Нүүрс шатаахгүйгээр дулаацаж болно… Харин яаж?

1487039102_utaaИх хотын бухимдал, стрессээс яаж салах вэ. Өвөлжин ”утаа утаа”, ”боож үхлээ” гэж хашгирлаа. Гэвч урин дулаан цаг ирэхэд утааны асуудал мартагдаж, харин хөрсний бохирдол, тоожилт, замын түгжрэл гээд л бусад асуудалдаа бухимдацгааж эхэлнэ. Нэг бодлын их хотод амьдарч байгаа бидний буруу ч юм шиг.

Гэвч үүнийг “төлөвшөөгүй нүүдэлчид суурин амьдралд дасахгүй байна” гэж буруутгах гадныхан цөөнгүй байдаг. Бид л суурин амьдралд шилжээд удаагүй болохоос дэлхий нийт бүгд л нүүдэлчид байсныг мартаж болохгүй л байх.

Суурин амьдралын соёл бол хувь хүний ухамсар, хувь хүний соёл юм. Даанч манайхан галаа түлж, ухсан нүхэнд бие засдаг нүүдэлчин хэвшлээсээ салж чадахгүй байсаар хотын бухимдалтай нүүр тулчихлаа. Шилжилт хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарласан хотын даргын шийдвэр нэг талаасаа зөв юм. Харин энэ хугацаандаа амжиж, хотынхоо иргэдийг хувийн соёлд сургаж, нийгэмшүүлэх хэрэгтэй. Ядаж л замын хөдөлгөөнд зөв оролцдог, гэрэл дохио, дүрмээ баримталдаг, гудамж талбайд нус цэрээ хаяад байдаггүй болгочихмоор байгаа юм. Олонх нь ийм дадал, зуршилтай болчихвол цөөнх нь дагаад л нийгэмшиж, суурин амьдралын соёлд суралцах нь мэдээж.

“Би Улаанбаатартаа хайртай” гэж дотроо бодож алхадаг хэдий ч хажуугаар зөрөх хүмүүс уур бухимдалтай байгааг хараад соёлт ухамсараа гээж эхлэх нь энүүхэнд. Идсэн чихрийнхээ цаасыг халааслаж яваад хогийн саванд хийх нэгэн байхад тэр дороо хаячихаад хэнэг ч үгүй алхах хүмүүс олон байна. Үүнийг л харсан гадныхан “суурин амьдралд бэлтгэгдээгүй байна” гэж шүүмжилж байгаа юм.

Тэгвэл бид яах ёстой вэ. Нэгэнтээ малаа маллаад хөдөө гарч чадахгүйгээс хойш хотын соёлд суралцах л хэрэгтэй болж. Үүний тулд иргэдийнхээ ухамсарт л нөлөөлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл тэдэндээ боловсрол олгох хэрэгтэй байна.

Гал түлж л байгаа учраас утаа гарах нь мэдээж. Гэтэл даарахгүйн тулд утаа гаргаж, өөрийгөө болоод үр хүүхдээ хордуулах сонголт хийсээр байна. Ингэж л өөрсдөө утаа гаргачихаад дараа нь төр засгийг буруутгадаг байдлаа одоо больмоор байна. Төр засаг гэгч нь бүгдийг ашгийн нүдээр харагчдын цугласан газар байдаг бололтой юм. Тэдэнд утаа их байх тусмаа л ашигтай. Утааг арилгах нэрээр баахан зуух тараасан. Үүнийхээ үр дүнг ч үзэлгүй одоо баахан цахилгаан халаагуур тарааж эхэллээ. Дараа нь юу тараахыг хэлж мэдэхгүй. Утаа байсаар байвал тэд ашгийн төлөө “утаа бууруулна” гэсэн худал шошготой ямар нэгэн зүйл тараасаар л байх болно.

Тэгэхээр яавал утаагүй мөртлөө дулаан амьдарч болох вэ гэдэг боловсролд нийгмээрээ суралцах шаардлагатай болчихоод байна. Хэдэн зуух тарааж, дараа нь түүндээ түл гэж нүүрс өгч байхаар гэрээсээ дулаан алдахгүй байх, гал түлэхгүйгээр гэрээ дулаацуулдаг болох гээд нийгэмдээ чиглэсэн боловсролд төр засаг мөнгө хаявал үр дүнтэй юм шиг.

Нэгэн цагт гамшгийн хэмжээнд хүрээд байсан Лондон хотынхон утаа гаргадаг яндан бүрийг тагласнаар энэ асуудлаасаа салсан. Гал түлэхгүй болохоор иргэд нь даарна гэж эсэргүүцэж байсан ч эрүүл мэндээ бодож, яндан таглахад гар бие оролцсон байгаа юм. Дараа нь хийгээр гэрээ дулаацуулах, цахилгаан халаагуур хэрэглэх, гэрээ дулаалах, нарны эрчим хүчийг ашиглах гээд олон аргуудыг хэрэглэж туршиж эхэлсэн байна. Харин бид зуухандаа нүүрс шахаахыг л хамгийн оновчтой арга гэж үнэмшин, өөрсдийгөө хордуулсаар л сууна. Үүнээс салах хэрэгтэй. Мөн үүний дараа хэрхэн утаа гаргахгүйгээр дулаан амьдрахад суралцах хэрэгтэй. Цаашлаад түгжрэлтэй зам руу орж, ачаалал үүсгэдэг бус, тойруу замаар яваад ажлаа амжуулчихдаг, хогийн саванд хогоо хаячихдаг наад захын соёлуудад суралцаад эхэлбэл жинхэнэ утгаараа хотын иргэд болж төлөвшиж байна гэсэн үг шүү дээ. Үүнийг хийж хэрэгжүүлэхэд их хугацаа шаардагдана. Гэхдээ л зүгээр суугаад л төрийг буруутгаж, тэрбум тэрбумыг салхинд хийсгэснээс л дээр болов уу.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих