Харшил, халдвар идэвхжих улирал

202984-08032017-1488966355-2056674720-950357ШАР ӨВЧНИЙ ТАРХАЛТ НЭМЭГДДЭГ 

Хаврын урь орохтой зэрэгцэн зарим төрлийн халдварт өвчин идэвхждэг. Тодруулбал, халдварт шар өвчин, хачигт халдвар, гар, хөл амны өвчний тархалт нэмэгдэж, харшил сэдэрдэг талтай. Урин дулаан эхэлмэгц хөрсний бохирдол ихэсдэг тул эдгээр хөл амны өвчин элбэг тохиолддог билээ. Ялангуяа бага насныхан илүү өвчилдөг аж. Өнгөрсөн онд л гэхэд ойролцоогоор 8000 гаруй хүүхэд шарын халдварт өртсөн байна. Өвчлөгсдийн 80 гаруй хувийг 0-14 насны буюу сургууль, цэцэрлэгийнхэн эзэлж буй талаар эмч нар хэллээ.

Халдварт шар гэдэг нь бохир гараар дамждаг, вирусээр үүсгэгдэн элгийг гэмтээдэг, цочмог халдварт өвчин юм. Дэлхий дахинд элэгний үрэвсэл үүсгэдэг есөн төрлийн вирус тогтоогдоод байна. Монголд бохир гарын шар буюу А гепатит маш их байгаа бөгөөд нийт тохиолдлын 85-90 хувийг эзэлдэг аж. Шарын вирус нь цусанд хуримтлагдаж ялгадастай хамт гадагшилдаг. Ялаа, бохир ус, хоол хүнс, сав, гэр ахуйн эд зүйл, бохир гараар дамжиж, ходоод гэдсэнд нэвтэрсний дараа цусаар дамжин элгэнд очдог. Ийнхүү элэгний эсүүдэд үржиж, ялгадасаар хүний биеийг хордуулдаг байна.

Он гарсаар хачигт халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна

А вирусээр үүссэн шар өвчний далд үе нь долоо хоногоос cap гаруй хугацааны турш үргэлжилдэг. Тиймээс халдвар авсан эхний үед буюу нууц үедээ төдийлэн илэрдэггүй байна. А гепатитаар өвдсөн тохиолдолд амархан цуцаж, бие сулбайх, хоолонд дургүй болж, аманд гашуун амт амтагдаж, цээж хорсох, дотор муухайран бөөлжис цутгаж, гэдэс базлах, толгой өвдөх, нойр хүрэх, ялгадас цайвар цагаан өнгөтэй болох, шээс, өтгөн хүрэн болж өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гараа тогтмол угааж занших хэрэгтэй. Гараа тогтмол угаах, түүхий ус уухгүй байх нь халдварын эсрэг хамгаалалт болно. Бохирдсон эд зүйлсийг буцалгах, ууранд жигнэх, нэг хувийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлэх хэрэгтэй.

ХАЧИГТ ХАЛДВАР

Манай улсад хачигт халдварын тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн. Монголд одоогоор ойн болон бэлчээрийн хачиг, говь цөлд оршдог хачиг зэрэг гурван төрөл бүртгэгдээд байна. Мал амьтан хачигт хазуулсан тохиолдолд элдэв төрлийн халдварт өвчний нянгаар өвчлөх эрсдэлтэй байдаг талаар малын эмч нар анхааруулдаг.

Хачигт халдварын оргил үе нь 3-6 дугаар сар байдаг. Хачигт хазуулсан тохиолдолд мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж эрхтэн системийг гэмтээхээс гадна үхэлд хүргэж болзошгүй тул халдвараас сэргийлэх вакциныг эрүүл мэндийн төвүүдээр хийлгэвэл зохилтой. Хачигт халдварын вакциныг гурав, долоо, есдүгээр саруудад хийлгэх шаардлагатай байдаг.

Сэлэнгэ, Хэнтий, Булган, Хөвсгөл, Дорнод, Архангай зэрэг аймагт хачигт халдварын тохиолдол хамгийн их илэрдэг байна. Мөн говийн бүс, баруун аймгууд болон нуур ус, гол мөрөнтэй газрууд байгалийн дамжуулагчийн идэвхжилттэй газар нутаг гэсэн ангилалд багтжээ. 2017 он гарсаар Өмнөговь аймгийн Ханхонгор сум, Архангай аймгийн Цэнхэр сум, Улаанбаатар хотын Багануур, Чингэлтэй дүүрэгт хачигт халдварын дөрвөн ч тохиолдол илэрч Зоонозын өвчин судлалын үндэсний төвд бүртгэгдлээ.

Ялангуяа өтгөн шигүү ойтой газар хачиг их тархдаг тул ойд зугаалахдаа тод өнгийн хувцас өмсөхийг эмч нар анхааруулдаг. Сүүлийн жилүүдэд хот суурин газрын иргэд өвчилдөг болсон талаар судлаач эрдэмтэд хэлж байлаа. Хойд хөрш л гэхэд хачигт халдвараас сэргийлэх хоёр төрлийн шинэ вакцин гаргажээ. Оросын эрүүл мэндийн байгууллага энэ халдварын вакциныг заавал хийлгэхийг иргэддээ санал болгодог аж.

УРГАМЛЫН ХАРШИЛ СЭДРЭХ ҮЕ 

Дэлхий дээр хэдэн мянган зүйл ургамал ургадаг боловч ердөө л 50 гаруй нь харшил буюу поллиноз өвчин үүсгэдэг аж. Поллиноз нь харшлын эмгэгүүдийн дотор 25 орчим хувийг эзэлдэг бөгөөд голдуу 3- 9 наснаас эхлэн илэрдэг байна. Харшлын илрэл нь голчлон амьсгалын замын ба нүдний салст бүрхүүлд улирлын шинжтэйгээр жил бүр илэрч, ялангуяа ургамал цэцэглэх, тоосоо гөвөх үеэр хурцаддаг.

Энэ төрлийн харшилд удамшлын хүчин зүйл ихээхэн нөлөөтэй байдаг талаар мэргэшсэн эмч хэлж байна. Ургамлын тоосонцорын харшил нь хүүхдүүдэд хамрын салст, нүдний салстын үрэвсэл үүсгэдэг. Хүүхэд угсруулан найтаах, хамар битүүрэх, хамраас усархаг нус гоожих, нүд загатнах, улайх зовиур илэрнэ. Мөн хоолны дуршил буурч, нойргүйдэн амархан ядарна. Ургамлын гаралтай зарим хүнс нь тоосонцрын адил харшлын урвал үүсгэж болох тул хүүхдийн хоол хүнсэнд онцгой анхаарах хэрэгтэйг эмч нар зөвлөж байгаа юм.

Дэлхий дахинд элэгний үрэвсэл үүсгэдэг есөн төрлийн вирус тогтоогдоод байна

Модны тоосны харшилтай бол улаан лооль, киви, петрушка, хар чавга, лууван, интоор, алим, самар, тоор жимс өгч болохгүй. Зэрлэг ургамлаас харшилдаг бол шийгуа, тарвас, халва, наранцэцгийн самар, майонез, гич, хүрэн манжин, хаш зэргийг идэхээс татгалзах хэрэгтэй. Үрт ургамлын харшилтай бол гурил, квас, улаан буудай, манны каш, пудинг, зайрмаг, эрдэнэ шиш, хиам, кофе орлуулагч зэргийг хэрэглэж болдоггүй байна. Харшлын эмчилгээнд эмнээс дутуугүй ач холбогдолтой нэг чухал зүйл нь харшлуулагчаас зайлсхийх, түүнийг биеэс гадагшлуулах юм.

Харшлын улирал эхэлмэгц хүүхдийг ургамал ногооноос аль болох хол байлгахыг хичээх хэрэгтэй. Хаалга цонхыг хаалттай байлгах, чийгтэй самбай материалаар хаалт хийх, хүүхдэд чийгтэй амны хаалт зүүлгэх нь ихээхэн ач холбогдолтой. Өглөөний агаарт ургамлын тоос их байдаг тул хаалга цонхыг өглөөгүүр биш орой, эсвэл борооны дараа онгойлговол зохимжтой. Харшилтай хүүхдийн гэрт чийгтэй цэвэрлэгээг өдөр бүр хийж байх ёстой.

Хүүхдийг гаднаас орж ирмэгц гарыг нь угаах, хамар хоолойг зайлуулах, нүдийг цэвэр усаар угаах нь ихээхэн ач холбогдолтой. Мөн хувцсыг нь заавал солино. Харшлын илрэл арьсанд гардаг бол аль болох урт ханцуйтай цамц, даашинз, урт өмд өмсүүлэх хэрэгтэй. Тасалгаанд нь цэцэг ургуулах, амьд ба хатаасан ургамал байлгахыг хориглоно. Мөн харшлын чиглэлээр мэргэшсэн эмчид хандаж, эмчлүүлэхийг сануулахад илүүдэхгүй болов уу.

Б.Гандолгор

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих