М.Энхсайхан: “Ц.Нямдорж гадны компанид зөвлөхөөр ажилласан” гэсэн мэдээлэл бий

Ернөхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энхсайханыг “Ярилцах танхим “-даа урьж ярилцлаа.

-Танай нам нэрээ өөрчлөөд, улс төр ч адал явдлаар дүүрэн, та бүр өнгө орчихож. МҮАН-ын эхний өдрүүд ямар байна даа?
-Амны билэгтэй л үгс байна. Манай нам Улсын Дээд шүүхэд Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/ нэрээр бүртгүүлээд албан ёсоор эрх зүйн харилцаанд оролцох бололцоотой боллоо. Үүнтэй холбогдуулан бид намынхаа туг, далбаа, тэмдэг, урьд нь хэрэглэж байсан  бичиг  баримтуудаа шинэчлэх шаардлагатай болсон.

Мэдээж бид ирэх сонгуульд маш хариуцлагатай оролцоно. Магадгүй энэ нь монголчуудыг Монголоор нь авч үлдэх сүүлчийн боломж ч байж магадгүй гэж үзэж байгаа. Тиймээс сонгуульд эртнээс бэлтгэж байна. Бидний ажил маш урагштай байгаа.

-МҮАН нэрийг авах шийдвэр гармагц танай намынхан баярлан тэврэлдэж, сэтгэлийн хөдөлгөөнөө хүчтэй илэрхийлж байсан. Намдаа энэ нэрийг авна гэдэгт итгэлтэй бус байсных уу?
-Одоогоос таван жилийн өмнө Үндэсний шинэ нам байгуулагдахдаа үндэсний үзэл, ардчилсан ёсны болон шударга ёсны үзэл гэсэн гурван гол үзлийг намын үзэл баримтлалынхаа тулгын чулуу болгон номлож байсан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид үндэсний үзлийг улс төрийн эргэлтэд оруулахын төлөө маш их ажилласан.

Гэтэл өнгөрсөн хугацаанд МАНАН хэлбэрээр эрх барьж буй намууд төрд засагласан нь Монголд тогтсон олон намын тогтолцооны утга учрыг алдагдууллаа. Оюун ухааны өрсөлдөөн байхгүй болж, хэлбэр төдий болсон нь Монгол үндэстнийг хохироож, ирээдүйг бүдгэрүүлж байна.

Энэ бүхнийг засах цаг ирсэн. Тиймээс ардчилал, олон намын тогтолцооны амин сүнс болсон зарчмыг эргэлтэд оруулах үүднээс “Ардчилсан” гэдэг үгийг намынхаа нэрд оруулах шаардлагатай гэж үзээд энэ нэрийг авсан. МҮАН нэрийг авч чадна гэдэгтээ эргэлзэхгүй байсан.

Яагаад гэвэл хуулийн талаас нь судлаад үзэхэд ямар ч асуудал, бэрхшээл байгаагүй. Харин сэтгэлзүйн үүднээс элдвийн саад гарах болов уу гэсэн бяцхан эргэлзээ төрж байсан. Гэвч Монголд эрх биш шүүх засаглал шударга ажиллаж байгааг нотолж, манай намын нэрийг өгсөн.

-Өмнө нь МҮАН нэрийн дор намууд нэгдэж байхад Монголын Ардчилсан намыг та удирдаж байсан. Тэр үеийн МҮАН-аас өнөөг хүртэл таныг дагаж шинэ МҮАН-д яваа хүн хэр олон байдаг вэ?
-Байлгүй яах вэ. Тоолоход амаргүй байна. Жишээ нь удирдлагын бүрэлдэхүүнд гэвэл одоо МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Н.Батцэрэгийг хэлж болно. Бүр орон нутгаас улс төрийн гараагаа эхлээд өнөөг хүртэл итгэл үнэмшлээрээ хамтран ажиллаж байна.

Мөн МҮАН-ын нэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан олон хүн бий. Тохиолдлын зүйл гэж байдаггүй гэж би хэлэх дуртай. Мэдээж өмнөх МҮАН, одоогийн МҮАН-ын хооронд зарчмын олон том ялгаа бий. Өнөөдрийн МҮАН өмнөхөө бодвол хэрсүүжсэн, үзэл бодлын хувьд үндэсний үзэл, үндэсний эрх ашгийн үүднээс ирээдүйгээ шинээр харж чадсан нам болсон.

-Н.Энхбаяр Ц.Нямдоржийг огцруулах тухай мэдэгдэл гаргасан. Хэдийгээр та үүнд хамаагүй ч Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр хоорондоо энэ тухай огт ярьж байгаагүй гэвэл худлаа болох байх. Энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Би болсон явдлыг анхааралтай ажиглаж байгаа. Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үг, гаргасан мэдэгдэлтэй санал нэгтэй байна. Юуны өмнө энэхүү мэдэгдэл өнөөдрийн Монголын улс төрийн дүр зургийг үндсээр нь өөрчилсөн. Өмнө нь улс төрийг намуудын хоорондын тэмцэл гэж харж байсан бол одоо нам дамжсан бүлэглэл, мафийн сүлжээний тэмцэл болчихоод байна.

Тэгэхээр бид одоо ч, цаашид ч намууд хоорондоо тэмцэлдэж байна гэж үзэх нь алдаа юм. Нам дамнасан бүлэглэлүүд, Н.Энхбаяр даргын хэлсэн хатуу үгээр бол “Мафийн эсрэг тэмцэл” болон хувирч буйг сануулсан ноцтой мэдэгдэл боллоо гэж үзэж байна. Үйл явдал маш хурдацтай өрнөж байна.

Гэхдээ энэ нь хувь хүн хоорондын тэмцэл биш гэж харж байгаа. Монголын төр “бохирдсон”. Тэр “бохирдол”-ын хамгийн дээд ноён оргилыг Еренхийлөгч Н.Энхбаяр маш зоригтойгоор хэлээд өгчихлөө.

-Тэр ноён оргил нь Ц.Нямдорж сайд болж таарч байна уу?
-Тийм ээ, Ц.Нямдорж. Монголын төрд нутгархах, бүлгэрхэх, танил талаа татах бараг соёл мэт болсон энэ ёс бус хандлагыг хөгжүүлсэн хүн нь Ц.Нямдорж. Н.Энхбаяр Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ, “Ц.Нямдоржийн мартсан бүхнийг сануулна” гэж. Гэтэл тэр ярилцлага миний мартсан зүйлсийг хүртэл сануулсан байна билээ.

-Та Ц.Нямдорж сайдтай нэг танхимд хэд хэдэн удаа ажиллаж байсан. Тэр үед нь яагаад энэ бүгдийг хэлээгүй юм бэ?
-Эхлээд Н.Энхбаяр надад юу сануулсныг хэлье, тэгэх үү, Би 1998 онд Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрыг тэргүүлж байсан. Тэгэхэд би Ерөнхий сайдын хувиар нэг үг хэлсэн. Гол утга нь “Ц.Нямдорж Ардчилсан намынхантай үгсэн хуйвалдаж Засгийн газрыг унагах гэж байна” гэчихсэн юм.

Гэтэл Ц.Нямдорж миний тэр үгийг гүтгэлэг гэж үзээд шүүхэд өгсөн. Тухайн үед нийгэм ч тэрхүү үйл явцад тэгтлээ анхаараагүй. Шүүх намайг “Ц.Нямдоржийг гүтгэсэн” гэж үзээд олон сая төгрөгийн торгуулийн ял оноосон.

-Та хохирлыг барагдуулсан уу. Нууц биш бол хэдийг яаж төлөв?
-Өгөлгүй яах вэ. Тэр үед шүүхээс торгууль болгон оноосон мөнгөний хэмжээ надад ахадсан санагдаж байв. Гэвч Ерөнхий сайдын цалингаасаа суутгуулсаар байгаад төлж дуусгасан. Хамгийн инээдтэй нь төлж дууссанаас хойш хэдхэн сарын дараа үгсэн хуйвалдсан нь үнэн болж, эвслийн Засгийн газрыг унагаасан юм даа.

