Татвар төлөгчдийн 104 тэрбумаар “гараа угаасан” Э.Бат-Үүлийг шалгая

-Түүхэнд байгаагүй их төсөвтэй хотын захирагчаар тодорсон тэр ямар ажил хийв-

3rip9gpch6tinkeae0n6savco

Азийн цагаан дагина хэмээн олон улсад нэрлэгдтэлээ хөгжиж байсан улсын маань нийслэл Улаанбаатар хот өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж буй ч утаагаараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрээд байгаа. Үе үеийн хотын дарга нар утаа багасгах нэрээр олон тэрбум төгрөг салхинд хийсгэсэн ч өнөөх гайхал утаа улам бүр өтгөн манан болж, хүрээгээ тэлсээр байна. Өнгөрсөн 2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай байгаа аж.

Өмнөх хотын мэр Э.Бат-Үүл иргэдийг хашаандаа амины орон сууц барьж амьдардаг болгоно хэмээн сонгуулийн үеэр сонгогчдын “тархийг угаасныхаа” хүчинд ялалт байгуулсан ч өнгөрсөн дөрвөн жилд ийм сууц бүхий хороолол нэг ч баригдаагүй юм. Мөн 2012-2016 онд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан ч бодит байдал дээр энэ хөрөнгө юунд зарцуулагдсан нь бүрхэг байгаа аж. Байдал үүгээр ч зогссонгүй. Иргэдийг амины орон сууцтай болгох “мөрөөдөл” нь бүтээгүй Э.Бат-Үүл хашаа байшингаа байраа солих аянд уриалав. Түүнд итгэсэн зарим нэг нь орох оронгүй болчихоод байна. Тодруулбал, газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарч байгаа бол 400 нь гэр оронгүй, айлаас айл дамжин хоног төөрүүлж байгааг холбогдох албаны хүн ярьжээ. Түүний гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр шамшигдуулсан 104 тэрбум төгрөгөөр 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой, одоо бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой байсан гэдгийг албаныхан хэлж байна.

Татвар төлөгч бидний 100 гаруй тэрбум төгрөгийг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулах нэрээр салхинд хийсгэсэн талаар хэн ч ярихгүй, бичихгүй байх. Эгэл ард 100 биш 10 мянган төгрөг хулгайлсныхаа төлөө 10 жилийн ял авдаг нийгэмд бид амьдарч буй хэр нь эрх мэдэлтнүүд албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн төрийн мөнгийг шамшигдуулж байгааг мэдээгүй юм шиг өнгөрч улам өөгшүүлсээр иржээ.

Сүүлдээ бүр аав, хүү, ах, дүү, хүргэн, бэр, хамаатан саднаараа нийлэн тендер нэрээр төрийн мөнгөөр гар нүүрээ угаадаг жишигтэй боллоо, үүнтэй хэзээ тэмцэх вэ. Э.Бат-Үүлийн хүү Чулуудай гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр иргэдийг залилсан хэрэг гарч байв. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа гэж байсан ч тэгсхийгээд намжсан. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Энэ их хөрөнгө хаашаа яаж оров, юунд зарцуулагсан бэ гэдгийг шалгах хэрэгцээ шаардлага зайлшгүй байна.

Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан. Татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан хэмээн түүхэнд нэрээ бичүүлэх намтартай хүн Ерөнхийлөгч болчихвол яана аа гэх бодол төрсөн учир түүний хогны ногоон уут тараах нэрийдлээр “завшсан” тэрбумаар хэмжигдэх мөнгө гээд тоочвол олон байх булхайг дэлгэж байгаа юм.

Э.Бат-Үүлийн балаг үүгээр дуусахгүй. 2000 оноос хойш М.Энхболд, Ц.Батбаяр, Б.Билэгт, Г.Мөнхбаяр нар нийслэлийг 11 жил удирдахдаа 935 тэрбум төгрөгийг захиран зарцуулж байсан байна. Гэтэл Э.Бат-Үүл гурван жил хагаст нийслэлийг удирдахад хотын төсвийн орлого нь 1.878 их наяд төгрөг болж томорчээ.

Тэр 2012-2016 онд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа түүхэнд байгаагүй их мөнгө төсөвтэй дарга байв.

Тодруулбал, – 2012 онд нийслэлийн төсвийн орлого 348.2 тэрбум,

                    – 2013 онд 474.8 тэрбум,

                    – 2014 онд 522.5 тэрбум,

                    – 2015 онд 532.7 тэрбум гээд жил бүр өсч байсан юм.

Иргэд Э.Бат-Үүлийн баг сайн ажиллажээ гээд байдаг. Ийм их хөрөнгө мөнгө зарцуулсан байж яагаад ийм бага ажил хийв гэдгийг хүмүүс мэддэггүй учраас ярьдаггүй.

Нийслэлийн сүүлийн 15 жилийн төсвийн орлогыг харьцуулахад МАН-ын дарга М.Энхболд 2000-2005 он хүртэл нийт зургаан жил Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллажээ. Түүний үед нийслэлийн орлого жилдээ 26.3-51.1 тэрбум төгрөгийн хооронд л хэлбэлзэж байж.

Э.Бат-Үүлийн засагласан он жилүүдэд төсвийн орлого огцом өссөн хэр нь юу хийв бүтээв гэх асуудал анхаарал татсаар байна. Тэр энэ их мөнгийг юунд зарцуулснаа иргэддээ тайлагнах болов уу. Харах л үлдлээ.

О.Шинэ

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих