Н.Алтанхуягаас ямар мэдүүлэг авсан бэ?

altanhuyag_700Авилгатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өчигдөр 10:00 цагт мэдүүлэг авахаар дуудаж, зургаан цаг байцаасны эцэст явуулсан юм. Өмнө нь түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт байцаалт өгөхийг шаардаж байсан юм. Тэгвэл энэ удаа түүнээс эрүүгийн хуулийн 263.2, 270.1-т заасан зүйл ангиар Хөгжлийн банкны санхүүжилтгэй холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авсан байна. Н.Алтанхуяг мэдүүлэг өгөхөөр ирэх үедээ сэтгүүлчдэд “Би яах вэ. Цаана чинь Монгол Улс хэцүү байдалтай байна. Тоглоом нь хэтрээд манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал гээд олон зүйлд аюул учраад байна. Хувь хүнийхээ хувьд өөрийгөө үүний төлөө золиослоход бэлэн байгаа. Би Авлигатай тэмцэх газарт олон удаа Монголыг болохоо байлгачихаад байгаа хулгай луйврыг шалгаач. Бодитой Баримтыг нь хэлье гэж хандаж байсан. Олон ч баримт хэлсэн. Шалгадаггүй юм билээ” гэв. Түүнчлэн тэрбээр энэхүү нөхцөл байдлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож буйгаа мэдэгдсэн юм.

-Та энэхүү нөхцөл байдлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож үзэж байгаа гэлээ?

-Хэрвээ намайг Ерөнхийлөгч болвол хамаг хэрэг нь илрэх гээд байгаа айдас, хүйдэстэй цөөхөн хүн байдаг. Тэд иймэрхүү ажлыг намайг Ерөнхий сайд байх үеэс хийгээд удаж байна. Би төрд ажиллаж байх хугацаандаа ард түмэн, хөгжлийнхөө төлөө чөмгөө дундартал зүтгэсэн. Улсын мөнгөнөөс идэж, уух нь битгий хэл надад тийм бодол ч төрж байгаагүй. Намайг болон бүлгийнхнийг ямар нэгэн байдлаар хэдэн төгрөгтэй холбох гэсэн бодлого, төлөвлөгөөт ажлын үндсэн дээр зургаа долоон жил ноолж байна. Тэгээд ямар нэгэн зүйл гарахгүй болохоор ойр дотны хүмүүсийг маань шоронд хийж, миний юу хийснийг хэл гэдэг болсон.

-Энэхүү асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Би дахин итгэлтэйгээр хэлэхэд надад улсын мөнгөнөөс идсэн зүйл байхгүй. Хэрвээ идсэн бол өнөөдөр би ингээд зогсч байхгүй. Тав, зургаан жил болж байхад шийддэгээ шийдээд, дуусгачих хугацаа өнгөрсөн. Харин сая гэхэд Эрдэнэтийг улаан цайм луйвардаад авчихлаа. Нэг зүйлд санаа их зовж байна. 1990 оны Ардчилсан хувьсгалыг бид хийхдээ цөөхөн хүн баяжаад, олонх нь ядуурах тийм нийгмийн төлөө яваагүй. Би Их сургуулийн багшийн ажлаа орхиод улс төрд орохдоо монголчууд бүгд сайхан амьдрах, эрх чөлөөтэй тэр нийгмийн төлөө явсан. Гэтэл одоо яаж байна. Эрдэнэтийг хулгай дээрмээр авчихаад бөөн юм болж байна. Таван толгой, Оюутолгой дээр ч бас их зүйл хийгдсэн. Би уг нь АТГ-т Монгол Улсыг болохоо байлгачихаад байгаа бүлэглэлийн хулгай луйвар их байна гэдгийг олон удаа хэлж, бодитой баримтуудыг өгсөн ч шалгахгүй байгаа” гэлээ.

 

 

П.ОТГОНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.