-Тэгэхээр нь та “Би гүтгүүлчихэж” гээд эргээд заргалдахгүй яасан юм бэ?
-/инээв/. Үүнийг би Н.Энхбаяр, Нямдорж хоёрын маргаан дундаас эргэн саналаа. Бас нэг асуудлыг санасан.

-Бас юу вэ?
-УИХ-ын 2000-2004 оны сонгуулиар тухайн үеийн МАХН 72:4 харьцаагаар үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэр үед Ц.Нямдорж мөн л “ноён оргил” байлаа шүү дээ. Дээр нь Ц.Нямдорж цаашид лав 20 жил гартаа атгана гэж галзуурч, сагсуурч байсан.

-Та яг тэгж хэлэхийг нь сонсож байсан юм уу. Эсвэл хандлагаас нь ажигласнаа хэлж байна уу?
-Тэр үед би намын удирдлагаас холдсон байлаа. Гэвч Ц.Нямдоржийн тэр байдлыг ажиглаад “Намдаа ойр байх хэрэгтэй юм байна” гэдгээ маш хүчтэй мэдэрсэн. Тухайн үед өнөөгийн Ардчилсан намын удирдлагууд бүгд АНУ-д зугаалж явсан гэдгийг бас хэлчихье. Тэгэхэд Ц.Нямдорж намайг байнга заналхийлдэг байсан.

-Юу гэж?
-”Намын даргагүй нам сонгуульд ялахыг нь харъя л даа” гэдэг байсан. Тухайн үед би төдийлөн ойшоодоггүй байлаа. Хожим нь болсон үйл явдлуудтай уялдуулан одоо эргээд бодоход “Францаас Д.Энхбатыг хулгайлж, С.Зоригийн аллагын захиалагч болгож хувиргаад л, намын дарга М.Энхсайханыг нь шоронд хийчихээр намын даргагүй нам сонгуульд ялахыг нь харъя л даа” хэмээн заналхийлж байсан юм билээ.

Тэгэхээр энэ бүхнийг хэн зохион байгуулж байсан нь харагдаж байгаа биз дээ. Хор найруулдаг, зохиомол хэрэгт гүтгэдэг, энэ бүх үүсэл, үйл ажиллагаа Ц.Нямдоржийн өөрийнх нь бараг хүмүүжлээс нь урган гарч байгаа юм байна гэж надад бодогдоод байгаа юм.

Дээр нь Ц.Нямдорж “Монголын нийгмийг айлган сүрдүүлэх замаар барих нь хамгийн зөв” гэж өөрөө зарладаг байсан юм. Бүр жишээ дурьдвал 2003 онд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ч үүнийгээ хэлж байсныг би санаж байна. Өнөөдөр тэр үед чихээрээ сонссон сэтгүүлчид ажлаа хийж яваа.

-Та хэлээд өгөөч. Хэн гэдэг сэтгүүлч чихээрээ сонссон бэ?
-Р.Хадбаатар, С.Баярмөнх нарыг тод санаж байна. Уг нь олон сэтгүүлч байсан. Бүгд Ц.Нямдоржид загнуулаад чив чимээгүй сууж байсныг нь би тод санаж байна. Ц.Нямдоржийн сэтгэлгээний загвар нь айлган сүрдүүлэх арга гэдэг нь өнөөдөр ч ажиглагдсаар байна. Бас өнгөрсөн хугацаанд Ц.Нямдорж Монголын нийгэмд юу хийсэн юм бэ гээд Н.Энхбаяртай харьцуулан бодохоор тоймтой хийсэн ажил нь харагдахгүй байгаа юм.

-Арай ч үгүй байлгүй дээ?
-Мэдээж муу юм бий л дээ. Өчүүхэн хэргийн төлөө шоронд ордог заалтыг Эрүүгийн хуульд оруулсан. Яг тэр заалтаар дунд сургуулийн олон сурагч хоригдсон. Би  шулуухан  хэлье.  Цагдаагийн дарга байсан генерал Пүрэв гуай надтай уулзаад “Энэ заалтаас болж балчир хүүхдийн гэнэн үйлдлүүд шууд шоронд ороход хүргэж байна” гэж хэлсэн удаатай.

Баларч байсан шүү дээ. Одоо ч энэ байдал үргэлжилж байгаа. Гэхдээ Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор бидний хичээл зүтгэлийн үр дүнд хүүхдүүдийг шоронгоос гаргасан. Гэхдээ л Ц.Нямдорж ийм, тийм хэрэгтэй бол гаргахгүй гээд зарим хүүхдийг шоронд үлдээх гэж оролдож байсан.

-Бидний хичээл зүтгэлээр гэдэг чинь юу гэсэн үг вэ?
-Шоронгоос бүх хүүхдийг гаргатал би андуураагүй бол 30-аад нь үлдчихээд байсан юм. Тэгэхэд би Ерөнхийлөгч дээр орж “Монгол Улс хүүхдээ шоронд хийдэггүй орон болмоор байна. Таны эрх хэмжээний асуудал учраас та уучлал үзүүлээч” гэж гуйсан.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр маш хурдан арга хэмжээ авч 2006 онд Монгол Улс хүүхдээ шоронд хийгээгүй орон болсон. Гэхдээ хэсэгхэн зуур. Одоо тэр хуулийн дагуу хүүхдүүд шоронд ял эдэлсэн хэвээрээ байгаа. Тэгэхээр Ц.Нямдоржийн чирсэн гай их. Дашрамд хэлэхэд Н.Энхбаяр Ц.Нямдоржийн мартсаныг төдийгүй миний мартсаныг хүртэл санууллаа гэдгийн учир энэ.

Би үүнийг та нарт хэлэх ёстой. Асуудлын гол нь Н.Энхбаяр, М.Энхсайханд биш. Гол нь Ц.Нямдоржийн балгаар ардчилсан нийгэмд хэлмэгдсэн өчнөөн хүн байна гэж бодохоор харамсалтай санагдаж байна. Мөн Н.Энхбаяр “Ц.Нямдоржийг сайд хэвээрээ байхад би шалгуулахгүй” гэсэн. Энэ бол хамгийн зөв.

-Яагаад?
-Яагаад гэвэл юуны өмнө үнэн, худал нь мэдэгдэхгүй хувьчлалын асуудал бий. Тэр хэргийн цаана өнөөгийн Ардын намын удирдлагууд бүгдээрээ сууж байгаа. Хэрэв тэднийг “Хэрэг хийгээгүй” гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгч Н.Энхбаяр
яагаад хийсэн болдог юм бэ.

-Та яагаад Н.Энхбаярыг Ерөнхийлөгч гээд байгаа юм бэ. Түрүүнд хэлэхэд андуурав уу даа гэтэл давтаад байх юм. Арай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг “дотроо” хүлээн зөвшөөрдөггүй юм биш биз дээ?
-Үгүй. Ингэж хэлээд сурчихаж. Ерөнхийлегч гээд яриад байхаар хүмүүс гайхдаг юм. Монголын бүх л цагийн Ерөнхийлөгчид монголчууд бидэнд Ерөнхийлөгч л байх ёстой. Анхных нь байна уу, хоёр, гурав дахь нь байна уу, хамаагүй. Өнөөдөр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ажлаа өглөө гэхэд монголчуудын хувьд хэзээд Ерөнхийлөгч хэвээрээ л байх ёстой.

Би үндэсний үзэлтэн гэж өөрийгөө хэлэх гээд байна. Үндэсний үзэлтний хувьд Монгол Төрийн тэргүүн байсан болон байгаа хүмүүс бүгд л бидний Ерөнхийлөгч.

-Арай тэр мэдэгдлийг Н.Энхбаяр та хоёр толгойгоо нийлүүлж суугаад биччихсэн юм биш биз?
-Үгүй, үгүй. Түрүүнд танд хэлсэн шүү дээ. МАХН-ын гаргасан мэдэгдэл бидний харж байсан улс төрийн өнцгийг хүртэл өөрчилсөн. Тиймээс бидэнд ч бас цочрол өгсөн. Гэхдээ ойлгож цөхөөд байх юм байгаагүй. Нэг нь ажил дээр гарсан алдаа хөндөөд байдаг. Нөгөө нь буюу Ц.Нямдоржийг эсэргүүцсэн асуудлыг тавьж байна шүү дээ.

Энэ хоёрыг нэг хавтгай дээр тавьж үзэж болохгүй. Ц.Нямдорж тэр мэдэгдлийн хариуг нь олон түмэнд хэлээд өгчих хэрэгтэй. “Алтжин”-ийн Г.Алтангийн хаус хэний нэр дээр байдаг юм бэ.

-Үүний хариуг өгчихсөн. Сайд өөрөө түрээсийн байранд амьдардгаа олон нийтэд зарласан шүү дээ?
-Түрээсийн байранд гэж яриад байгаа. Гэтэл байр гэдэг үгийг сүүлийн үед олон янзаар хэлдэг болсон байна шүү дээ. Тэгээд юу гэх вэ, түрээсийн ордонд амьдардаг юм аа гэлтэй биш. Миний сонссоноор бол Ц.Нямдоржийн өөрийнх нь нэр дээр байдаг юм билээ. Эсвэл үнэхээр түрээсэлдэг бол хэнээс түрээсэлдгээ хэлээд, түрээсийн гэрээгээ хэвлэлд нийтэлчих. Харъя.

-Өөрийнх нь нэр дээр байсныг өөрчилчихөж болно шүү дээ. Хуулийг хүртэл засдаг хүнтэй заргалдаж байгаагаа ойлгож байна уу?
-Наадах чинь өөрөө сонин асуудал. Бодууштай. Нэг асуудлыг хөндмөөр байна. Ашигт малтмалын тухай хуулийн 30-аад заалтыг Ц.Нямдорж өөрийн гараар зассан.

-Та баталгаатай хэлж байна уу. Энэ бол маш ноцтой асуудал?
-Баталгаатай хэлж байна.

-Редакцийн засвар биш үү?
-Харин 30-аад заалт засахдаа редакцийн засвар хийж гадныханд хэрэгтэй утгын засвар хийж үү гэдгийг шалгах хэрэгтэй болж байна.

-Ц.Нямдорж сайдыг энэ асуудлаар шалгах хүч бий юү?
-Байлгах л ёстой болж байна. Өөр яах юм бэ.

-Сайдаас нь огцруулчихсаны дараа бол амархан байх л даа?
-Бараг л тийм байх. Дээр нь хэлэхэд Монгол Улс жижигхэн шүү. Бидний чихэнд олон юм сонсогдож байгаа. Үнэн, худлыг нь нотолж чадахгүй чихээрээ сонсоод л байгаа. Тухайлбал, “Оюутолгойн гэрээг хийх явцад Ц.Нямдорж гадны компанид зөвлөхөөр ажилласан” гэсэн мэдээлэл бий.

-Энэ ч арай дэндэнэ ээ. Яаж тийм байх билээ?
-”Ц.Нямдорж “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компанид хуулийн зөвлөхөөр ажилласан” гэдэг энэ үгийг би гадны хүмүүсийн ярианаас чихээрээ сонссон. Гэхдээ би үүнийг нотлохгүй. Харин Ц.Нямдоржийн хэлсэн үг, хийсэн үйлдлээр тэр үгийн үнэн нотлогдоод байгаа юм.

-Яаж нотлогдов?
-Оюутолгойн гэрээний зөв, бурууг Монгол талаасаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөрөө гардан хариуцах ёстой. Гэтэл яагаад Монголын талын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэгт орохгүй, энэ үүргээс өөрөө сайн дураараа зугтаад байсан юм бэ. Энэ юу хэлээд байна вэ гэж би хэлэх гээд байгаа юм.

Нарийн ярих юм бол гадныхантай харилцаж байсан нь зарим хүний нүдэнд харагдсан байгаа шүү. Энэ бол асуудал.

-Та хоёр хоорондоо ер нь ямар харилцаатай байдаг юм бэ?
-Бид хоёрын хооронд ямар харилцаа байх юм бэ. Ямар ч харилцаа байхгүй. Монгол төрийн төлөө хэн нь яаж зүтгээд байна вэ гэдэг тэмцээн, маргааны л асуудал байдаг байх.

-Л.Гүндалай гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үед та гадаадад явж байгаад маш хурдан ирж билээ. Дараа нь тэр асуудал намжсан. Та ямар нэгэн зохицуулалт хийсэн үү?
-Би тэр үед Камбожид байсан юм. Камбожийн сонгуульд олон улсын ажиглалт хийх гээд очсон байсан. Тэгээд би яаралтай нисээд ирсэн юм.

-Та тэгэхэд намын дарга, Л.Гүндалай дэд дарга байсан биз дээ. Тэгээд “дэд”-ээ яаж аврав гэж асуух гээд байна л даа?
-Тэгэлгүй яахав. Би дэд даргаа баривчлагдаж байхад гадаадад байгаад байлтай биш. Шууд ирсэн. Тэгээд юу болов, яав ийв гэдэг асуудлыг ярьсан. Угаасаа айлган сүрдүүлэх, хэрэг үүсгэх, цэрэг цагдаагаа хөдөлгөх энэ натур бол ереөсөө Ц.Нямдоржийн өөрийнх нь хорин жилийн амьдрал.

Тэр Монголын улс төр, ардчилалд гай учруулаад зогсохгүй хууль, шүүх засаглалд гай болж олон арван хүнийг хэлмэгдүүлэн шоронд байлгаж байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Би үүнд л санаа зовж байна. Манийгаа бол барахгүй байх.

-Саяхан Н.Энхбаярыг мэдэгдэл гаргасан орой баривчлах гэж оролдсон бололтой. Үүнийг та юу гэж үзэж байна. Та түрүүнд тохиолдол гэж байдаггүй гэж хэлсэн. Тэгэхээр энэ бүхэн хоорондоо учир шалтгаантай, холбоотой байж таарах нь ээ?
-Шууд баривчлаад, хэрэг хүлээлгээд явчих нь юу л бол. Зүгээр л Н.Энхбаярыг дарамталж байгаа юм. Дарамтлахын тулд таван цаг байлгах, тавин хоног баривчилж хорихын хооронд ерөөсөө ялгаа байхгүй. Тэр ч байтугай дарамтлахын тулд эхнэр, хүүхэд, ах, дүүг нь оролдоно. Энэ бүхэн зүгээр л дарамт байхгүй юу.

-Ц.Нямдорж Н.Энхбаярын эхнэр, хүүхдээр оролдсон юм уу?
-Тэгсэн биз дээ. Өнөөдөр ч гэсэн Н. Энхбаярын эхнэр, хүүхдүүд дээр нь хэрэг үүсгэсэн байгаа шүү дээ. Би Н.Энхбаяраас юу болоод байгаа юм бэ гээд бас улс төрийн хувьд ойр дотно ажиллаж байгаагийн хувьд тодруулж асуудаг удаа бий л дээ. Энэ удаа өөрийнх нь зөвшөөрөлгүй хэлчихлээ. Жаахан эвгүй байж магадгүй юм. Гэхдээ өчнөөн олон янзаар дарамталлаа шүү дээ.

-Та надад өгсөн нэг ярилцлагадаа хэлж байсан. “Н.Энхбаяр надад хужаа гэдэг нэр өгсөн. Би Н.Энхбаярт авлигын загалмайлсан эцэг гэдэг нэрийг өгсөн” гэсэн гарчигтай байсан. Гэтэл “Хужаа”, “Авлигын загалмайлсан эцэг” хоёр нийлээд сөрөг хүчин болж, Монголыг олигархиудаас цэвэрлэх гээд байгаад олон нийт нэг л итгэхгүй байх шиг. Та хоёр нийлж юу хийж чадахаа амлаж чадах уу?
-Монголын сүүлийн 20 жилийн улс төрийг Н.Энхбаяр, М.Энхсайханаас салгаж ойлгоход хэцүү. Хоёулаа намын дарга байсан. Гэхдээ одоогийнх шиг тэврэлдсэн МАНАН биш тэрсэлдсэн МАНАН байлаа. Эрүүл өрсөлдөөн байсан. Оюун ухааны өрсөлдөөнөөсөө халиад бие биеэ эвгүй үгээр хэлэх үе ч байсан.

Тэр үед л өрсөлдөгч намынхан намайг “хятад”, “хужаа” гэж хэлчих жишээтэй. Би бас нөгөө намынхаа даргыг “Авлигын загалмайлсан эцэг” гээд хэлчихсэн байдаг. Одоо эргээд бодоход “загалмайлсан” гэж хэлсэн маань буруу юм билээ.

-Яагаад буруу гэж?
-”Аравнайлсан” гэж хэлэх ёстой байсан юм билээ. Авлигын аравнайлсан эцэг байхгүй юу. Загалмайлсан гэдэг чинь Европ зүгээс гаралтай. Гэхдээ бид нэгнийгээ ингэж хэллээ гээд улс хохироогүй.

-Бас хожоогүй?
-Тийм ээ, хожоогүй. Талцаж хуваагдсан. Одоо нэгдэх хэрэгтэй. Тэр тусмаа оюун санаагаараа нэгдэх ёстой. Энэ нэгдэлд МҮАН, МАХН голлох үүрэгтэй гэж бодож байна. Энэ намаас гадна эрүүл саруул оюун ухаантай олон хүн биднийг дэмжиж байгаа гэдэгт эргэлздэггүй.

-Таны машиныг бас яачихсан юм бэ дээ. Та тэгээд түүнийг нь дайралт, дарамтын хэлтэрхий гэж үзээд байгаа юм уу?
-Өглөө харсан чинь миний машиныг цохичихсон байсан. Нөхөд маань, зарим сэтгүүлч “Та зургийг нь тавиад мэдээлчихээч” гэж зөвлөсөн. Тэгээд л сайт дээр тавьсан. Гэхдээ нэг их ач холбогдол өгөхгүй байгаа.

-Арай МҮАН нэрийг авсанд тань дургүйцсэн экс нөхөд чинь биш биз?
-Үгүй байх аа. Би МҮАН нэрээ авсанд баяр хүргэж буй хүнтэй л олон таарч байгаа. Орон нутгаас ч, хотод ч МҮАН-д нэгдэх гэсэн хүмүүс надтай уулзах хүсэлт тавьж байна. Би бараг хэнтэй нь түрүүлж уулзах учраа олохгүй байгаа шүү дээ.

-Сайн л байна. Таны хамтрагч асан, талийгаач Ж.Наранцацралт амьд сэрүүн байсан бол Н.Энхбаяртай нэгдэхийг тань зөвшөөрөх байсан гэж үү?
-Үүнд эргэлзэх юмгүй. Нараа маань энэ талаар олон удаа ярьж байсан. Түүнийгээ зуурдаар алдсан нь манай намынхны хувьд УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө амссан хамгийн том гарз хохирол байсан. Нараа маань байсан бол бид энэ парламентад ядаж нэг суудалтай байх байсан гэдэгт эргэлздэггүй. Гэхдээ бид үйл хэргийг нь үргэлжлүүлж явааг тэнгэрээс харж байгаа биз ээ.

-Тэр хэргийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Саяхан хэргийн газраас бууны сум олдсон учраас дахин шалгахаар болж байгаа талаар мэдээлсэн байна билээ. Та ар гэрийнхэнтэй нь уулзаж лавласан уу?
-Яг үнэндээ ар гэрийнхэнтэй нь уулзаж чадаагүй. Хардлага сэрдлэгийн хувьд монголчууд энэ талаар маш өндөр түвшний мэдрэмжтэй. Үүнийгээ аль болох дарж байх хэрэгтэй, хөгжүүлэх хэрэггүй гэж боддог юм. Ялангуяа ийм хэргийн хувьд зөвхөн баримт, нотолгоонд тулгуурлаж ярихгүй бол болохгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Оргилмаа

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонинд нийтлэгдсэн


URL:

Сэтгэгдэл бичих