19 жилийн дараа ил болсон Б.Булганыг тойрсон 6 НУУЦ БАРИМТ

bulgan154УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн яллагдагчдад шүүхээс ял оноосон. Давж заалдах шатны шүүх ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээв. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд тэдний ар гэрийнхэн “Энэ бол цэвэр зохиомол гүтгэлэг. Хилсээр ялласан” гэдэг тайлбар хийж байсан ч өнгөрсөн өдрүүдэд Улсын ерөнхий прокурорын газраас “Гэмт хэрэг үйлдсэн нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон” гэдэг тайлбарыг хоёронтоо хийв. Эхний мэдээлэл нь Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэнгийн тайлбар. Монголын үндэсний олон нийтийн телевизээр хийсэн мэдээллийнхээ араас тэрбээр “Энэ мэдээллийг цааш олшруулан дамжуулах, мэдээллэх нь хориотой” гэдэг тайлбар хийсэн. Эндээс өнгөрсөн хоёр өдрийн турш хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мэдээлэх үү, орхих уу гэдэг болгоомжлолтой үлдсэн. Харин Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргалын өчигдөр www.news.nm сайтад өгсөн ярилцлагын тухайд өөр. “Энэ ярилцлагаас иш татаж мэдээлэх нь хууль зөрчинө” гэсэн тайлбар байгаагүй. Иймд мэдээлэх эрх үүссэн гэж үзээд ийн бичиж байгаа хэрэг. Нэг ёсны бүх хэвлэл өчигдөр уг айдсаас чөлөөлөгдлөө гэсэн үг юм. Гол нь Б.Батжаргал прокурорын үгэнд 19 жилийн дараа гайхширч, эргэлзмээр шинэ баримт дурьдагдсан байв. Иймд тэдгээр зургаан баримтыг онцлон хүргэе.

1. Хэрэг гарсан өдөр Б.Булганаас тайлбар авч, хохирогчоор тогтоогоод явсан байдаг. Харин мөрдөн байцаалтын явцад С.Баяр, С.Оюун нарыг хохирогчоор тогтоосон. Нотлох баримтуудыг авч үзээд Б.Булганыг хэрэгт холбогдуулан, сэжигтнээр тооцож шалгасан. Тухайн үед өгч байсан гэрчүүдийн мэдүүлгээр төөрөлдүүлсэн, нуусан, эргэлзээтэй зүйл байсан. Иймд түүнийг сэжиглэн шалгах үндэслэл бүхий баримт тоггоогдсон учраас сэжигтнээр тооцон шалгаж байсан.

2. Ажлын хэсгээс Б.Булганыг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгасан. Хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг яллагдагчаар татан шалгах үндэслэл байсан учраас шалгасан. Харин түүний гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэх хэмжээний нотлох баримт бүрэн цуглараагүй учраас Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.

3. Захиалагчийг шалгах мөрдөн байцаалгын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно.

4. Б.Булган хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байсан. Орж ирэхдээ нүүрэндээ маск зүүсэн байсан талаар мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын явцад “Тэр хүмүүс маскаа тайлсан” гэдгийг хэлсэн.

5. Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт Б.Булгантай уулзаж байсан гэдгээ хэлсэн.

6. Ц.Амгаланбаатар “Хэрэг гарсан өдөр, аллага үйлдэхээс өмнө Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Отгонбаатар бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Тэр хоолноос бид дөрөв идсэн. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Хоол идсэний дараа Б.Отгонбаатар гарч яваад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Б.Булган тамхи татдаг хүн байсан. Бид нар тамхины үнсийг будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлсэн. Тухайн хэргийн газраас олдсон нотлох баримтууд дунд тамхины үнстэй будаатай аяга олдсон.

Энэ бол өнгөрсөн 19 жилийн хугацаанд олон нийт хийгээд хохирогчдын хүлээж байсан шинэ баримт. Гэхдээ эдгээр баримт ил боллоо гээд Б.Булганыг өнөөдөр шууд яллах эрх та бидэнд байхгүй. Учир нь, захиалагчийг илрүүлэх мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтэн, яллагдагч, хохирогч гээд энэ гурван субьектийн аль нь ч байж болно гэдгийг прокурор Б.Батжаргалын үг нотолсон. Гагцхүү бүхэл бүгэн 17 жилийн турш яагаад асуудалд ийм нэг гогцоотой хариултыг өгөөгүй юм бэ. Үүнд хошууч генерал Л.Гарамжилын “Б.Булганыг арай өөр аргаар шалгах байсан болов уу гэж хүн болгон хэлдэг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд зөндөө арга байсан гэж үздэг. Б.Булган хохирогч, талийгаачийн гэргий гэдэг үүднээс шалгуулсан. Манайхан түүнд хүндэтгэлтэйгээр хандаж шалгасан” үгийг хүргэе. Өнгөрсөн хугацаанд хэвлэлүүд түүний энэ үгийг ишлэл болгон, асуулт тавьсан ч цагдаа, хүчний байгууллагаас тодорхой хариулт өгөөгүй. Гэсэн ч Нийслэлийн прокурорын газраас дээрхи баримтыг дэлгэснээр хошууч генералын үгэнд үнэн нуугдаж байв уу хэмээн асуухад хүргэж байгаа юм.

Мөн Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр өчигдөр “Хэргийн баримтуудаас олон нийтэд хэсэгчлэн үзүүлсэнд яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс зарим талаараа шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэвч хэрэг дараагийн шатанд шүүхэд шилжих хүргэл үүнд дэлгэрэнгүй тайлбар өгч чадахгүй нь. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, эдгээр ил болсон баримт бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн голлох баримт биш юм. Энэ бичлэг, баримтуудын ард үргэлжлүүлээд ярьсан өөр зөндөө зүйл байгаа” гэдэг тайлбарыг өгсөн байсан. Тэгэхээр асуудлыг баталгаажуулах тайлбар, баримт прокурорт байгаа гэсэн үг. Гагцхүү тэр бүхэн хэзээ ил болох вэ.

Мөн энд онцолж өгүүлэх ёстой нэг сэдэв бол юуны учир Тагнуулын ерөнхий газрын хүсэлтээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорхой баримтуудыг ил болгох зөвшөөрөл өгөв гэдэг асуултын тайлбар юм. Учир нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвшөөрөл өгсөн бичигт “Тагнуулын ерөнхий газрын удирдлагын албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрөв” гэж тэмдэглэсэн байсан. Тэгвэл Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т “Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг аж. Эндээс Б.Булгантай холбоотой дээрх баримт тайлбар болон С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий гурван хүний асуудлаас үүдэн үндэсний аюулгүй байдлын эрх ашигг сөрөг нөлөөлөл үүссэн үү гэдэг асуулт гарч байгаа юм. Нэг ёсны энэ хэргийн зангилааг олон нийтэд тодорхой цензуртай хүргэх замаар дээрх сөрөг нөлөөллөөс сэргийлж чадсан уу…

Гэхдээ энэ бол асуулт. Харин хариулт нь “Тийм”, “Үгүй” хоёрын аль нь болохыг цаг хугацаа харуулна. Ямартай ч 19 жилийн хулээлтэд дахиад цаг хугацаа сунгагдах уу. Иймд өнөөдрийг хүртэл нэр бүхий хүмүүсийг захиалагч нь хэмээн иттэж эс бол гүтгэж, хардаж ирсэн тэрхүү цаг хугацааны харгислалд хамгийн үнэн бодитой хариултыг олж мэдэх цаг хугацаа ойрхон гэж найдъя. Товчхондоо, Б.Булганыг хамгаалсан захиалагч нь хэн бэ гэдгийг…

 

 

 

Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих