Хамгийн шим тэжээлтэй хүнсээ хаяж, хэрэггүйг нь идэж байна

Кальцийн үүрэг болон зөв зохистой хэрэглээний талаар Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн “Монхимо” компанийн Эрдэм шинжилгээ туршилтын төвийн захирал, МУИС-ийн Хими, химийн инженерийн сургуулийн профессор Д.Дэмбэрэлнямтай ярилцлаа.

-Эмч нар “Тэндээс яг энэ кальцийг аваарай, өөр газар байхгүй шүү” гээд орос кальци зааж өгч байна. Үнэхээр сайн юм уу?
-Эмийн бизнес газар их авч байна. Эмч тодорхой нэг эм бичиж өгвөл тухайн газраас урамшуулал авдаг сүлжээ мэтийн зүйл үүссэн. Тухайн кальци үнэхээр үр дүнтэй, эсэхийг лабораторид шинжлээд үр дүнг нь баталчихсан зүйл байдаггүй. Манай хүмүүс ихэвчлэн ам дамжин мэдээллээр кальци авч хэрэглэдэг.

-Кальци ямар үүрэгтэй вэ?
-Кальцийн 99 хувь нь ясанд агуулагдаж, үлдсэн нэг хувь нь биеийн шингэнд чөлөөтэй оршиж байдаг. Яс бат бөх байх, цус шингэн, зүрх судасны системийн үйл ажиллагааг зохицуулах, булчингийн үйл ажиллагаа, тархины мэдээлэл дамжуулах гээд кальцийн үүрэггүй зүйл гэж байхгүй. Кальци хүнийг 150 орчим өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалах чадалтай.

-Кальци дутагдахаар эхлээд яаж мэдэгддэг вэ? 
-Кали, кальци зэрэг шүлтлэг металлуудыг хоол хүнсээр авч чадахгүй бол бамбай булчирхайгаас паратеройд гэгч даавар ялгардаг. Энэ нь хүний биеийн яс, зөөлөн эдээс кальци болон бусад эрдсийг цус руу автоматаар татаж авдаг юм. Ингэхдээ хамгийн эхэнд зөөлөн эдээс авч, шохойжилт, диск суухаас эхлээд үе мөч өвдөнө. Сүүлдээ дутсан эрдсээ яснаас авч эдийн нягтыг нь бууруулдаг. Үүний дараагаар ясны сийрэгжилт гэдэг өвчин үүсч, амархан хугарах, эргэж эдгэхгүй байх, хэвтэрт орох зэрэг эрсдэлтэй.

-Хоол хүнсээрээ бүрэн авах боломжтой юу? 
-Ер нь аль ч оронд хоол хүнсээр биед хэрэгтэй бүх аминдэм, эрдсийг авах боломжгүй. Аль нэг нь заавал дутагдаж л байдаг. Тиймээс л хүнсний нэмэлтээр нөхөх хэрэгтэй.

-Гурван төрлийн кальци байдаг гэсэн. Хүнд аль нь тохиромжтой вэ?
-Бидний хийсэн судалгаагаар бол амьтны ясанд агуулагдах кальци хамгийн үр дүнтэй. Арслан, бар, адуу тэргүүтэй хүчирхэг амьтдын яс бат бэх байдаг. Солонгост л гэхэд адуу ховор ч олдохоор нь эрчүүд махыг нь идэж, эмэгтэйчүүдэд яс нь л олддог байж. Гэтэл солонгос эмэгтэйчүүд далай руу шумбаж, далайн амьтан гаргаж зарах ажил хийдэг байлаа шүү дээ.

Тэр чөмөг ташим хүйтэн усанд байнга орж байхад үе мөч нь өвддөггүй шалтгаан бол адууны ясыг үйртэл нь чанаж идээд, шөлийг нь уудаг байсных. Таван хошуу малаас адуу хог иддэггүй, гүзээ байхгүй, идсэн зүйлээ шууд шингээж, хэрэггүйг нь гаргадаг амьтан. Тиймээс түүний ясыг хүнсний нэмэлт болгож хэрэглэхэд судалгаанд оролцсон хүмүүсийн 95 хувьд нь эерэг үр дүн гарсан.

-Эртний монголчууд кальциар дутаагүй гэдэг. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Өндөр настай хүмүүсийн ясан дахь кальцийн хэмжээ харьцангуй өндөр байгаа. Энэ нь тэдний уламжлалт хүнсээ хэрэглэж, амьдралын зөв хэвшилтэй байсантай холбоотой. Аль болох боловсруулаагүй хүнсийг өөрсдөө бэлдэж хэрэглэж байсан гээд олон хүчин зүйл бий.

Үнээгээ саагаад шууд бүлээнээр нь балгачихдаг байсан бол одоо үйлдвэрүүд өндөр температурт халааж, элдэв химийн зүйлтэй холиод зарж байна. Манай өвөг дээдэс кальциар дутдаггүй байсан нь хоол хүнстэй нь холбоотой. Залуучууд өөх идэхгүй байна. Шил, мөгөөрс, бүлх гээд чанасан махны хамаг л хатуу хэсгийг хаяад, аль зөөлнийг нь иддэг. Гэтэл эрт үед хатуу эд хэсгийг нь хүүхдэдээ өгдөг байж л дээ, монголчууд.

Түүгээр ч зогсохгүй өсөж яваа эмэгтэй хүүхдэд өвчүү өгч түүнээс нь юу ч хаялгүй иддэг байж. Хүүхэд залуучуудын дунд ясны өвчлөл их байгаа. Заавал буцаад хэдэн зууны өмнөх рүү “оч” гэж хэлэхгүй. Өвөг дээдсийн ур ухаан, анагаах ухааны орчин үеийн ололт амжилтыг хослуулсан зөв бүтээгдэхүүнээ судалж, сонгож хэрэглэх хэрэгтэй.

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих