СААРАЛ АЛТ

7a8e99fb3f1445ecbigГачуурт тосгоны эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Засаг даргын хийгээд өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн байр, төвлөрсөн шугамд холбогдсон 40 гаруй амины орон сууц, уурын зуух зэргийн бохир, хаягдал усыг цэвэршүүлж буй “Бохир ус цэвэрлэх байгууламж”-ийн үйл ажиллагааг танилцуулж явсан Д.Басандорж гуай хоёрдугаар шатны цэвэршүүлэгч дэх уснаас шанагаараа хутгаад уучихав. Тэгснээ “Бид бохир усыг ийм хэмжээнд хүртэл цэвэршүүлж чадаж байгаа.

Нэгдүгээр шатлалын шүүлтүүрээр ирж буй бохир усны лаг, зарим эрдэс, нянг шүүгээд дараагийн шатлал руу дамжуулах явцдаа бактерийг нь хэт ягаан туяагаар устгаад, 100 гаруй хувь цэвэршүүлсэн ус болгож байгаа юм. Шүүлтүүрийн явцад лаг хуримтлагдана гэсэн ойлголт байхгүй. Манай төслийнхөн анх удаа америкийн борцолсон бактерийг туршиж, үржүүлэн лагийг идүүлэх арга замаар бүрэн устгаж байгаа. Энэ байгууламжид айлууд, албан байгууллагуудын жорлонгийн бохироос гадна ахуйн, эмнэлгийн цус нөжтэй, бусад хортой гээд бүх төрлийн бохирыг агуулсан хаягдал ус ирж байгаа. Гэвч бид Японы цэвэрлэх байгууламжийн тусламжтайгаар ямар ч химийн бодис ашиглалгүйгээр ундны усанд ч хэрэглэж болох хэмжээний цэвэршүүлж чадаж байна.

Хаягдал усыг цэвэршүүлж чадаж байгааг мэргэжлийн бүх байгууллагаас шинжилж, судалж, найдвартай гэдгийг тогтоосон. Гэхдээ одоогоор цэвэршүүлсэн саарал усаа юунд ч ашиглаагүй байна. Хамгийн гол нь энэхүү цэвэршүүлсэн буюу саарал усыг Монгол Улсын хэмжээцд юунд ашиглаж болохыг хууль, эрх зүйн хүрээнд тодорхой болгох шаардлагатай. Хууль, эрх зүйн орчин бүрдвэл саарал усыг бүх төрлийн үйлчилгээнд нэвтрүүлж болно. Мөн ийм цэвэрлэх байгууламжийг өрхийн хэмжээнд нэвтрүүлэх, хэрэглэсэн усаа цэвэршүүлж, бусад хэрэглээндээ ашиглах боломжоор хангах боломж, ирээдүй манайд бүрэн бий. Манай төслийнхөн Гачуурт тосгоны 120 гаруй өрхөд орчин үеийн био жорлонг суурилуулж өгсөн. Ингэснээр Туул голын эх бохирдохоос бүрэн сэргийлж чадаж байгаа юм. Өмнө нь энд бохир ус нөөцлүүрийн сав байдаг байсан. Энэ хавийн айл, албан байгууллагуудаас ирж буй бүх бохир нөөцлүүрт хуримтлагдаж, сүүлдээ савных нь цоорхойгоор Туул гол руу шууд нийлүүлж байсан. Одоо бол хоногт 25 шоометр бохир усыг бүрэн цэвэршүүлж байна. Өөрөөр халбэл, нийслэлчүүдийн ундны усны эх рүү бохир биш цэвэршүүлсэн ус урсаж байгаа” гэсэн юм.

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг дэлхий даяар усны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. НҮБ-аас энэ жилийг “Хаягдал ус” уриан дор тэмдэглэхээр зарласан. Үүнтэй холбоотойгоор манай улс “Хаягдал ус-нөөц баялаг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Энэ талаар БОАЖЯ, БХБЯ, МБОИЗ зэрэг зохион байгуулагч төрийн болон төрийн бус байгууллагуудьш төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Гачуурт дахь “’’Бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцуулсан юм. Хэвлэлийн хурлын үеэр зохион байгуулагчид “Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна Тухайлбал, энэ сарын 20-нд “Улаанбаатар хотын ус хангамжийн өнөөгийн байдал” хэлэлцүүлэг, энэ сарын 22-нд “Хаягдал ус-нөөц баялаг” сэдэвт форум болон “Ус хөгжлийн түлхүүр” сэдэвт оюуны эрдэм шинжилгээний, онол практикийн ХII бага хурал, сэтгүүлчдийн дунд “Хаягдал ус-Түүний үнэ цэнэ” сэдэвт шилдэг нийтлэл, сурвалжлага шалгаруулах уралдаан” зарлаж байгаа аж. Мөн усыг хэмнэлттэй ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллагуудын технологийн үзэсгэлэнг зохион байгуулах юм байна.

Энэ үеэр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн доктор, профессор Д.Басандорж “Нийслэлийн усны бохирдол агаар, хөрсний бохирдол шиг өвдөр хэмжээнд хүрсэн. Усны бохирдол нь хүний эрүүл мэнд, улс орны эдийн засаг, нийгэмд сөрөг үр дагавартай. Бидний тооцоогоор манай хотоос өдөр болгон 150-180 мянган шоометр бохир ус гарч байгаа. Бид үүнийгээ эргүүлээд цэвэршүүлээд ашиглах боломжтой. Ашиглахдаа ундны ус хэлбэрээр биш зүлэг ногоо услах, уурын зуухнуудад ашиглах юм. Ингэвэл Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хот усны гачигдалд орохгүй. Өнөөдөр дэлхий дээр бохир ус цэвэрлэгээний техник, технологи маш өвдөр хөгжсөн байгаа. Ямар ч бохирдолтой усыг бид ундны ус болгоод цэвэрлээд уух боломжтойг Гачуурт тосгон дахь Бохир ус цэвэрлэх байгууламж харуулж байгаа” гэсэн юм.

Дашрамд дурдахад, дэлхий дээр 5.5 тэрбум шоометр бохир ус хаягддаг бол манай улс жилдээ 500-600 сая шоометр цэвэр ус ашиглаж, 470 сая шоометр бохир ус хаядаг аж. Бохир усыг механик биологийн, биотехнологийн, нанотехнолопийн, мембран технологийн аргаар бохирдлоос салгаж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй болтол цэвэрлэх өндөр нано технологиудыг дэлхий нийтээр ашиглаж байгаа юм.

 

 

Б.ЭНХМАРТ /ҮНДЭНСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: захиалгаар Огноо: 18 March 2017

саарал усыг шууд ууж болохгүй ээ Хөгжсөн улсад бол ооеийн усанд лав ашигладаг юм билээ

Сэтгэгдэл бичих