Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Тус ажлын хүрээнд “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

8313

Зам, тээврийн хөгжлийн яам болон “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ хамтран Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт – Ганц мод боомтын чиглэлд хийгдэж буй улс хоорондын ачаа тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудал, төрөөс баримталж буй бодлого, төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй үйл ажиллагааг тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулах, шийдвэрлэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ удаагийн  хэлэлцүүлэгийг зохион байгуулсан юм.

Энэхүү ажлын хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг бол Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн гол хүч болсон Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлд хийгдэж буй экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг “ХОНОГИЙН НЭГДСЭН ГРАФИК” -т оруулж, оновчтой зохион байгуулах юм.

Тус хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба,  “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК,  “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, тээвэрлэгч аж ажуйн нэгж, байгууллагууд оролцлоо.

Өнөөдрийн байдлаар Гашуун сухайтын  чиглэлд нийт  71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэж байна.  Өнгөрсөн  10 дугаар сард 45 аж ахуйн нэгж буюу одоогийн дүнтэй харьцуулвал ердөө тал хувь нь л албан ёсны гэрээтэй  ажиллаж байснаас  2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байжээ. Үүнээс болоод  тухайн чиглэлд автомашины очер дараалал үүсэх, жолооч нар олон хоног зам дээр нойр хоолгүй хонох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг нөхцөл байдал үүсч байсан.  Тиймээс энэ чиглэлд ачаа тээвэрлэлт хийж байгаа байгууллагуудыг албажуулж, тээврийн хэрэгсэлд, жолооч нарт болон албан байгууллагуудад зохих стандартыг хангуулж ажиллах боллоо.

Гашуунсухайт хилийн боомтоор 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 4,2 сая.тн нүүрс тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 81,6%-аар өссөн үзүүлэлт юм.

Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад зөвхөн Автотээврийн үндэсний төв төдийгүй уурхай, хилийн хяналт шалгалтын байгууллагууд, авто зам эзэмшигч компани, гаалийн хяналтын талбай болон тээвэрлэгч аж ахуйн нэгж нарын оролцоо хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш чухал юм. Тийм ч учраас бид бүхэн энэ чиглэлийн хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж байна.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


URL:

Сэтгэгдэл бичих