АН-ын дотоод сонгуульд АН-ынхан ялагдлаа

2db19947396953be247a7fc9775d3f59Монгол даяар АН-ын дотоод сонгууль буюу тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгууль боллоо. УИХ-ын сонгуулиас дутахгүй дуулиантай болж өнгөрсөн сонгуулийн дараахь хэрүүл, маргаан мөн л УИХ-ын сонгуулийнх шиг унжирч сунжирч байна. Ямар ч л байсан АН-ын дотоод сонгуульд АН-ынхан 100 хувь ялалт байгууллаа. Гэвч АН-ынхан үүндээ сэтгэл ханахгүй үзэлцэж байгаа ажээ. Өттэй мал таргалдаггүй, өртэй хүн өөдөлдөггүй гэдэг шиг фракцтай нам эвлэрдэггүйн жишээ л энэ болж буй хэрэг. Хаа сайгүй л сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур хүмүүс. Жиргээ, нүүр номоор дүүрэн гоморхол, шүүмжлэлүүд. С.Баярцогтыг Үндэсний бодлогын хороонд оруулахгүй, нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан боловч мань эр Сэлэнгэд нэгээр гараад ирсэн байх жишээтэй. Нөгөө талаар Н.Алтанхуяг, Р.Гончигдорж зэрэг АН-ын нөлөө бүхий лидерүүд ч энэ сонгуульд оролцсонгүй.

 Өттэй мал таргалдаггүй, өртэй хүн өөдөлдөггүй гэдэг шиг фракцтай нам эвлэрдэггүйн жишээ л энэ болж буй хэрэг.

Шинэ дарга нь шинэчлэл, эв нэгдэл гэж хамгийн их ярьсан ч тэр нь хаана ч байгаа юм. Өөрийнх нь туслах байсан, олон жил сайн, муу бүхнийг хамт хийлцсэн эмэгтэй нь Үндэсний бодлогын хороонд нэр дэвшсэн нь ард түмний аз завшаан, их хувь заяа гэсэн нялуун магтаал дотор муухайруулах. Иймэрхүү жишээ олон. Хэд хэдэн аймагт нэг тойрогт нэг л хүн нэр дэвшээд, 100 хувь ялалт байгуулан намынхаа эрх барих байгууллагад сонгогдсон нь социализмын үеийн сонгуулийг санагдуулав. Энд ч Сүхбаатар дүүргийнхэн саналын хуудсаа тоолох барих дээрээ будлиан гаргаж, толхилцож, тэнд ч Чингэлтэйнхэн хоёр хуваагдаад эрэгчин эмэгчинээ үзэлцэн бөөн л юм болсон дуулдсан. Чингэлтэйн АН бол эртнээс ширүүн өрсөлдөөнтэй байдаг газар. “Тумбааш”-ийн Б.Батбаатар нэг хэсэг бужигнуулж, дараа нь Гарьдхүүгийн Баярсайхан парламентын гишүүн байхдаа мөн л гар хөлөө дүрж, хагарал тэмцэл нүүрлүүлсэн гэдэг. Тэр нь ч ортой бололтой. Сая болсон Үндэсний бодлогын хорооны сонгуулиар УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан Чингэлтэйн АН-ын дарга болохын тулд булхай, луйвар хийсэн хэмээн намынх нь гишүүд ам султай байгаа аж. Гишүүн асантай МоАХ-ны анхдагчдын нэг Д.Алтанхуяг дүүргийн намын даргын төлөө өрсөлдсөн юм байна. Гэтэл сонгогчдын саналыг будлиантуулж, 80 гаруй саналын хуудас алга болсон гэнэ. Д.Алтанхуяг нь гурван ч тойрогт илт илүү санал авсан тул нэг тойрог дээр түүнийг унагах гэж ийм булхай хийж байна хэмээн тэрээр өөрөө мэдэгджээ. Сонгуулийнхаа дүнг эцэслэн гаргахгүй таг болчихоод, бөхчүүд авчран хамгаалалтад гарган хүн оруулахгүй байсан гэнэ. Энэ мэт мэдээлэл гомдогчдын талаас гарч байгаа бол будлианы эзнээр цоллогдсон эрхэм таг дуугүй.

АН-ын дотоод сонгуульд АН-ынхан ялагдлаа

Ийм жишээ олныг дурдаж болох юм. Зарим нэр дэвшигчийг ялалт байгуулсны дараа саналын хуудсыг нь дахин тоолж зарим саналыг нь өрсөлдөгчид нь шилжүүлсэн явдал ч гарч. Намын гишүүний батлахгүй хүмүүсээр санал өгүүлсэн, зарим хүнд хоёр саналын хуудас давхар өгч санал өгүүлсэн гэх мэтээр АН-ын дотоод сонгууль булхай, луйвартай л болсон бололтой.

Ардчиллыг ганцаар өмчлөх дуртай энэ намд ардчиллын үнэт зүйлс алдагдаж, эрх мэдлийн төлөө ийнхүү улайрч, эрх ашгаараа нэгдсэн фракцууд нь ил цагаан талцаж, тэмцэлдэж байгаа нь олон нийтэд сайхан харагдахгүй.

Оны өмнө өрнөсөн намын даргын төлөөх сунгааны үеэр таван нэр дэвшигч нь хоорондоо үзэлцэж, дээгүүрээ гар барин тэврэлдэвч доогуураа өшиглөлцсөн. Тэрнийхээ бурууг сүүлдээ тэс хөндлөнгийн МАН руу хүртэл чихэж, МАН-ынхны явуулга гэж тайлбарлаж байв. Харин энэ удаа дотоод сонгуулийн хэрүүл маргаанаа сөрөг хүчиндээ тохож арай л чадахгүй байх шиг байна.Үндэсний бодлогын хорооны сонгууль ийнхүү АН-ынхныг талцуулан, тэмцэлдүүлсэнд сэтгэл эмзэглэх хүн ч олон байна. Ардчиллыг ганцаар өмчлөх дуртай энэ намд ардчиллын үнэт зүйлс алдагдаж, эрх мэдлийн төлөө ийнхүү улайрч, эрх ашгаараа нэгдсэн фракцууд нь ил цагаан талцаж, тэмцэлдэж байгаа нь олон нийтэд сайхан харагдахгүй. Шударга ёс, ил тод байдал, хүний эрх, хуулийг дээдлэнэ гэж юу байдгийг АН л нийгэмдээ үлгэрлэх ёстой. Гэтэл тэд өөрсдөө хамгийн их шүүмжилдэг, муучилж гоочилдог МАН-аасаа дутахгүй муу муухай бүхнийг дотоод сонгуулиараа харууллаа. АН-ын дотоод сонгуульд АН-ынхан ялж, бас ялагдлаа. Үндэсний бодлогын хорооны гишүүн болж 2020 оны сонгуульд нэр дэвших, улмаар албан тушаалын бялуу хүртэх гэсэн санаархал фракцуудынх нь дунд дайн дэгдээв. Тос дотроосоо өтдөг, загас толгойноосоо өмхийрдөг.

eagle.mn

АН-ын дотоод сонгуульд АН-ынхан ялагдлаа

АН-ын дотоод сонгуульд АН-ынхан ялагдлаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих