ХЯТАДЫН ТЭРБУМТНУУД ЭРХ МЭДЭЛ ӨӨД ТЭМҮҮЛЖ БАЙНА

“Форбс” сэтгүүлд дурдсанаар, манай гарагийн хамгийн баян нийт 1210 хүний 115 нь Хятадад амьдардаг ажээ. Хятадын эрх баригчдын хувьд “шинэ” хөрөнгөтнүүдийн давхарга бүрэлдэх ийм үйл явц нь улс төрийн ноцтой гажуудал. Гэхдээ энэ нь чөлөөт эдийн засгийн шинэчлэлийг идэвхтэй явуулсан эрх баригчдын өөрсдийнх нь бий болгосон гажуудал юм.
Дэн Сяопиний таашаан зөвшөөрснөөр
“Баяжих нь алдар хүндийн хэрэг” гэсэн их шинэчлэгч Дэн Сяопиний хэлсэн үг хятад залуусын бүхэл бүтэн үеийг зоригжуулсан бөгөөд шинэчлэлийн 30 жилийн хугацаанд тэдний дундаас уламжлалыг эвдэн “капиталист дэг журмын” дагуу амьдрахыг зориглосон үйлдвэр худалдаа эрхлэгчдийн бүхэл бүтэн анги давхарга бий болсон билээ.
Одоогийн Хятадын үйлдвэрлэл худалдаа эрхлэлтийн хамаг нарийн ширүүн зүйл, зөрчилтэй байдлыг ойлгохдоо күнзийн сургаал, бусад уламжлалт номлолын аль нь ч тус оронд “худалдаа наймааг” урамшуулан дэмжээгүйг тэмдэглэвэл зохино. Худалдаа наймаа эрхэлдэггүй харин гүн ухаан болон урлаг судалдаг, багшилдаг “ариун явдалтай сайн хүнийг” үлгэр жишээ болгон үздэг байлаа. Ашиг хонжоо хайх, хөрөнгөжин баяжих явдлыг дорд муу, үнэ хүндгүйд тооцдог байжээ. Хятадууд “далайн чанадын чөтгөрүүдийн” /гадаадынхны/ эдийн засгийн сонирхолд үйлчлэн наймаанд зуучлагчаар ажиллаж эхэлсэн нь хүн амд ч тэр, эрх баригчдад ч таатай санагдаагүй юм.
Дарга Маогийн үеийн коммунист хятадууд хөрөнгөтөн ангийнханд үзэлд суртлын шалтгаанаар дайн зарлаж, үтэр түргэн бүрмөсөн дарсан билээ. Гэвч Дэн Сяопиний эдийн засгийн шинэтгэл нь өнөөгийн Хятадын хувиараа үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн бүхэл бүтэн шинэ үеийнхний оршин тогтнох суурийг тавьж өгсөн юм.
“Ард түмний эдийн засаг” гэж юу вэ?
Хятадад өмч хувьчлал явагдаагүй. Төр өөрийнхөө өмчийг хувийнханд үнэгүй шахам өгөөгүй, эсвэл өмчийнхөө зарим хэсгийг үнэ хүргэн худалдаагүй. Харин зөвхөн сүүлийн арван жилд л хятадын төр хувийн бизнесийг ямар нэг хэмжээгээр дэмжиж ирсэн. Үүнээс өмнө төрөөс хувийн бизнесийг хязгаарлаж, захиргааны, татварын болон бусад хэлбэрээр элдэв саад учруулдаг байлаа. Хувийн бизнест давхар татвар ногдуулж, техникийн шинэчлэл хийхэд татаас, томоохон хэмжээний зээл олгодоггүй байв. Эрчим хүч, тээвэр, санхүү, боловсрол, аялал жуулчлал, эрүүлийг хамгаалах зэрэг 30 салбарт хувийн хэвшлийнхнийг огт оруулдаггүй буюу эсвэл ил, далдаар ямар нэгэн хэлбэрээр хязгаарласаар ирсэн билээ.
Хятадын Коммунист Намын ХV их хурлын /1997 оны/ шийдвэрт хувийн өмчийг “социалист зах зээлийн эдийн засгийн нэг хэсэг” гэж хүлээн зөвшөөрсөн хэдий ч эрх баригчид хувийн капиталд итгэдэггүй байв. Эрх баригчдын хувьд хувийн капитал бол “үзэл суртлын хувьд харш”, аюултай үзэгдэл байжээ. Хувийн өмчтөнүүдийн тухай албан ёсны баримт бичигт дурдахдаа “ардын капитал”, “ардын эдийн засаг” гэдэг цээрлэн зөөлрүүлсэн нэр томьёо хэрэглэдэг байв. Дашрамд, чухамхүү үндэсний хувийн капиталыг хязгаарладаг байсан бөгөөд харин эдийн засгийн чөлөөт бүсүүдэд үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниуд энэ хязгаарлалтад өртдөггүй байжээ. Хятадад өрнөдийн хөрөнгө оруулалт, технологи хэрэгтэй байсан учир энд үзэл суртлын зөрчил хоёрдугаарт тавигдаж байв.
2005 онд хувийн бизнес эрхлэгчид урьд өмнө хаалттай байсан эдийн засгийн салбаруудад нэвтрэх болжээ. Энэ алхам тун удалгүй үр дүнгээ өгч эхэлсэн байна. 2010 он гэхэд хувийн үйлдвэрийн газрууд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 70 гаруй хувь, хувцас, хуванцар болон металл эдлэлийн үйлдвэрлэлийн 80 гаруй хувь, модон эдлэл, гэрийн тавилгын 90 гаруй хувийг үйлдвэрлэн гаргах болов. Хувийн бизнес нэвтрэх болсноор кино үйлдвэрийн салбар хурдацтай хөгжлөө. БНХАУ-д жил бүр хувийн хөрөнгөөр 140-200 кино хийж байна. Баян хятадууд нэг талаас урлагийг ивээн тэтгэж, нөгөө талаас урлагийн шилдэг бүтээлүүдийг худалдан авч байна. 2011 онд Бээжинд зураач Ци Байши-гийн /1864-1957/ “Нарсан дээр сууж буй бүргэд” гэдэг зургийг нэгэн хувийн компанийн эзэн 65,4 сая доллараар худалдан авчээ.
Хятадын “мөнгөний пирамидын” орой дээр хэн сууж байна?
“Форбс” сэтгүүлд мэдээлснээр, Хятадын “алтан цац суваргын” яг орой дээр нь гурван хүн сууж байгаа гэнэ. Энд зөвхөн эх газрын Хятадын тухай өгүүлж байгааг тэмдэглэе, учир нь дэлхий даяар тархан суудаг хятад гаралтнуудын дотор тэрбумтнууд илүү олон байдаг билээ. Дээрх гурван хүний эхнийх нь 9,4 тэрбум долларын хөрөнгөтэй Робин Ли /хятад нэр нь Ли Яньхуа/ юм. Түүний “Baidu” компани нь Хятадын интернэт хайлтын системийн зах зээлийн 70 хувийг хянаж байдаг.

Удаад нь машины үйлдвэрийн бизнес эрхэлдэг “Sany Group” гэдэг хувийн компанийн эзэн, 8 тэрбум доллартай Лян Вэньгэнь орж байна. Ляний мэдэлд аж үйлдвэрийн таван парк, Америк, Герман, Энэтхэг, Бразилд байрлах дөрвөн R&D төв, тэдгээрийн бүс нутаг дахь 24 төлөөлөгчийн газар, 70 000 гаруй ажилчин байдаг байна. Хятадад гардаг “Форбс”-ын хувилбар болох “Хужунь” сэтгүүлд мэдээлснээр, Лян нь энэ онд 11 тэрбум долларын хөрөнгө хуримтлуулж, Ли Яньхунаас давж гарчээ. Гуравдугаарт, БНХАУ-ын “сэрүүцүүлэгч ундааны хаан” гэгддэг Зун Цинхоу бичигдэж байна. 2010 онд “Форбс” сэтгүүл түүний хөрөнгийг 5,9 тэрбум доллар гэж тодорхойлж байсан бол 2011 оны багцаагаар 7,9 тэрбум болж өсчээ.
“Форбс»-ын жагсаалтад бас хятадын “дунд зэргийн” тэрбумтнууд багтжээ. Тэд бол үндсэндээ сүүлийн жилүүдэд хөлжсөн 30-40 насны залуучууд юм. Тэд дунджаар 1-3 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд тэдний нэг бол 29 настайдаа Шэньжэний дагуул хотод үүрэн телефоны тэжээл үйлдвэрлэгч “BYD Co” гэдэг хувийн компаниа байгуулсан 1,3 тэрбум долларын хөрөнгөтэй Ван Чуаньфу юм.
“Форбс”-ын чансаанд багтсан хятад баячуудын онцлог нь өдгөө жагсаалтын хоёрдугаар хагаст байгаа тэрбумтнуудын хөрөнгө чинээ нь эрчимтэй өсч байгаа явдал юм. Ойрын 2-3 жилд тэдгээр үйлдвэр худалдаа эрхлэгчдийн зарим нь жагсаалтын дээд хэсэг рүү дэвшин орж, дэлхийн баячуудын эхний зууд багтаж, дээр дурдсан гурван баянд ойртож очих магадлалтай.
“Эрэг шураг”-аас “бүтээгч хүн” болсон нь
Хятадын үйлдвэр худалдаа эрхлэгчид тэсч гарахын төлөө тэмцэж, хатуу шалгуурыг даван туулаад өнөөдөр Хятадад өөр үзэл суртлыг хүссэн хүсээгүй нэвтрүүлэн, бие хүний өөр хэв шинж буюу “эрэг шураг бологч хүн” гэгдэх уламжлалт загварыг бус харин бие хүний шинэ хувилбар буюу “бүтээгч хүнийг” бий болгож байна. Тэд “Өөрөө өөрийгөө бүтээгч хүн” гэдэг Өрнөдийн томьёололтой адил зүйл Хятадад ч бас бий гэдгийг өөрсдийн жишээгээр сая сая хятад залууст харуулж байна. Тэд ингэж гарч ирснээрээ илэрхий хөрөнгөтний өнгө аястай үнэт зүйлс, хүсэл эрмэлзэл буюу дээд зэргийн чанартай амьдрал, өөрийгээ илэрхийлэх явдал, илүү өргөн эрх чөлөөг хүсэмжлэх шинэ тогтолцоог бий болгож байна. Тэд улс орныхоо дотоодод улс төрийн томоохон хүчин болсноо мэдэрч эхэлж буй олон зуун мянган жижиг, дунд үйлдвэр худалдаа эрхлэгчдийг араасаа дагуулж байгаа.
Үүний зэрэгцээ зарим хятадуудын амжилт хүн амын бусад хэсгийн дотор зарим сөрөг хандлага төрүүлж байна. Эрх баригчдын хүсэл зоригоос үл хамааран мөнгө, эд баялгийг шүтэх үзэл нийгэмд бүрэлдсээр. Урьд өмнө нь “соёлын хувьсгал” мэтийн зүүний хэт туйлширсан төслүүдэд үрэн таран хийдэг байсан улс үндэстний асар их эрч хүч өнөөдөр хувь хүний санхүүгийн амжилтад төвлөрчээ. “Сайн хүний” чимээгүй, даруухан дүр төрх үеэ өнгөрөөж байна. Эдүгээ үеийн гол баатар нь бизнес эрхлэгч, банк, том компанийн ажилтан болжээ. Үүнийг киноноос төдийгүй бодит амьдралаас ч гэсэн харж болно.
Эрх баригчид хувийн бизнест хэрхэн ханддаг вэ?
Эрх баригчдын хувьд иймэрхүү үйл явц нь улс төрийн ноцтой гажуудал мөн. Гэхдээ эдийн засгийн либерал шинэчлэл идэвхтэй хийснээр тэдний өөрсдийнх нь бий болгосон гажуудал юм. Удирдлагын дотор хувийн бизнес хөгжүүлэхийг эсэргүүцэгч нөлөө бүхий түшмэд, цэргийн эрхтнүүдээс бүрэлдсэн бүлэг аль эрт байгуулагджээ. 2006 онд хэвлэлд болон олон нийтийн дотор хятадын хувийн өмчтөний эсрэг илэрхий чиглэсэн хөрөнгөтний “угийн нүгэлийн” тухай хэлэлцүүлэг “аяндаа” өрнөсөн байна. Одоо ч гэсэн Хятадад намын хорооны зарим дарга нар 1960-аад оныг санагдуулсан “зүүний хувьсгалч” кампанит ажлыг үе үе явуулж байна. Хувьсгалын сэдэвтэй дуу дуулах, зугаа цэнгэлийн сэдэвтэй олон ангит кино гаргахыг зогсоож, түүний оронд хөрөнгөтнүүдтэй хувьсгалт тэмцэл хийж байгаа тухай “зөв утга агуулгатай” хөтөлбөрүүд үзүүлэх нь ердийн хэрэг болжээ. Өнөөдөр “зүүнтний” бүлэг Ху Жиньтао дарга болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаод илэрхий шахалт үзүүлж байна. Хувийн өмчтнийг төрийн албанд ажиллуулах квотын талаарх маргаан хамгийн дээд хэмжээнд өрнөх болжээ. Энэ маргааны гол бай нь Хятадын улс төрийн тогтолцооны ноён нуруу болсон Хятадын Коммунист нам юм.
Хятадын Коммунист нам хийгээд тэрбумтнуудын харилцааны ирээдүй
Хэдий байдал ийм байгаа ч гэсэн тэрбумтнууд албан тушаалд орох замаа аажим аажмаар тавьсаар. Ирэх жил болох Хятадын Коммунист намын 18 дугаар их хурлаар БНХАУ-ын хамгийн баян хүний нэг болох тэрбумтан Лян Вэньгэнь намын төв хорооны бүрэлдэхүүнд орох магадлалтай байгаа талаар тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өргөнөөр мэдээлэх болов. Үүний өмнө “Хайэр” компанийн ерөнхий захирал Жан Жуйминь, нефтьхимийн нэгтгэлийн /корпораци/ ерөнхийлөгч Ли И гэх зэрэг баян үйлдвэр худалдаа эрхлэгчид Хятадын төр засгийн дээд тушаалд орж ажиллаж байсан билээ. Гэхдээ тэд бүгдээрээ төрийн өмчийн эсвэл төр, намынхантай нягт холбоотой компаниудыг төлөөлж байлаа. Харин Лян Вэньгэний хувьд байдал огт өөр юм. Хувийн бизнесийн томоохон төлөөлөгчид улс төрийн дээд хүрээнд бодит эрх мэдэл олгох жишиг Хятадын Комммунист намд тогтох гэж байна.
Хятадын үйлдвэр худалдаа эрхлэгчид идэвхтэй ажиллаж, нийгмийн хувьд нэгдэл нягтралтай байгааг анзаарсан зарим “зүүнтний үзэлтнүүд» үзэхдээ, баячууд тийм эрх мэдэлтэй болсноороо аажимдаа “алх, хадуур, винтов бууны” төлөөлөгчдийг намаас бүр мөсөн шахаж гаргана, социализмын үйл хэргийг хөнөөнө, Коммунист нам хөрөнгөтний болон төрөл арилжиж “капитализмд үйлчлэгч төр засгийн байгууллага болж хувирна” гэж таамаглаж байна.
Харин төрөл арилжих эсэхийг ирээдүйн үйл явц харуулна. Удахгүй Хятадын засгийн эрх мэдлийг гартаа авах тав дахь үеийн удирдагчид хувийн бизнес хийгээд нам, төр дэх “зүүнтнүүдийн” хоорондын зохистой харилцааг олж тогтоох биз ээ. Одоохондоо бол “Хятадын онцлогтой социализм” нь “ардын эдийн засагтай” хаяа нийлэн зохицож чадаж байна.
Д.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих