Монголын эрдэс баялагийн салбар Хятадуудын гарт ороод байна

Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын уул уурхайн салбар гэрлийн хурдаар хөгжиж байгаа нь сайшаалтай. Ялангуяа гадны хөрөнгө оруулагчид манай улс руу хошуурч, хөрөнгө оруулалтаа нэмээд эдийн засгийг маань тэлэхэд тусалж буй нь бүр ч магтууштай хэрэг.

Гэвч аливаа зүйлд хэм хэмжээ байх ёстойг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл монголчууд биднийг олон арван жилийн турш тэжээнэ гэж яригдаад байгаа манай уул уурхайн их баялаг, томоохон ордуудын дийлэнх нь дан ганц хятадуудын мэдэлд шилжээд байна.

Тиймээс энэ асуудалд ямар нэгэн зохицуулалт, хязгаарлалт хийх цаг нэгэнт болжээ. Хятадын “Winsway Coking Coal Holdings”, “Чайналко”, “Поло Ресурсес”, “Жиншан гоулд майнз”,”Jianxi Copper” “Вао-steeb, “Jinan Iron & Steel”, “Петро Чайна”, “Монголиа Энержи корпорацип буюу “Мон Эко” гээд тоочоод байвалт дуусахааргүй олон коммпани манай улсад том том орд эзэмшин ажиллаж байна.

Эдгээр компанийн эзэмшдэг ордуудын нийт талбай манай улсын газар нутгийн хэдэн хувийг эзэлж буйг тооцоолоход тун бэрх. Тооцоолбол маш их тоо гарах нь ч гарцаагүй. Дээр дурдсан компаниудаас “Winsway coking coal holdings” хэмээх  үйлдвэрлэгч  манай улсад хамгийн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна. “Winsway coking coal holdings” сүүлийн гурван жилд Монголын нүүрсийг Хятадын хэрэглэгчдэд хүргэж буй хамгийн том худалдан авагч бас борлуулагч юм.

Холбогдох албаныхны мэдээнээс БНХАУ 2009 онд Монголоос 8,5 сая тонн нүүрс, 2010 онд 10 гаруй сая тонн нүүрс экспортолсон нь харагджээ. Тэгвэл үүний дийлэнх хувийг “Winsway coking coal holdings”-ынхон нийлүүлжээ. Гадны томоохон сайтуудын мэдээлснээр энэ компани Өмнөговь аймагт 10 гаруй коксжих нүүрсний орд эзэмшдэг гэнэ.

Гэхдээ тэдний эзэмшдэг ордууд ямар нэртэй, хэдий хэмжээний нөөцтэй нь олон нийтэд ил тод болж байсан удаагүй. Энэ нь “Winsway coking coal holdings “-ын ард манай томоохон улстөрчид байдаг гэж үзэхээс өөр аргагүйд хүргэжээ. “Winsway coking coal holdings” компани АНУ-ын “Пибоди Энержи”-тэй хамтарсан компани байгуулаад мөн л нүүрсний олборлолт хийж байна.

Тэдний дараа бичигдэх том төлөөлөгч нь олны анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн Хөшөөтийн уурхайг эзэмшдэг “Монголиа Энержи корпораци” буюу “Мон-Эко” юм. Хөшөөтийн нүүрсний уурхайн нөөцийг зуу гаруй сая тонн гэж тэд мэдэгддэг ч эх сурвалжууд 400 гаруй сая тоннд хүрэхийг мэдээлсээр байгаа.

Нийгэмд хамгийн их маргаан дэгдээсэн энэхүү ордын нүүрсийг Хятад руу гаргаж буйг эсэргүүцсэн олон иргэн дургүйцлээ илэрхийлж байсан билээ.

Хятадын төрийн мэдлийн үйлдвэрлэгч “Чайналко”-гийн хувьд сүүлийн жилүүдэд манай уул уурхайн салбарт ажиллах хүсэлтээ удаа дараа илэрхийлсээр ирсэн. Гэхдээ тэд манай уул уурхайн салбар руу улаан нүүрээрээ бус далдуур зүтгэж байна.

Өөрөөр хэлбэл тэд Оюу толгойн аварга ордод ажиллаж буй “Рио Тинто” компанийн 12 хувийг эзэмшиж байна. Үүгээр ч зогсохгүй “Чайналко”-гийнхон Оюу толгойд ажиллахаа итгэл дүүрэн мэдэгдэж байсан билээ.

Манай улсын уул уурхайн салбар дахь Хятадын бас нэгэн гол тоглогч бол “Поло Тесурсес” гэдэгтэй маргах хүн үгүй. Тэд Өмноговиос гадна Булган аймагт нүүрс болон ураны хэд хэдэн орд эзэмшдэг. “Поло Ресурсес” манайд хэд хэдэн охин компани байгуулснаас хамгийн үр дүнтэй ажиллаж байгаа нь “Эм Юү Си Ресурсес” аж.

Энэ компани ураны лицензээр дагнан ажиллаж байгаа бөгөөд 13430X, 12159X, 12903X гэсэн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг гартаа оруулжээ. Хамгийн сүүлд гэхэд л “Дархан мөнх”-ХХК-ийн нэр дээр байсан 12105X дугаартай, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Буянт гэдэг газарт орших 1529 га газрын хайгуулын зөвшөөрлийг хоёр сая орчим ам.доллараар авчээ.
Буянтын орд нь ураны талбайн зөвхөн 10 хувьд хийсэн хайгуулын ажлаар нөөцийн Р-1 зэрэглэлээр 8350 тонн нөөцтэй нь тогтоогдсон байна. Хэрвээ бүx тайлбайд нь хайгуул хийвэл 62 мянган тоннын нөөцтэй Мардайн ордоос ч давах боломжтой гэж мэргэжилтнүүд үзжээ.

Тиймээс “Поло Ресурсес”-ийн гарт ураны том нөөц орсон нь илт байна.

Урд хөршийн “Жиншан гоулд майнз” компани манай улсад алтны хэд хэдэн төслүүд дээр ажиллаж эхэлснээ мэдэгдсэн. Тэдний хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хятадын төрийн мэдлийн алтны хамгийн том үйлдвэрлэгч “China national gold corporation” юм.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятаддаа тэргүүлэгч энэ компани Монгол Улс руу чиглэсэн үйл ажиллагаа явуулахаа олон нийтэд мөн л зарласан нь анхаарал татаж байна. Тодруулбал тэд алтны хэд хэдэн ордод хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

Монгол Улс дахь Хятадын томоохон компаниудаас “Шинхуа групп”-ийг нэрлэхгүй байхын аргагүй. Хятадын тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг “Шинхуа групп” дэлхий дээр хамгийн томд тооцогдож буй Таван толгойн нүүрсний ордын Баруун цанхид ажиллахад ойрхон байгаа.

Баруунцанхид ажиллах компанийн сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд АНУ-ын “Пибоди Энержи “, Орос-Монголын хамтарсан консерциумын хамт үлдсэн. Гэхдээ сонгон шалгаруулалтын дүнг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээн зөвшөөрөөгүй тул шалгаруулалтыг дахин эхнээс нь явуулж болзошгүй болоод байна.

Мэдээж Монгол Улсын Засгийн газар Хятадын эрх баригдчдад улсынх нь уул уурхайн үйлдвэрлэгчдийг дэмжиж
ажиллана гэдгээ удаа дараа мэдэгдсэн нь Таван толгойн нүүрсний ордод хятадууд ажиллах нь бараг тодорхой болохыг харуулж байна.

Эцэст нь өгүүлэхэд Хятадын газрын тосны комданиуд ч манайд хүч түрэн орж иржээ. Тэдний хамгийн том төлөөлөл нь “Петро  Чайна”,  “ПетроЧайна”-гийн охин компани нь газрын тосны нөөц ихтэй бүс гэгддэг Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь Тамсагийн сав газраас олборлолт хийж буй “Петро Чайна дачин Тамсаг Монгол” юм.

Энэ компанийнхан удаа дараа байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулаад монголчуудын дургүйцлийг ихэд хүргэсэн билээ. Үүний хариуд “Петро Чайна дачин Тамсаг Монгол” компанийн газрын тос тээвэрлэх замыг манай улсын Авто тээврийн газраас өнгөрсөн зургадугаар сарын 20-ноос албан ёсоор хааж, тээвэрлэлтийг нь түр хугацаагаар зогсоосон байна.
Гэвч “Петро Чайна дачин Тамсаг Монтол”-ынхон манай улсын улстөрчидтэй холбоотой байдгаа харуулж, энэхүү хоригийг хүчингүй болгож чадсан юм.

Энэ мэтээр Хятадын харьяаны компаниуд манай эрдэс баялгийн салбарт бүрэн ноёрхлоо тогтооход ойрхон ирснийг анхааралдаа авах цаг болжээ. Хятадын аль нэг компани ажиллаагүй байгалийн баялаг арвинтай аймаг, сум гэж бараг үгүй болсон нь эх орондоо хайртай Монгол хүн бүрийн сэтгэлийг зовоож байна.

Цаашид иймэрхүү таагүй үйл явдлууд өрнөсөөр байвал манай улсын эдийн засаг Хятадаас хамааралтай болохгүй гэх газаргүй. Ганцхан жишээ дурдахад хятадууд яг иймэрхүү төлөвлөгөө хэрэгжүүлснийхээ дүнд баялаг ихтэй гэгддэг байсан засагт хяналтаа тогтоочихоод байгаа билээ.

Д.Оюунбаатар
Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих