УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг сэжигтнээр татаж, хүү Г.Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг нарынх нь хамт шалгаж эхэллээ

e612a57038d66c54bigХөгжлийн банкны хуучин удирдлагуудыг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг АТГ-т шалгаж байгаа. Тэднийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрыг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө завшсан гэх буруутган шалгаж байгаа юм. Улмаар “Фортуна” Н.Батбаярыг өчигдөр прокурорын тогтоолоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.

Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ЦЕГ, ЭЦГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, Хөгжлийн банкнаас зээл авсан бүх компаниудыг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ “Эрэл” компанийг Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүйг илрүүлсэн.

Тэгвэл энэ удаад Хөгжлийн банкны томоохон зээлдэгч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанийг онилсон байна.

АТГ-аас “Хөгжлийн банк нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байгаа юм. Энэ компани нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын компани. Тиймээс гишүүний татаасаар уг компанид зам барих төсөвт өртгийг нэмж өгсөн байж болзошгүй” гэсэн тайлбарыг өгч байсан удаатай.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж эхэлжээ.

Харин өчигдөр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг сэжигтнээр татан цагдан хорьж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан юм.

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийн “Монроуд” компани Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын ажилд хэрхэн оролцсон мэдээллийг хүргэж байна.

ХЯТАДЫН КОМПАНИ ЗАМЫН 38 ХУВИЙГ ЗАСЧИХСАН БАЙЖЭЭ

Хөгжлийн банк нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан талаар дээр дурдсан. Улмаар нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байгаа юм.

Гэтэл уг замын 38 хувийг хятад компани засчихсан байжээ. Тодруулбал, Архангай аймгийн Тариат сумын нутаг Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам засах ажил 2008 оноос эхэлсэн байна. Зам засварын ажлыг БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхэлжээ. Замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ байгуулсан аж. Гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл, инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан байна.

Улмаар энэ ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх асуудлыг УИХ хэлэлцэж 2012 оны төсөвт суулгажээ. Үүний дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад тендерт “Монроуд” компани материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдсэн байна. Тиймээс тендерт шалгарсан “Монроуд” компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаараа оруулж, Засгийн газар 2012 оны 110 дугаар тогтоолоо гаргаж Хөгжлийн банкны санхүүжилтээр Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болжээ. Уг тогтоолоор замын төсөвт өртөг нь 37 тэрбум 231 сая 300 мянган төгрөг байх бөгөөд бүгдийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх бөгөөд 2012 онд гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая, дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байна.

Гэтэл үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулга хийжээ. Ингэхдээ гүйцэтгэгч компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй гэж байгаа гэх асуудал яригджээ. Тухайн үед Б.Гарамгайбаатар эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг уг байнгын хороо хэлэлцэж байсан билээ. Тэгэхдээ 38 хувийн гүйцэтгэлтэй замыг шинээр засахаар төсөл оруулж ирснийг мэдээгүй мэт өнгөрөөсөн нь анхаарал татаж байна.

Мөн Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргасан байна.Энэ тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулжээ. Тэр тогтоолд тусгаснаар Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км замыг санхүүжүүлэх нийт дүнг 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг гэжээ. Улмаар 2013 онд 23 тэрбум 177 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байна. Энэ тогтоолын дагуу энэ онд Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч болох “Монроуд” компанид шилжүүлсэн нь өдгөө АТГ-т шалгагдахад хүргэжээ.

Одоогоор УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон түүний хүү Г.Тэнгис, Б.Гарамгайбаатарын төрсөн дүү “Монроуд” компанийн нягтлан нарыг АТГ-аас дуудаж байцаалт авч байгаа аж.

Б.Чимэг

http://www.zaluu.com/read/gda2732c

 


URL:

Сэтгэгдэл бичих