МАН-ын толгойгоо мэдүүлээд буй ОУВС-гийн бодлого зөв гэдгийг хэн батлах вэ

7012Манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт өмнө нь хоёр удаа хамрагдаж байсан туршлагатай. Гэхдээ арай зөөлөн нөхцөлтэй “Стэнд бай” хөтөлбөрт орж байсан бол энэ удаа тэд бидэнд хатуу нөхцөл санал болгосныг МАН-ынхан хүлээгээд авчихав. Хөтөлбөрийн дагуу яваад өмнө нь ямар байсныг өнөөдөр МАН-ынхан мартсан бололтой. 1991 онд анх 13.75 сая ам.долларын зээлийг авч байв. Сайжрах бус эдийн засгийн уналтад орж, 1991 онд 9.2 хувь байсан эдийн засаг жилийн дотор 9.5 хувьд хүрч унасан нь бодит явдал, бодит туршлага. Хэдийнэ уначихсан эдийн засгаа сэргээх гэж 8 жилийг зарцуулсан байдаг. Гэтэл үүнийгээ мартаад 2009 онд 229.2 сая ам.долларын зээлийг дахин авлаа. Өсөлттэй байсан эдийн засаг 1.6 хувь болтлоо унах нь тэр.

Ийм туршлага манай улсад бий. Олон улсын валютын сангаас зээл авахад МАН-ынхан засаг барьж байсан. Эдийн засаг хэрхэн унаж, юу тохиолдож байсныг тэд хамгийн сайн мэдэж байгаа. Тийм байтал одоо 440 сая ам.долларын зээл авахаар тохиролцчихсон байдаг. Иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлж, татварыг нэмэгдүүлэх хатуу нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байгааг юу гэж ойлгох вэ. МАН-ын ийнхүү толгойгоо мэдүүлээд буй Олон улсын валютын сангийн бодлого хамгийн зөв гэдгийг хэн батлах юм бэ. Өмнөх туршлагууд нь сайн зүйлд хүргээгүй ийм нөхцөлд шүү дээ.

ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг аваад эдийн засаг нь дордож байсан олон жишээ бий. Тухайлбал, Мексикийн жишээ байна. 1984 онд газрын тосны ханш унахад тус улсын эрх баригчид ОУВС-гаас зээл хүссэн аж. Үүнийх нь хариуд газрын тосны компаниудыг хувьчлах, төсвөө танах шаардлагыг тавьж, хэрэгжүүлснийх нь дүнд эдийн засаг агшиж, орлогын 57 хувь нь өрөнд явсан байгаа юм. Энэ мэт жишээ үүгээр дуусахгүй. Зээл авсан улс орны эдийн засаг сайжрах гэхээсээ илүү агшиж, эдийн засаг нь уналтад орж, бүтээн байгуулалт нь зогсонги байдалд орсон муу жишээ бий. Тэгэхээр ОУВС-гийн хатуу бодлого сайн үр дүнд хүргэнэ гэж итгэхэд бэрх юм.

Тус сан Засгийн газарт олон нөхцлүүдийг тавьсан. “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засаг 8 хувьд хүрнэ гэж тусгасан. Олон татварыг нэмэгдүүлэхийн хажуугаар уул уурхайгаа ашигла гэдэг шаардлагыг тавьсан юм. Тодруулбал, стратегийн ач холбогдол бүхий ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар эдийн засаг сайжрах тухай ярьсан хэрэг л дээ. Ингээд үзэхээр бид тус сангаас хатуу нөхцөлтэйгээр зээл авалтгүйгээр уул уурхайгаа ашиглаж эдийн засгаа сайжруулах боломж бий гэдгийг тэд дээрх үгээрээ илэрхийлээд байна. ОУВС-гаас зээл авсандаа эдийн засаг 8 хувьд хүрэх гээд байгаа зүйл үгүй юм гэдгийг тэдний дүгнэлтэд тусгасан “уул уурхайгаа ашигла” гэдэг үгнээс нь ойлгогдож байна.

Г.Болд

Цензургүй.мн


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих