Өвөрхангайд ҮХЭЛ нүүрлэжээ

“Арай ч дээ, ингэж хэлээд байхдаа яадаг юм, жаахан зөөлөн хэлчихэж болоогүй юм байх даа, бүдүүлэг гэдэг нь” гэх хүн байж магадгүй л дээ, дээрх гарчигийг хараад. Гэхдээ ингэж хэлэхээс өөр арга алга. Үнэхээр Өвөрхангайд үхэл нүүрлэчихжээ.

Зөвхөн энэ он гарснаас хойш буюу өнгөрсөн 10 сарын хугацаанд “ГУРАВХАН” эх төрөхийн хүндрэлээс хорвоогийн мөнх бусыг үзжээ. Харин тав хүртэлх насны 63 хүүхэд энджээ. Эдгээр хүүхдүүдийн 51 нь 0-1 насны нялх нярай амьтад. 10 сар эхийнхээ халуун дулаан хэвлийд эрхэлсэн нялх “амьтад” хүний орчлонд дөнгөж төрөөд л цагаан халаадтануудаас аврал эрэн чарласаар буцаж байна гээд бод доо.

Хамгийн ойлгомжтой байдлаар тайлбарлах юм бол 5 хоног тутамд нэг хүүхэд эндэж байна гэсэн үг. Төрийн албан байгууллагууд ажлын 5 хоногтой. Тэгэхээр ажлын 5 хоногт нэг хүүхэд эндэж, нэгэн эхийн элэг эмтэрч, нэгэн айл гашуудлын хар нулимсаар нүүрээ угааж байна эмч нараа.

Дээрх үзүүлэлт нь улсын болон бусад аймгийн эндэгдэлтэй харьцуулахад өндөр хэмжээнд байна гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргажээ. Гэхдээ дүгнэлт болон бусад аймгуудтай харьцуулсан судалгаа гаргаснаас бус, эх хүүхдийн эндэгдэл яагаад ийм өндөр түвшинд хүрэх болов гэдгийг хөндөж байгаа эрх мэдэлтэн, эмзэг сэтгэлтэн алга. Харин тус аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд зарим мэргэжилтнүүдэд хариуцлага тооцсон гэнэ. Гэхдээ яаж…

Монголын эрүүл мэндийн салбарт жишиг болсон ажлаас нь халах, цалингийн төдөн хувиар торголоо гэх арга хэмжээ авч эх хүүхдийн амийг ҮНЭЛЖЭЭ.

2011 оны эхний 6 сарын байдлаар 33.694 эх амаржиж 607 эх хүүхдээ алдаж 17 эх нас барсан нь бага тоо гэж үү. Дайн байлдаан болоогүй, ямар нэгэн онош нь үл мэдэгдэх тахал Монголд гараагүй. Тайван цагийн “тахал” болсон эл байдал хүнд суртал, эмчийн ёс зүй, мэдлэгтэй шууд холбоотой.

Уг нь Хүний их эмчийн тангарагт  “Эмч би, Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө, Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая” хэмээсэн байдаг ч энэ нь ёс төдий зүйл болжээ.

Тэдэнд эрдэм мэдлэгээс илүүтэй эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж хэрэгтэй болчихож. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчид эрүүл мэндийн салбарт бэлэн мөнгө, оношлогооны аппарат, амьсгалын аппарат гээд орчин үеийн тоног төхөөрөмжийг байсхийгээд л хандивладаг. Гэсэн ч эдгээр тоног төхөөрөмж нийслэл орчимд л шингэж үлдэхээс бус төрөлт ихтэй, хот суурин газраас хол алслагдсан аймаг, сумдад хүрч чаддаггүй гэм бий. Тэгэхээр алс хол газар амьдарч байгаа тэдний хохь болоод л үлддэг гажиг тогтолцоо нэгэнт хэвийн үзэгдэл болжээ.

Эмч нарын хувьд “Эмнэлгийн тусламж үзүүлсэн. Гэвч манай эмнэлэгт тийм тоног төхөөрөмж, аппарат байдаггүй. Хамгийн эцсийн мөч хүртэл тэмцээд л алдаа” хэмээхээс өөрийг хэлж үл чадна. Уучлал гуйдаг ухамсар эмч нарт байдаггүй. Уг нь байх ёстой ч өдгөө өдрийн хэдэн удаа амьсгал хурааж буй хүн хараад дөжирчихсөн тэдэнд энэ нь хэвийн үзэгдэл болчихсон байдаг.

Тэдэнд өөрийгөө өмөөрч бусдыг буруутгах зүйл мундахгүй. Адгийн наад зах нь хүүхэд дутуу төрсөн. Хариуцлагагүй ээж буруу эм тариа хэрэглэсэн, ургийг доргиосон, архи тамхинд хордсон байсан гээд буруутгах үндэслэл их гарна. Гэхдээ л 111 мянган хүн амтай, хот суурин газарт харьцангуй ойрхон орших эл аймагт эх, хүүхдийн эндэгдэл хэрээс хэтэрсэн нь дээрх 63 хүүхдийн амь нас бэлхэнээ гэрчилнэ.

Тэгвэл эрүүл мэндийн салбарынхан нялхасын эндэгдлийн талаар ийнхүү тайлбарладаг нь нэг талаар үнэн боловч нөгөө талаар эмч, эх баригч нартай бас л холбоотой асуудал.

Нялхсын эндэгдлийн дийлэнх хувийг жирэмсэн, төрөлттэй холбоотой хүндрэлүүд, перинаталь үеийн эмгэгүүд эзэлж байдаг гэнэ. Перинаталь нас баралтын гол шалтгаан нь ургийн бүтэлт, нярайн халдвар, төрөлхийн хөгжлийн гажиг, амьсгалын тогтолцооны эмгэг, мөн жирэмсний хожуу хордлого, эхэс цагаас өмнө ховхрох, жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэг /бөөр, шээсний замын эмгэг, цус багадалт/ илүү нөлөөлдөг аж.

Эдгээрийг нөхцөлдүүлж байгаа хүчин зүйлүүд нь хоол тэжээлийн болон орчны аюулгүй байдал, ажилгүйдэл, ядуурал гэж судлаачид үзэж байна. Иймд перинаталь оношлогоог орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, төрөлхийн хөгжлийн гажгийг бууруулах, төрөх насны эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, ялангуяа эмзэг, ядуу, эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна хэмээн холбогдох албаныхан хэлж байна.

Мөн 1997 оноос хойш бэлтгэгдээгүй хүүхдийн эмч нарыг шинээр бэлтгэх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмийн хангамжийг сайжруулах, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, чадварын түвшинг тогтмол дээшлүүлж байх, хүүхдийн өсч хүмүүжих орчны нөлөөллийг сайжруулах, цэцэрлэг, яслиудын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж.

Нэг үгээр хэлбэл 1997 оноос хойш хүүхдийн эмч бараг бэлтгэгдэхээ байсан нь нярай болон хүүхдийн эндэгдэлтэй шууд холбоотой аж. Статистик тоо баримтаас үзвэл манай улс эх хүүхдийн эндэгдэл харьцангуй өндөр орны тоонд ордог байна.

Ж.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих