Эмээлт Улаанбаатарынх уу, урд зүгийнх үү

Баруун талаараа “Хүй долоон худаг”, зүүн талаараа 22-ын товчоотой хиллэдэг “Эмээлт” хэмээх өртөөний шөнийн үйл явдалтай манай сонины сурвалжлах хэсэг танилцсан юм.   Учир нь энд түүхий эдийн зах үүссэнээс хойш худалдаа үйлчилгээ өргөжин, айл өрх оршин суух томоохон тосгон буй болоод уджээ. Эндхийнхэн ихэнхдээ бэлэн мөнгөтэй харьцдаг бөгөөд суурьшмал иргэд нь нэхий, шир давслах, бой хийх, малын гэдэс гүзээ цэвэрлэх зэрэг ажил хийж амь амьдралаа залгуулдаг.

Өөрөөр хэлбэл, “Эмээлт”-ийнхэн төр засгаас сохор зоос ч гуйлгүй үдшээс үүр цайтал, өглөөнөөс орой болтол ажиллаж, амьдрал ахуйгаа залгуулж яваа. Харин үүнийг нь овжин ашигласан хятадууд Эмээлт захад их нүүдэл хийж “Бэрс” гарсан гэх сурагтай.

Тиймээс манай сурвалжлах хэсгийнхэн тэнд буй хятадуудын үнэн дүр төрхийг олж харахыг зорьсон юм. Хятад ченжүүд өглөө очоод орой хот уруу буцдаг аж. Хар өнгийн “Ланд”-нд дулаан хувцастай ихэмсэг суух хятад босс, машиных нь гадаа байн, байн чихээ дарж, дороо холхин байх монгол залуу баруун талаас ирсэн машин болгоныг харуулдан зогсох дүр зураг биднийг угтсан юм. Хөлөө торго шиг зөөлөн элдсэн нэхийнд ороохоо шахсан хятад эзэн үе, үе машиныхаа цонхыг онгойлгон тамхины иш хаях агаад ойр орчимд ченж хийлгэдэг монгол залуусыг нэг нэгээр нь дуудан бэлэн мөнгөний тооцоо хийгээд дараагийн эргэлтэд орох хэдэн төгрөгийг үлдээгээд явдаг ажээ. Ингээд л монгол залуус доороосоо даарч, хэлэн дээрээ халуун юм тавихгүй шахам бүтэн өдөржин зогсч өвчин олоод, тэдний хэтэвчийг зузаалж байгаа нь даанч өрөвдөлтэй харагдсаныг нуух юун. Үндсэндээ “Эмээлт” зах хятад эзэнтэй болжээ гэхэд хол зөрөхгүй л болов уу. Тэнд хэд хэдэн монгол хүн нэхий, шир авч байна. Нэг нэхий, ширнээс 500-1000 төгрөг унагаж, хятад боссуудад шахдаг аж. Өглөө очсон хятадууд орой болтол эзний дүртэй эргэлддэг болсонд оршин суугчид ам муутай байлаа. “Өдрийн хоолны эзэн олон. Өнчин хүний ноён олон” гэдэг зүйр үг “Эмээлт”-д зориулагдсан ч юм шиг. Өөрийнхөө нутагт, монгол малынхаа арьс, шир, ноосыг хятадуудын тушаалаар баглах, давслах зэрэг хамаг л хар, бор ажлыг нь хийж буй залуусыг харахад эцэг, эхгүй өнчин хүүхэд мэт санагдана. Тэднийг эх орондоо эзэн шиг байж, эрх дураараа ажиллах нөхцөл, боломжийг хангаж өгөлгүй, харийнхныг бурхан адил тахиж, даврааж буй төр засаг иргэдээ өнчрүүлж байна гэлтэй. Ер нь Улаанбаатар хотын нэлээдгүй хэсэгт ч Хятад хороолол бий болсон.

Нэг сая 500 мянган төгрөгийг нь дээрэмджээ
Энэ мэт асуудлын хажуугаар “Эмээлт”-д дээрэм, тонуул тасардаггүй тухай нэгэн ченж хэлсэн юм. Тэнд нэхий авдаг эгч Ц, дүү Б хоёрыг дээрэмдсэн хэрэг саяхны нэг шөнө гарчээ. Замын хажуугаар барьсан жижиг байшингийн гадна түүхий эд овоолсон байх авч доторхи хүмүүс нь гарч ирэлгүй цонхоороо шагайж “Юу байгаа юм бэ” гэж асуух аж. Энэ нь биднээс болгоомжилж байгаа бололтой. Бид дээрэмдүүлсэн хоёр залуугийнхыг сураглаад очтол байшин нь цоожтой эзэнгүй байлаа. Хажууханд нь байх түүхий эдийн нэг цэгт хүрч очтол халтар нохой боргоод машинаас буулгах шинж алга. Мөн л бусдын адил цонхоороо харчихаад гарч ирсэнгүй. Биднийг нохой нь буулгахгүй болохоор бид ч машиныхаа цонхоор учир байдлаа хэллээ. Тэнд 50 эргэм насны Т.Алтанчимэг гэх эмэгтэй 4-16 насны гурван хүүхэд, мөн нэг залуугийн хамт байсан юм. Тэрбээр “Бид ойрдоо айдас дүүрэн л байна. Саяхан манай хоёр дүүг дээрэмдсэн болохоор эгч нь нохойгоо авч ирсэн юм” гэсээр нохойгоо хорилоо.

-Дээрэмдүүлсэн хоёр залуу таны дүү гэв үү?
-Тиймээ миний дүү нар байсан юм. Ногоон “Аксент”-тай 20-25 насны орчим дөрвөн залуу ирээд “100 нэхий байна. Ямар үнээр авах юм бэ” гэсэн юм билээ. Тэгснээ том нэхий 60 байна өгье гэхээр нь Ц гартал газдаж, цохиж унагаагаад нэг залуу нь дарж үлдээд, нөгөө гурав нь дотогшоо орсон байгаа юм. Тэгээд гэрлийг нь унтрааж, хутга тулгаад ил байсан 500 мянган төгрөгийг нь авсан гэнэ билээ. Тэснээ “Далд байгаа мөнгөө гаргаж өг. Үгүй бол эгчийг чинь ална шүү” гэж сүрдүүлж байгаад шүүгээний араар шидсэн нэг сая төгрөгийг нь гаргуулж аваад явсан байсан.

-Түүхий эдийг нь ч дээрэмдсэн гэсэн үү?
-Нэхий, ширнээс нь нэгийг ч аваагүй. Цагдаад мэдэгдсэн чинь тэр залуучууд хаана ч гэлээ яг тэр хэлбэрээр дээрэм хийж байгаад баригдсан сурагтай. Гэхдээ би мөн бишийг нь сайн мэдээгүй байна. Өчигдөр /уржигдар/ цагдаа нар манай дүүг “Хүнээ таних уу, ирж хар” гээд дуудсан гэсэн. Бодвол уулзуулаа байлгүй.

-Энэ төрлийн гэмт хэрэг хэр их гардаг вэ?
-Дээрэмдсэн, булаасан гэх хэргүүд дуулдах л юм. Амьдрахын тулд л айдас дунд хэдэн төгрөг олж байна даа.

-Та хэдэн жил түүхий эд авч байгаа вэ?
-Би таван жил болж байна. Сонгинохайрхан дүүрэгт зургаан хүүхдийнхээ хамт амьдардаг. Ихэнхдээ энд л байх юм.

-Түүхий эд ямар үнэтэй байна вэ?
-Нэхийний үнэ унаад 6-10 мянган төгрөгөөр авч байна. Өлөнтэй бол дээд үнэ 16 мянга. Ер нь Архангай, Увс, Хөвсгөлийн шивээгүй, нарийн ноостой нэхийний үнэ өндөр. Харин зүүн аймгийн нэхий дээд тал нь найман мянга хүрч байна. Адууны шир 36, үхрийн шир сарлаг, монгол гэж ялгаад 32-42 мянгатай байгаа.

-Та хувиараа зогсдог юм уу. Өдөрт хэдэн нэхий авч байна.
-Хувиараа зогсдог. Зарим өдөр арав гаруй нэхий, адуу, үхрийн шир авч байхад заримдаа нэг ч үгүй хонох үе бий.

-Төр, засгийн зүгээс та нарыг хэрхэн дэмждэг вэ?
-Дэмжлэг байхгүй. Бид чинь зөвшөөрөлгүй ажилладаг юм шүү дээ. Хяналт, шалгалт ирэхээс биш дэмжлэг, туслалцаа юу байхав. Цагдаа, татвар гэж сард 10 мянган төгрөг хураадаг.
“Эмээлт”-ийн жижиг ченжүүд өдөрт нэгээс хоёр сая төгрөгийн хооронд эргэлдэж байдаг ажээ. Шөнөжин зогссоны хүчинд авсан нэхий, ширээ үүр цаймагц л хятадуудад зардаг гэнэ. Өдөрт олсон цэвэр ашгаасаа хоол, хүнс, хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэл, хувцас гээд хаанаа ч хүрэхгүй юм гэж ярих хүн олон таарлаа. Гэтэл тэндхийн хятадууд “Ланд” уначихсан, том хашаа бүхий агуулахуудтай бөгөөд хотын төвд тансаг амьдардаг сурагтай. Гэтэл үүдэнд нь машин зогсоход “Ашиг уу, айдас уу” гэдгийг ялгахгүй сэрэмжлэх монгол ченжүүд шөнө үлдэж ажилладаг аж. Т.Алтанчимэг “Энд нэг цагдаа байдаг. Үүнийг төр засгийн зүгээс анхааралдаа авах хэрэгтэй. Амьдрахын тулд зүтгэж байгаад амиа алдаж мэдэхээр байна. Ер нь муу хүмүүс ойрд энэ хавиар яваад байгаа сурагтай. Дээрэм хийх гэсэн хүмүүс гадаа ирээд дотор хэдэн хүн байгааг нь шалгаад байх шиг харагддаг” гэсэн юм. Ингээд монгол ченжүүдийн арай л “том” гэгдэх нэг ченжийнхийг заалгаад очлоо.

Агуулахаас нэхий, шир гарган машинд ачиж байв. Энэ нь жижиг компани бөгөөд тав, зургаан ажилчинтай гэнэ. Нэг хүнийг өдөрт 20 мянгаар цалинжуулан, нэхий давслах, шийр таслах зэрэг ажил хийлгэдэг ажээ. Захирал гэх залуу “Түүхий эдээ ачиж хоноод үүрээр хятадуудыг ирэхээр тушаана. Уг нь хятадуудад өгөлгүй бид өөрсдөө эцсийн үнээр хүргэдэг газарт нь хүргэж баймаар санагдах юм. Гэвч санхүү муу болохоор хятад ченжүүдийн аманд нь унахаас өөр арга алга. Бид хүмүүсийн нүдэнд түүхий эд авдаг баян мэт харагддаг ч үнэн хэрэгтээ бага ашиг олдог” гэсэн юм. Мөн хятадууд биднээс авсан нэхийний үнийг цааш нь хэд ч нугалж зардгийг мэдэхгүй” гэв.

Эрээвэр, хураавар иргэдээс бүрдсэн “эмээлт”
Энд цахилгаанаар, гараар мал төхөөрдөг бойны газар олон байдаг юм байна. Гэхдээ тэдний ажил үүрээр эхэлдэг гэнэ. Цахилгаанаар мал нядалдаг нэгэн компани дээр бид очтол хашаагаараа оруулсангүй. “Аж байдалтай нь танилцаж, сурвалжлага хийх гэсэн юм. Эзэнтэй чинь уулзая” гэж гуйгаад бүтсэнгүй. Хоёр гурван ч хүн ээлжлэн ирсэн болов ч оруулсангүй. “Ажлаа дуусаад ажилчид гарч байна. Дарга нар одоо гараад ирнэ” гэж харуул нь хэлсэн болохоор хэсэг хүлээлээ. Гэтэл хар “Ланд”-тай нэг хүн хашаанаас гарч ирсэн юм. Түүнийг зогсоогоод “Танай ажилтай танилцаж болох уу” гэтэл “Маргааш ир” гэх хоёр үг цонхныхоо завсраар унагачихаад давхиад явчихав. Ямартай ч энэ хашаа руу гадны хүн оруулдаггүй бололтой. Тэр тусмаа сэтгүүлч гэхээр бүгд л цэрвээд байхыг нь бодоход дотор талд “асуудал” байгаа бололтой. Харин түүнээс нааш хагас километр орчим яваад бой хийдэг хэд хэдэн компани байдгийн нэг нь “Болор хүү” компани. Мөн л оройн ажлаа дуусаад тарж байсан юм. Харин Дундговь аймгаас зургадугаар сард ирсэн гэх мал нядладаг Б гэгч залуутай уулзлаа. Энд байдаг мал нядалгааны компаниуд бүгд монгол эзэнтэй гэнэ. Орон нутгаас малчид, тууварчид ирээд компанитай үнээ тохирч ажилчдаар нь малаа нядлуулдаг бөгөөд нэг бог 1300, бод таван мянган төгрөгөөр тус тус үнэлдэг ажээ. Ингэснээр ачаалал ихтэй сард нэг ажилчин дунджаар 600 орчим мянган төгрөгийн цалин авдаг бололтой. Харин тэр үе нь баяр наадам, хичээлийн шинэ жил эхлэх зэрэг ажил ид өрнөдөг зургаагаас аравдугаар cap гэнэ. Нэг бойны газарт 10 гаруй хүн ажилладаг бөгөөд өдөрт нэг хүн 30 орчим бог нядалдаг. Харин гэдэс буюу дотор арилгадаг 3-4 эмэгтэй ажилладаг юм байна. “Нэг хонины гэдсийг 400 төгрөгөөр цэвэрлэдэг. Ачаалал ихтэй үед өдөрт 100 шахам мянган төгрөг авах ч тохиолдол бий. Гэхдээ өвөл бид ажилгүй шахам суучихдаг” хэмээн нэгэн эмэгтэй хэлсэн юм. Одоогийн байдлаар ихэнх мал нядалгааны газар бараг зогсонги байгаа гэнэ. Эдгээр ажилчид буюу эндхийн оршин суугчдийн олонхи нь харьяалалгүй иргэд байдаг ажээ. Учир нь орон нутгаас ажил хайсан иргэд “Эмээлт”-д ирээд ажлын байртай золгодог гэнэ. Түүхий эд авдаг цэг, Хятад, Монголын компаниуд болон мал нядалгааны газруудад хөдөөний хүмүүс ажилладаг бөгөөд түр оршин суух харъяалалгүй нь олон юм. Ийнхүү эрээвэр, хураавар орон нутгийн иргэд, хятад ченж нараас бүрдсэн “Эмээлт” Улаанбаатарынх уу, урд зүгийнх үү гэж андуурмаар аж. Түүнчлэн манай улсын байгалийн баялаг, бизнес, эдийн засгийн түлхүүрийг гаднынхан атгах болсон нь нууц биш.

Зөвхөн энд гэхэд л хэдэн Хятад хүн “Бэрс” гарч, эзэн суусан байна. Ер нь олон зууны турш тусгаар тогтнолоо хадгалсан манай улсыг хэсэгчлэн худалдаж авах ажиллагаа ноос, ноолуурын наймаанаас эхэлсэн гэдэг үнэний ортой л болов уу. Малчдын ноос, ноолуур, арьс, ширийг худалдан авч, энэ төрлийн борлуулалт, үйлдвэрлэлтийг бүрэн атгахын тулд тус улсаас жил бүр хэдэн тэрбум юань цацдаг тухай яриа ч ченжүүдийн дунд байх аж. “Эмээлт”, “Цайз” захаас эхлээд хятадуудын мэдэлд бүрэн шилжсэн газрууд олширсоор байгаа нь эмгэнэлтэй ч гашуун үнэн. Хятадуудын хөл тавьсан салбар болгон тодорхой хямралд өртөж, өөрийн бус, өрөөлийн мэдэлд үлддэгийг бид харсаар л байх уу.

Сурвалжилсан В.Нэргүй, М.Наранболд


URL:

Сэтгэгдэл бичих