстой гэнэ.

Ноён Трамп сурталчилгааныхаа явцад Хятадад хатуу бодлого тулгахаа амалсан бөгөөд түүний багт ч ийм үзэл бодолтой хүмүүс багтсан нь бизнесүүд болон зах зээлд болгоомжлол үүсг-сэн. Үндэсний худалдааны зөвлөлийн тэргүүн Питер Наварро урьд нь “Хятадаас шалтгаалсан үхэл” гэдэг ном бичиж, кино хийснээр нэрд гарсан хүн. Тэрбээр Трампын гол стратегич Стив Банноны адил эдийн засгийн үндсэрхэг үзэл баримталдаг. АНУ-ын худалдааны төлөөлөгчид нэр дэвшээд буй Роберт Лайтхайзер хэзээнээс Хятадын талаар хатуу байр суурьтай улстөрч бол Худалдааны сайдаар сонгог-доод байгаа Вилбур Росс түүний томилгоог хэлэлцэх үед “Хятад бол томоохон орнуудаас хамгийн протекционист орон” гэж хэлсэн билээ.

Конгресс дэх Бүгд найрамдах намын олонх Хятадтай худалдааны асуудлаар нарийн боловсруулсан, аажуу алхам хийх бодолтой байна. Тэд одоо Үндэсний эдийн засгийг толгойлж буй, Goldman Sacks-ын захирал асан Гари Кон болон шинэ Сангийн сайд Стефен Мнухин нар арай аядуу бодлого баримтлах болов уу гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Одоог хүртэл худалдааны асуудлаар дайралтаа Мексикийн эсрэг чиглүүлж, Япон зэрэг 10 улстай Обамагийн байгуулсан Номхон далайн түншлэлийн гэрээнээс гарахаар шийдвэрлэсэн.

Гэвч Хятадыг мөнгөн тэмдэгтийн заль мэх гаргасанд хариу өгнө гэсэн сурталчилгааны амлалтаа биелүүлэхийг шаардсан дарамт шинэ Ерөнхийлөгчид ирж магадгүй. Нөгөө талаас эдийн засагчид Бээжин мөнгөний ханшаа дээшлүүлж буй нь АНУ-ын эрх ашигт нийцнэ гэж үзэж байгаа юм. Трампын сурталчилгааны зөвлөх бөгөөд гангийн үйлдвэрлэлд ажиллаж байсан Дан ДиМикко “Бид хэдийнэ худалдааны дайнд орчихоод байна. Хятад юанийхаа ханшийг бууруулж, өсгөн тоглож байгаа нь онц ач холбогдолтой бус. Аль нь ч байлаа гэсэн тэд өөрсдийн эрх ашигт л нийцүүлж байгаа” хэмээв.

Үүний сацуу Хятадын албаныхан шинэ Ерөнхийлөгчийн талаар юу гэж дүтнэхээ сайн тодорхойлж чадахгүй байгаа бололтой. Ренминий санхүүгийн сургуулийн дэд захирал Жао Сижин “Бид юу болоод байгааг сайн ойлгохгүй байна. Түүний үзэл бодол нь үйлдэл болон хувирах уу? Тодорхойгүй зүйл олон байна. Үүнийг тааж хэлэхэд бэрх” хэмээн өгүүллээ.

 

Шон Доннан, Люси Хорнби


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.