Адель: Сонсогч байхгүй бол би хэн ч биш

АНУ-ын Лос Анжелес  хотноо 59 дэх удаагийн “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдлаа. Уг наадмаас Британийн нэрт дуучин, “Оскар”-ын шагналт Адель дөрвөн номнацид ялалт байгуулжээ. Дуучин бүсгүй наадмын дараа “CBS” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Танд чин сэтгэлээсээ баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Анхны “Грэмми”-гийн шагналаа авсан мэт баярлаж, хөөрч байна. Алга минь хөлөрч, өвдөг минь чичирч байна.

-Та нээлтийн ажиллагааны үеэр “Hello” дуугаа дуулсан. Үнэхээр гайхалтай үзүүлбэр болсон?

-“Грэмми”-гийн тайз намайг үнэхээр айлгадаг. Мэдэхгүй юм. Би олон тайзан дээр гарч үзсэн. Гэхдээ л энэ тайз намайг айлгадаг. Би алдаа гаргах вий дээ хэмээн өөрийгөө байнга хянах шаардлагатай байдаг.

-Уг дуу өнгөрсөн онд “Youtube.com” сайтад байршаад хамгийн хурдан хугацаанд тэрбум хандалт авсан уран бүтээлээр тодорсон. Та уг уран бүтээлээрээ урлагтаа эргэн ирсэн шүү дээ. Гурван жил Аделийн гоёмсог хоолойг бид сонсоогүй.

-Тийм ээ. Би өнгөрсөн хугацаанд өөрийгөө бэлдсэн. Би чанартай уран бүтээл гаргах гэж их удаан хичээсэн. Мэдээж хэрэг өнгөрсөн хугацаанд урлагаас хол байсан ч хүү минь ээжийгээ огтхон ч ганцаардуулаагүй. Би урлагаас хөндийрсөн хугацаандаа сайн ээж болох гэж их хичээсэн. Өнөөдөр хүү минь ээжээрээ бахархаж байгаа байх.

-Өнөөдөр та “Грэмми”-гийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг бичлэг”, “Шилдэг дуу”, “Шилдэг уран бүтээлч” номнацид ялалт байгуулсан?

-Сонсогч байхгүй бол би хэн ч биш. Хэрвээ миний дууг хэн ч сонсохгүй бол би ажилгүй нэгэн гэсэн үг. Хамгийн эхэнд надад урам хайрладаг гэр бүлдээ талархлаа илэрхийлмээр байна. Сонсогчид бол миний хувьд хамгийн чухал хүмүүс. Та бүхнээ баярлуулахын тулд би хичээж явна. Намайг дэмжсэн бүхэндээ баярлалаа. Эдгээр шагналууд надад итгэл найдвар хайрласан. Би үнэхээр баярлаж байна.

-Олон уран бүтээлчийн хувьд хамгийн чухал номнацийн нэг болох “Шилдэг дуу” төрөлд та ялалт байгуулаад баярын нулимсаа барьж дийлээгүй.

-Мэдэхгүй юм. Энэ номнацид ялалт байгуулна хэмээн бодоогүй.

-Тэгвэл таны хувьд шагналын эзэн хэн болно хэмээн төсөөлж байв?

-Бейонси.

-Энэ гайхалтай бүсгүй хүртэл таны ялалтыг хүлээн зөвшөөрч, таныг үг хэлж байхад уйлсан шүү дээ?

-Би чамд хайртай. Бейонси бол миний бяцхан урлагийн охин тэнгэр. Түүний үзүүлбэр яг л гал шиг гайхалтай байсан.

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих