Р.Тиллерсон Анкарад айлчилж байна

2u1flupqkjfb4jjff497ji82r1_bАНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх талаархи хэлэлцээрт оролцохоор өчигдөр Туркийн нийслэл Анкарад очсон байна. Төрийн департаментын мэдээлснээр Тиллерсон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайып Эрдоган болон бусад дээд албан тушаалтнуудтай уулзаж “Исламын улс” бүлэглэлтэй хамтран тэмцэх асуудлыг хэлэлцэх аж.

Анкара Вашингтон “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд эвсч байгаа хэдий ч сүүлийн үед санал зөрөлдөөд буй. “Исламын улс”-ын сүүлчийн бэхлэлт болсон Ракка хотыг эргүүлж авах цэргийн ажиллагаанд Туркийн тал АНУ-д тулган шаардалт хийж байгаа. Анкара АНУ-ын дэмждэг Сирийн курдуудын зэвсэгт хүчнийг Ракка хотыг эргүүлж авах ажиллагаанд оролцуулахгүй байхыг Вашингтоноос шаардсан.

Түүнчлэн уржигдар Турк улс Сирийн хил залгаа нутгаар долоон сар үргэлжилсэн “Эфратын бамбай” цэргийн ажиллагаагаа өндөрлүүлж байгаагаа мэдэгдлээ. Тус улс Сирийн хойд нутгаар Исламын улсын цэргүүдийн эсрэг хэд, хэдэн фронтод цохилт өгч байсан юм. Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым энэ сарын 29-нд цэргийн ажиллагаа амжилттай дууссаныг цохон тэмдэглэв. Мөн тэрээр “Сирийн хойд нутгаарх Исламын улсын цэрэг, байршлын тоо эрс суларч, алан хядах ажиллагаа явуулах бололцоо хомс болсон. Тиймээс Турк улс хуурай замын цэрэг болон агаарын хүчний ангиудаа Сири улсаас эргүүлэн татаж байна” гэжээ.

Туркийн Ерөнхий сайд цаашид Сирид шинээр цэргийн ажиллагаа эхлүүлж магадгүй гэдгийг ч ярьжээ. Долоон сарын хугацаанд болсон цэргийн ажиллагааны үеэр Турк улс хэчнээн хэмжээний хохирол амссанаа ил болгосонгүй.

 

М.ХҮСЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих