А.Мөнхбат МЗХ-ныхныг тэнгэр үзлээр “хүмүүжүүлж” байна гэв үү

7320Тэрбээр бөө болсон тухайгаа нэгэнтээ хэлэхдээ “сахиус буулгаж хэнгэрэг нүддэг бөө биш, харин өвөг дээдсийнхээ хэлсэн төрийн үйлийг ажил хэрэг болгодог бөө” гэж байсан удаатай. Энэ үйл хэргийнхээ төлөө зүтгэж, бас болоогүй Монголын залуучуудын холбооныхныг тэнгэр дээд үзлээр хүмүүжүүлж байгаа сурагтай. Монголын Залуучуудын холбоонд ажилладаг бол бөө, тэнгэр үзлийн тухай ярьж, түүнийг нь сонсож, дагах ёстой бололтой юм.

Монголын залуучуудын холбоо гэх том “айл”-ыг өөрийнхөөрөө хөдөлгөж байгаа хүн бол А.Мөнхбат. Тус холбоог удирдсанаасаа хойш хар, цагаан жагсаалт гээчийг гаргаж ирэн эрх баригчид, улстөрчдийн нэрийг ангилж эхэлсэн. Үнэнчээр хар, цагаанаар нь ангилав уу гэхэд бас тийм биш байсан гэдгийг тухайн үедээ зарим нэг хүн ярьж, бичиж байсан. Мөнгө өгсөнийг нь цагаан руу, өгөөгүйг нь хар жагсаалт руу оруулчихаж байна гэх шүүмжлэл бишгүй явсан. Гэхдээ А.Мөнхбат бол үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Тэнгэрийн зарлигийн дагуу тэрбээр төрийн хэргийг түшилцэхийн тулд одооноос бэлтгэлээ базааж эхэлжээ. Парламентын сонгуулийн өмнөхөн Иргэний хөдөлгөөний намыг Ж.Занаа, Д.Сүхжаргалмаа нарын хамт байгуулалцаж байв. Харин одоо бол А.Мөнхбат намын дарга нь. Түүний зорилго бол төрд суух. Өөртэйгээ хамт олон залуусыг төрд суух хэрэгтэй гэж үздэг нэгэн. Залуучуудын холбооныхонд хандаж “Хөх Монголыг өмнөх 300 жилийн залууст тохиож байгаагүйгээр босгож, нийт хүн төрөлхтний хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх гайхамшигтай үүрэг бидэнд оногдож байна. “Их Эзэн Чингис хааны алтан дээд сургаалиуд дээр заларч байгаа бол та энэ ертөнцийн хамгийн агуу нь, хэрвээ таны дээр өөр хэн нэгэн байгаа бол та бусдын идэш, өөрийн өөдгүйн боол ба харь хүмүүнүүдээс өөрийгөө бүү дорд үзтүгэй” гэсэн ихэс дээдсийн сургаалийг санахтун” хэмээн хэлж байсан удаа бий. Залуусыг уриалж, үлгэр дуурайлал болох ёстой хүн цахим ертөнцөд ямар хүн гэдгээ харуулах мэт ёс зүйгүй үг хэллэг хэлж, хараал бичих нь ажиглагддаг. Хувь хүний орон зай ч гэлээ дээд тэнгэр, өвөг дээдсийн сургааль ярьдаг хүн өөрийн үг хэл, үйлдлээ бодох нь зүйн хэрэг биз ээ. Ийнхүү А.Мөнхбат өвөг дээдсийнхээ захиасын дагуу төрд суух хүн гэдэгтээ бат итгэн үйл хэргээ үргэлжлүүлж явна. Харин түүнийг төрд хэрэгтэй эсэхийг тэд бус одоогийн ард түмэн л мэдэх болов уу даа.

 

М.Тулга


URL:

Сэтгэгдэл бичих