Нийслэлийнхэнд нэн хамааралтай хэдэн санал

Үүнийг өгүүлэх миний бие өөрийн хүүхдүүдийн буян, эрх чөлөөний өгөөж, төр засгийн ачаар хилийн чанадад хэдэн жил аж төрж явсан нэгэн билээ. Зуны дэлгэр цагт эх орондоо ирж нийслэл хотдоо амраад буцах ч дөхөв. Улаанбаатарчууд яасан их бухимдангуй болсон юм бэ? Өрөвдмөөр ч юм шиг, аймаар ч юм шиг. Энэ бухимдлыг багасгахад нөлөөлөхүйц зүйл олон байгаа биз дээ. Насаараа шахам сурган хүмүүжүүлэх хөдөлмөр эрхэлж, удирдах ажилд тохогдож явсны хувьд нийслэлийнхэнд нэн хамааралтай гурван зүйлтэй холбоотой саналаа сонины хуудсаар өгүүлэхийг хичээв. Нэгэн зүйл. Нийслэлийнхний дунд автозамын түгжрэл гэдэг зовлон газар авчээ. Бодит байдлыг харахад автозамд зөрчил гаргасан жолооч бүртэй замын цагдаа зогсоогоод уулзах юм даа. Зөрчил гаргагч танил руугаа тэрхэн үед утасдаад, тэгснээ утсаа цагдаад шилжүүлж хэсэг зогссоноо тэргэндээ суугаад давхиад явчихдаг нийтлэг төрхийг хэдэнтээ харлаа.

Цөөхөн монголчууд бие биеэ бараг танина. Сайн яривал садан болчихно. Хэц үү байгаа биз дээ, хөөрхий. Ингээд байвал замын түгжрэл улам нэмэгдэнэ. Гаднын оронд зөрчил гаргасан жолоочийг зогсоогоод түгжрэлийг улам түгжээ болгоод байдаггүй билээ. Цагдаа нар түгжрэлийг багасгахын тулд зөрчил гаргасан машин дээр торгуулийн хуудсаа нааж өгөөд аль болох түргэн явуулах нь дээр. Зөрчил гаргагч заасан хугацаанд (3-5 хоногт) торгуулийг төлөөгүй бол замын цагдаад дуудагдаж тав нугалан төлүүлдэг зарим орны жишиг бий. Бас шөнө тэрэг хадгалж хонодог ил зогсоолыг олшруулан өдөр машиныг хямдханаар тавиулаад хэвшвэл нэгдүгээр зам дээр тэргээ удаан тавих хандлага эрс цөөрөх нь мэдээж. Нэгэн зүйл. Нийслэлийн утааг багасгах санал нь зөв ч ажил нь оновчтой биш байх шиг. Гадаадаас Монголд оруулж ирсэн машины хуучин дугуй, комиссын бараа нэрээр авчирсан хуучин гутлууд хаачдаг бол, та нэг бод доо.

Улаанчулуутын хог дээрээс хуучин дугуй, хуучин гутал олдохгүй болсон гэнэ ээ. Нүүрс, модны үнэ өсөөд гэр хорооллын ядуус хуучин дугуй, гутлын улыг өвлийн түлшиндээ хэрэглэхээр хашаандаа урин цагт хурааж заншсан байна. Каучук нь нүүрснээс 20-30 дахин их хортой утаа гаргадаг учраас хамгийн анхаарах зүйл энэ болжээ. Мод нүүрсийг түлүүлэхгүй гэхээсээ өмнө машины дугуй, гутлын улыг шатаалгахгүй болчихвол нийслэлийнхэнд нэн өлзийтэйг шийдвэр гаргах төвшнийхөн бодоосой. Утааг нь залгиад алга болгочихдогг үй л юм бол ямар ч гуншинтай зуух хэрэглээд түлшнээс утаа эрхбиш гарах нь мадаггүй л дээ. Иймээс төвийн их мөнгөөр зуухчдын бизнесийг дэмжсэнээс тэр хөрөнгөөр гэр хорооллынхны нүүрс, модны хангамжаар дэмжвэл оновчтой байж мэдэх юм. Улаанбаатар хот минь дөрвөн уулын дунд хашигдсан юм шиг байршилтай болохоор салхины урсгал нь усны эргүүлэг шиг эргэлдсээр тогтнож байдгаас утаа их хуралдах нөхцөлтэй нь үнэн.

Иймээс эрдэмтдийн дунд тендер зарлаж (өндөр өртөгтэйгээр) хотын агаарын урсгалыг усны урсгал шиг нэг тийшээ чөлөөтэй урсдаг болгохыг бодвол эрдэмтэд эрхбиш нэг гарц олмоор юм даа. Нэгэн зүйл. Хотын хогийг багасгахад цоо шинэ сэтгэлгээ, шинэ арга барил хэрэгтэй болсон юм биш үү. Улаанбаатар хотын захиргаанаас ил задгай хог хаявал торгож байх захирамж гаргамаар байна. Хог хаясан хүмүүсийг торгох хуудсыг олноор хэвлэж хороодоор дамжуулан тараая. Хэнд тараах вэ гэж үү. Эхлээд хорооны ажилгүйчүүдэд, завтай оюутнуудад өгье. Гудамжинд ил задгай хог хаясны торгосон мөнгөө торгосон эзэн өөрөө л авна. Ингэснээр ажилгүйч үүд, оюутан залуусын орлого нэмэгдэнэ. Хүн торгоод эхэлсэн хүмүүс эрх биш өөрсдөө хог хаяхгүй. Хог хаягдлын хүрээ торгуулиас үүдээд илт цөөрнө, хот цэвэрхэн болно. Хороодын цагдаа нар торгогчидтой гар нийлж ажиллахад үр дүн нь төдхөн гарна.

Гэр хороололд аж төрдөг айлууд хогны мөнгөндөө нарийлаад зарим нь орлогын хомсдолоос үүдээд үдэш, орой жалга сувагт зарим нь бүр гадаах гудамжиндаа хог асгадгаас нийслэлд хог хөглөрсөөр байх болжээ. Иймээс гэр хорооллын хогийг тодорхой хуваарийн дагуу үнэ төлбөргүй ачдаг журамд шилжье. Тэр мөнгөө хаанаас олох вэ гэж үү. Үр дүнг нь эргэж тооцдоггүй хандив, тэтгэмж, тусламжийн хөрөнгийг ийм хэлбэрт шилжүүлье. Хог зөвх өн үзэгдэх өнгөнөөс бохир заваан төдийгүй элдэв төрлийн өвчин үүсгэх, хүмүүсийн нүдийг бурууд дасгах олон уршигтай. Машины түгжрэл, манарсан утаа, хөглөрсөн хогноос Улаанбаатараа чөлөөлөхөд иргэн бүр хичээвэл сайнсан. Энэ бүхэнд торгууль, урамшил халамж дэм аль аль нь хэрэгтэй байна.

Чингэлтэй дүүргийн I хорооны иргэн, өндөр настан Д.Халтарпүрэв

unuudur


URL:

Сэтгэгдэл бичих