Меркел тоглоомноос гарах уу

376e613c-7e97-49f3-aa29-ba42c51a8a84Ангела Меркел ирэх намар дөрөв дэх удаагаа Германы канцлераар дахин сонгогдоно хэмээн найдаж байгаа. Харин саяхан гаргасан нэр дэвшигчдийн чансаагаар тэрээр өрсөлдөгч Мартин Шульцийн араас яваа нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл, Канцлерын сунгаанд хамгийн өндөр рейтингтэй яваа нь А.Меркель биш харин Социал демократ намын нэр дэвшигч болж таарлаа. Энэ мэдээг Европ даяар хачирхан хүлээн авав. Учир нь, Европын удирдагчид дунд түүнд А.Меркел шиг нөлөө бүхий хүн үгүй. Түүн шиг олон жил байр суурь, нэр нөлөөгөө хадгалж ирсэн удирдагч байхгүй.

2015 онд дэлхийн онцлох хүнээр “Time” сэтгүүлээс нэрлэж байсан А.Меркелийн улс төрийн карьер юунаас болоод ингэтэл буруугаар эргэчихэв? Мэдээж үүнд нэг сая дүрвэгчийг эх нутагтаа хүлээн авна гэсэн улс төрийн зоримог шийдвэр нь нөлөөлсөн болох нь гарцаагүй. Ойрхи Дорнодоос ирсэн сая дүрвэгчийг хүлээн авна гэж зарлан, эхнээс нь хэдэн мянгаар нь найр тавин нутагтаа оруулсны дараа А.Меркелийн жинхэнэ толгойн өвчин эхэлсэн. Дүрвэгчдийн үйлдсэн гэмт хэргийн тоо өсч, Берлинд террорист халдлага гарлаа. Германчууд татварын мөнгө нь гадны дүрвэгчдэд зориулагдаж, нийгмийн амгалан тайван байдал алдагдаж буйд уурсч буй.

Дэлхийн тавцанд ч Меркелийн хувьд ганцаардмал үе ирээд байна. Британичууд Европын холбоог орхихоор шийдсэний дараа Францын дараагийн Ерөнхийлөгч болохоор сонгуульд нэр дэвшиж буй Марин Ли Пен ч тийм бодолтой гэдгээ мэдэгдсэн. Б.Обама Дональд Трампт суудлаа өгсний дараа Европын лидерүүдийн Оросын талаарх хатуу байр суурь зөөлөрчээ. Өөрөөр хэлбэл дэлхийн улс төрийн тавцан жилийн өмнөхтэй харьцуулашгүйгээр өөрчлөгдөж, Меркелийн холбоотнууд нэг нэгээрээ тавцанг орхин оджээ. Харин А.Меркел ч бас тэдний араас явах уу гэдэг асуулт одоо сонирхол татаж байна.

Хэдийгээр нэр дэвшигчдийн рейтингээр тэр хоёрдугаарт орсон ч хүчтэй удирдагч хэвээр байгаа. Үүнийг батлах нэг баримт бол саяхны санал асуулгаар удирдагчийн хувьд Ангела Меркелд итгэл үзүүлсэн хүмүүсийн хувь 74-т байв. Ухаалаг, дасан зохицох чадвартай, уян хатан гэдгээ харуулсаар ирсэн  түүний хамгийн том давуу тал бол германчууд өөрсдөө. Тэд тогтвортой байдлыг эрхэмлэдэг. Тэд бусад улс шиг өөрчлөлт шинэчлэл хийхийг хүсэхгүй байна. Энэ сарын 6-нд явуулсан санал асуулгаар францчуудын 80, британичуудын 50 хувь нь тоглоомын дүрмийг өөрчлөх шинэ удирдагчийг хүсч байгаагаа хэлсэн бол Германд ийм бодолтой хүмүүс 21 хувийг л эзэлж байгаа юм. Мөн францчуудын 70, британичуудын 67 хувь нь дэг журмыг өөрчлөх хүчтэй удирдагчийг хүсэмжилж байгаа бол германчуудын хувьд энэ тоо 34 хувьтай байна.

Германчууд ийм бодолтой байгаа учраас ч ирэх намрын сонгуульд нэр дэвшээд буй “Alternative für Deutschland” намын популист нэр дэвшигч дөнгөж 12 хувийн рейтингтэй яваа биз ээ. Эндээс харвал Трампын ялалт, Брексит, Францын сонгууль гээд дэлхийн улс төрийн тавцанд давалгаалж буй өөрчлөлт шинэчлэлийн салхи Германыг тойрч өнгөрч ч магадгүй. Тэгэхээр А.Меркелийн улс төрийн карьер тийм ч амархан дуусна гэж бодож болохгүй нь.

 

Б.СЭВЖИДМАА
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.