Хоёр нам хоёулаа хоног тоолж сууна уу?!

597f8e36e6b8ea585b4138b19eb61c1c-Ж.Эрдэнэбатын Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад хэдийнэ 200 хоногийг ардаа үдсэн ч Монгол Улсын эдийн засаг хийгээд иргэдийн амьдралд нэг их өөрчлөлт орсонгүй. АН-ынхан ч тэр төрийн эрхийг шилжүүлж өгснөөсөө хойш эрх баригч намынхаа үг, үйлдэл бүрийг шүүмжлэхээс өөр дорвитой “гавьяа” байгуулсангүй- 

Ард түмэнд амалсан мөрийн хөтөлбөрөөсөө үл ялиг хазайсан МАН, парламентад алдан онон сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа АН-ын аль, альд нь элгээрээ хэвтсэн эдийн засгаа “сэрээх” үүрэг, иргэдийнхээ амьдралыг өөд нь татах хариуцлага бий. Харамсалтай нь, “мэргэжил”-ийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад хэдийнэ 200 хоногийг ардаа үдсэн ч Монгол Улсын эдийн засаг хийгээд иргэдийн амьдралд нэг их өөрчлөлт орсонгүй. АН-ынхан ч тэр төрийн эрхийг шилжүүлж өгснөөсөө хойш эрх баригч намынхаа үг, үйлдэл бүрийг шүүмжлэхээс өөр дорвитой “гавьяа” байгуулсангүй.

Төр, засгийн ажил гэхээсээ илүүтэй үхэл, сэхлийн заагт амь тэмцэж яваа намынхаа шинэчлэлд хамаг л анхаарлаа тавиад туучихсан АН-ынхан “сөрөг хүчин” гэдгээ хэдийнэ умартсаныг өнгөрсөн хугацаанд өрнөсөн улс төрийн үйл явц гэрчилнэ. Ямар сайндаа л тэд өрсөлдөгч намынх нь Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад 200 хоногтойгоо золгосныг сануулах вэ дээ.

Үнэхээр ч АН-ынхан УИХ-ын ээлжит сонгуульд ялагдал хүлээснээсээ хойш төрийн ажил гэхээсээ илүүтэй намынхаа шинэчлэлийн асуудлыг хөндөж, саяхан толгойлогчоороо УИХ-ын гишүүн С.Эрдэнийг сонгосон. Намынхаа VII Их хурлаар албан ёсоор намын даргын суудалд тухалсан С.Эрдэнэ гишүүн ч ард иргэд гэхээсээ урьтаж багаа бүрдүүлэх ажилдаа ханцуй шамлан орсныг эс тооцвол энэ намд яг оноод хэлчих “гавьяа” гэж алга. Хатуухан хэлэхэд, тэдэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үйл ажиллагаа хийгээд цаг хугацааг нь хуруу дарж, хоног тоолон суухаас өөр ажил үлдсэнгүй бололтой. Ганц энэ нам ч биш МАН-ын Засгийн газар ч ялгаагүй нөгөө талд хоногоо тоолуулж сууна. Нэг нь тоолж, нөгөө нь тоолуулж байгаагаараа л ялгарч байгаа болохоос улс төрийн хоёр том хүчин маань хоёулаа хоёр талд хоног тоолж суугаагаас ялгаагүй дүр зураг харагдаж байна.

Учир нь, өмнөх Засгийн газрын үед сөрөг хүчин байхдаа “давхар дээл”-ийг шүүмжилж, эсэргүүцлээ хүчтэй илэрхийлж байсан МАН-ынхан төрийн эрх мэдлийг гартаа оруулсан даруйдаа өмнөхөө үгүйсгэж ард түмэнд амалсан амлалтаасаа ухарсан. Өөрөөр хэлбэл, тэд мөрийн хөтөлбөртөө тусгасан “УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдыг давхар дээлтэй ажиллахыг хязгаарлана” гэдгийгээ умартаж Засгийн газрын 16 гишүүнийхээ есөд нь давхар дээл өмсүүлсэн билээ. Үүгээр зогсохгүй “Төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж, Төрийн албан хаагчийн дархлааны тухай хуулийг санаачлан батлуулна гэсэн ч хэлсэндээ хүрээгүй. Янз бүрийн хөтөлбөр, тэтгэмжийг “саармагжуулж”, хэд хэдэн татварыг нэмж иргэдийн нуруун дахь ачааг нь нэмсэн. Түүнчлэн Хамтын тэтгэврийн тухай хуулийг Насны хишиг, Сайн оюутан хөтөлбөрийг Орлоготой оюутан, Чингисийн талбайг Сүхбаатарын талбай, Хүүхдийн мөнгийг Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Хэнтийн нурууны нэрийг Бурхан халдун, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг Эдийн засгийг сэргээх хөтөлбөр гэх мэтчилэн шийдэл, санаачлагатай ажил гэхээсээ илүүтэй өмнөхөө үгүйсгэж, өөрөөр хэлбэл, нэршил солих “аян”-ыг л өрнүүлжээ.
Уг нь, сөрөг хүчин болох УИХ дахь АН-ын бүлэг төрийн эрх мэдлийг авсан 65-ын бүлэгт хяналт тавьж, бурууд ташуур өгч байх үүрэгтэйсэн. Харамсалтай нь, тэд төрийн ажлыг “оромддог” болжээ. Харин нөгөө талд бүхий л эрх мэдлийг гартаа авсан 65-ын бүлэг бас л хийсэн “гавьяагүй” хоногоо тоолуулж сууна.

time.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих