Байгалийн нөхөн сэргээлтэд зарцуулах ёстой мөнгөний тал нь хаачдаг юм бол…

53ffb0375bd49592bigН.БАТ

Байгаль орчин аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр БОАЖ-ын сайд  Д.Оюунхоролын илтгэлд “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2014 онд 104.4 тэрбум, 2015 онд 104.1 тэрбум байсан бол 2016 онд 50.6 тэрбум төгрөг болж, өмнөх онуудаас 2.1 дахин буурчээ. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай  хуулийн 18.1-д байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 15-85 хувь ба түүнээс дээш хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасны дагуу гүйцэтгэлийг тооцоход сүүлийн гурван  жилд хуулийн биелэлт  40  орчим хувьтай байна” хэмээх тоо баримт дурдагдсан юм.

Мэдээж эдийн засгийн тогтворгүй байдал, гадаадын хөрөнгө оруулалт зогссон, уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа хумьсан зэрэг шалтгаан нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого буурахад нөлөөлсөн нь тодорхой. Гэхдээ сайдын хэлснээс харахад нөөц ашигласны төлбөр буурснаас илүүтэйгээр сүүлийн гурван жил хуулийн биелэлт 40 хувьтай байна гэдэг нь анхаарал татаж буй.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай  хуулийн 18.1-д зааснаар “байгалийн ургамлын, ус рашааны, ойн, ан амьтны, газрын нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд тухайн төсвийн жилд зарцуулах хувь, хэмжээний доод хязгаарыг дараах байдлаар тогтооно” гэсэн байдаг.

Энэ нь төлбөрийн орлогын төрлөөс хамааран нийт төвлө­рүүлсэн мөнгөний 15-85 хувийг эргүүлэн нөхөн сэргээх ажилд зарцуулна гэсэн үг. Харамсалтай нь, сайдын хэлснээр сүүлийн гурван жилд энэ хуулийн хэрэгжилт 50 хувьд ч хүрээгүй гэхээр тэр хэмжээгээр нөхөн сэргээлтийн асуудал орхигдсоор иржээ гэж тайлж болохоор харагдаж байв. Гэтэл үүнд хяналт тавьж ажиллах эрх нь тэдэнд өөрсдөд бий.
Нөөц ашигласны  төлбө­рийн хэдэн хувийг нөхөн сэргээлтэд зарцуулах талаарх тодорхой дүрэм журам нь гурван жилийн өмнө батлагдсан байдаг. 2013 онд тухайн үеийн БОНХЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтсийн дарга  Д.Батболдын хэлснээр ойролцоогоор 48 тэрбум төгрөг байгалийн нөөц ашигласны төлбөрөөр төвлөрч байсан бөгөөд үүний ердөө 5-6 хувийг байгалийн нөхөн сэргээлтэд зарцуулсан аж. Энэ бол үнэхээр хангалтгүй байсан учраас Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, ашиглалтыг хянах журам нь 2014 оны хоёрдугаар сарын сүүлээр батласнаар дээрх 15-85 хувийг нөхөн сэргээх ажиллагаанд эргүүлэн зарцуулахаар хуульчилж өгсөн юм.

Тэгэхээр энэ журам 2014 оноос бүрэн хэрэгжих ёстой байж. 2015 онд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийн хэлснээр 2014 онд ус, рашаан, ан амьтан, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрт улсын хэмжээгээр 35 тэрбум 310 сая төгрөг улсын төсөвт төвлөрсөн байгаа юм.  Үүнээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд 20 тэрбум 122 сая төгрөгийг зарцуулах байсан ч бодит гүйцэтгэлээр 10,006,2 сая төгрөг зарцуулжээ. Хуулийн хэрэгжилт 49,7 хувьтай гарсан бөгөөд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийн 51,3 хувь нь зориулалтын дагуу зарцуулагдахгүй байна  гэдгийг сайд нь онцлож байв. Энэ бол газрын болон ойн нөөц ашигласны төлбөрийн орлого багтаагүй дүн гэсэн үг.
Ер нь, байгалийн нөөц ашигласны төлбөрийн дийлэнх хэсгийг газрын болон ойн нөөц ашигласны төлбөр эзэлж байгааг үүнээс харж болох нь. 2013 онд зөвхөн Богд уулын эргэн тойронд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд газрын төлбөрт 5-6 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг байсан гэх тоо баримт бий.

Засгийн газрын мэдээллээс харвал 2016 онд ан, амьтны нөөц ашигласнытөлбөрт 13 аймгийн 37 сумын төсөвт 940 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ жил тэрбум гаруй төгрөгт хүрнэ  гэсэн тооцоо бий. Тэгэхээр ан амьтны болон ургамлын нөөц ашигласны төлбөр маш бага хувийг эзэлж байгаа нь тодорхой юм.
Энэ бүхнээс харвал хуу­лийн биелэлт ердөө 40 хувь­тай байна гэдэг нь байгальд тэр тусмаа газар болон ойн сангийн нөхөн сэргээх ажил­лагаа хангалтгүй бүүр маш хангалтгүй байгааг илт­гээд зогсохгүй, хяналт сул, хариуцлагын механизм ажил­­лахгүй байгаагийн бодит илэрхийлэл гэхээс өөр аргагүй. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай  хуульд зааснаар  “төлбөрийн орлогын тодорхой хувь, хэмжээг бууруулсан, төлбөрийн орлогын хэсгийг өөр зориулалтаар ашигласан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлнэ” гэсэн байгаа юм.

Тооцож үзвэл 2016 онд хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төг­­­рөг болсон гэхээр хууль биелүүлээгүй албан тушаал­танг 1.2 саяас 1.42 сая төгрөгөөр торгох нь.

Харин хохирлыг нөхөн төлүүлэх тухайд зөвхөн 2016 онд төвлөрсөн 50,6 тэрбум төгрөгийн дунджаар 20,2 тэрбумыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулна гэж тооцоход хуулийн дагуу 8 тэрбум орчим төгрөгийг зориулалтаар үлдсэн нь хохирол болсон байж таарах нь. Тэгэхээр хариуцлага алд­сан холбогдох албан тушаалтнуудад ногдуулах хохирол 12 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм.
Ямартай ч хуулийн хэрэгжил­тийг 40 хувьд “барьж чаддаг” албан тушаалтнуудаа хэрхэн илрүүлж хариуцлага тооцох нь БОАЖ-ын сайдын хүрээнд шийдэх асуудал байх. Гэхдээ нөхөн сэргээлтэд зарцуулах ёстой мөнгөний тал хувийг юунд зарцуулаад байна вэ гэх асуулт хариулт нэхсээр гурван жилийг лав үджээ.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих