1.5 сая төгрөгөөс дээш цалинд таван хувийн татвар нэмж ногдуулна

7i5kbbvb7sgsqov32akgabjs8e_bХаврын чуулганы хамгийн эхний буюу нэн чухал асуудал 2017 оны төсвийн тодотгол байлаа. Чуулганы нээлтэд ирснийг эс тооцвол гишүүд ажлынхаа анхны өдөр ангийнхаа ирцийг 52.6 хувиар бүрдүүлэв. Ирц чамлалттай ч хэдэн сар ажин түжин байсан гишүүд чуулганы танхимыг өчигдөр “амь орууллаа”. Хурал 10:15 цагт эхэлж 2017 оны төсвийн тодотголыг Сангийн сайд танилцуулсан юм. Үдээс өмнө, хойно бүтэн өдөр дамнан хуралдсан чуулганы хуралдааны үеэр эзгүй гишүүдээс бусад нь бүгд үг хэлж, саналаа уралдуулав. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголыг тойрсон хариулт нэхсэн асуултууд хөвөрсөн юм. Хэдийгээр үг хэлээгүй гишүүн үлдээ­гүй ч олонх нь төс­вийн тодотголыг зарч­мын хувьд дэмжиж, засч залруулах зүйл дээр хамтран ажиллахаар болов.

Засгийн газраас өн­гөр­сөн сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүл­сэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эх­ний хэлэлцүүлгийн үеэр татвар, хүүхдийн мөн­гө, өр зээлийн асууд­лыг ихэвчлэн хөндөв. Хуулийн төслийг дагалдуу­лан нийт найман төсөл, Их Хурлын гурван тогтоолын төслийг боловсруулсан байна. Төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас ха­маа­рах хамаарлыг буу­руу­­­лах, төсвийн ор­логын тогтвортой эх үүс­вэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас тө­сөвт үүссэн зардлын ачаал­лыг бууруулах, тэт­гэв­рийн тогтолцоог ши­нэч­лэх, цалин хөлсийг төс­вийн боломжтой уял­дуулах, зардлын үр аш­гийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан бод­логын арга хэмжээг авч хэрэг­жүүлэхээр төс­вийн тодотголын төсөлд тусга­сан. Мөн долоон төрлийн татварыг нэ­мэх, нийгмийн халам­жийн төрлийг нэгтгэж, зорилтот бүлэгт чиглүүлж үе шаттайгаар зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Хуулийн төслийн талаарх гишүүдийн байр суурийг тоймлон хүргэе.

 

С.Эрдэнэ:

-Төслийг бүхэлд нь эсэр­гүү­цэж байна. ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийн дор гаднаас асар их хэмжээний зээл босгох, түүнийгээ юунд зар­цуулах гэж байгаа нь тодорхой бус. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нуруун дээр үүрүүлэх маш олон тат­варыг нэмж гоё сайхан үгээр халхавчилсан байна. Төр эхлээд тансаглалаа танаж, илүү орон тоогоо цом­хотгох ёстой ч дэд сайд, агентлагийн орлогч нараас эхлээд сул орон тоо их байна. МАН-ын өр барагдуулна, цалин нэмнэ, зээл тавихгүй, татвар нэмэхгүй гэсэн амлалт хаачив. Өнгөрсөн дөрвөн жил төсөв санхүүгийн гол бодлогын албан тушаал дээр Ж.Эрдэнэбат, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нар байсан.

 

Б.Чойжилсүрэн:

-Гаднаас авах зээлийг Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна. Хэн эдийн засгийг хэзээ хямраасан талаар сүүлийн жил гаруй ярилаа. Тиймээс эдийн засгаа аврахад хамтарч ажиллая. Улс төржихөө больё. Татвар нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Танай Засгийн газрын үед төсөвт суулгалгүй зарцуулсан 2.3 их наяд төгрөгийг нэмж тусгахад алдаг­дал 18 хувьтай бай­сан. Үүнийг огцом бууруу­лах­гүйгээр ярьж байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед төрийн албан хаагчдыг олноор нь ажилгүй болгохгүй байх үүднээс валютын сантай тохирсон. Тэтгэвэрт гарсан албан хаагчдын оронд нөхөн томилгоо хийхгүй. АН-ын үеийн төрийн данхар бодлогыг хумьж агшаахаар ажиллаж байна.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

-Валютын сангийнхан ма­най улсын нөхцөл бай­далд тааруулж ямар арга хэм­жээ авахаа мэдэхгүй хэд дахин ирж эргэлзэж тээнэгэлзсэнээс удлаа. АН-ынхан МАН-ыг хамтарсан Зас­гийн газарт орж ажиллаач гэсэн мөртлөө найман сарын дараа болиоч гэсэн. Тэр үед хамтарч яваад төсвийн сахилга баттай байсан бол өнөөгийн хямралд орохгүй байсан. Долоон төрлийн татвараас аж ахуйн нэгжтэй хамаа­рал­тай Тэтгэврийн даат­галын шимтгэлийн нэмэг­дүүлэх ганцхан зүйл бий. 5.5 тэрбум ам.долларын хагасаар АН-ын тавьсан өрийн хугацааг сунгаж байна. 1.5 сая төгрөгөөс дээш цалинд ногдуулах Хувь хүний орлогын ал­бан татварыг таван хувиар нэмнэ. Одоо 10 хувь байгаа, үүн дээр та­ван хувь нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. 5.5 тэрбум ам.долларыг гурван жилийн хугацаатай авч ашиглана. 2.4 тэр­бум ам.долларыг Монгол­банкны своп хэлцлийн хуга­цааг сунгахад, 1.6 тэр­бум ам.долларыг төсвийн алдагдлыг санхүүжүү­лэ­хэд, 1.5 тэрбум ам.дол­ларыг ажлын байр нэмэг­дүүлэх төсөл хөтөлбөрийг сан­хүүжүүлэхэд зарцуул­на. С.Эрдэнэ хариуцаж бай­сан нийгмийн хам­гаал­лын салбараа дампууруулсан.

 

Д.Сарангэрэл:

-Нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байгаа ч бидний гаргах гэж байгаа шийдвэрийн ард иргэд илүү их чардайж байгааг бодох ёстой. Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгөнөөсөө хасагдаж байгаа 20 хувьд Засгийн газар хэрхэн хандах вэ. 2037 онд эмэгтэй хүн 65 нас, 2027 онд эрэгтэй хүн 65 нас хүрч тэтгэвэрт гарахаар байгааг олон нийт буруу ойлгож байна.

 

Б.Чойжилсүрэн:

-Тэтгэврийн нас, шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Төрийн сан 2014 онд 297 тэрбум, 2016 онд 478.1 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс авсан. Бодлогын өөрчлөлт хийхгүй бол ирэх онд 677.7 тэрбум, 2020 онд 807 тэрбум төгрөгийг тэтгэврийн санд өгөх юм. Ийм алдагдалтай байгаа учраас арга хэмжээ авах хэрэгтэй болсон. Тэтгэврийн сангаас бусад хөгжлийн асуудал ярихгүй болох нь. Валютын сан­гийн болзлын дагуу хүүх­дийн мөнгө, талоныг зорил­тот бүлгийн 40 хувьд олгохоор болсон. Хэм­нэгдэж байгаа мөнгийг өөр зүйлд зарцуулахгүй.

 

Г.Занданшатар:

-Өмнөх Засгийн үед тавьсан өр, сахилгын хариуц­лага яригдаж таар­на. Ээлжит бус чуулган хуралдуулсан бол хөрөнгө оруулагчдын итгэл сэр­гэж, валютын сангийн хөтөлбөрийг батлах асуу­дал нааштай яригдах байсан юм бишүү.Төрийн өмчийн хувьчлал яагаад удаад байна вэ?

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

-Валютын сангийн хөтөлбөрт хамрагдана гэдгээ хэлсэн. Тус газраас тавьж байгаа шаардлагын хүрээнд ард түмэн, аж ахуйн нэгжийн ачааллыг бага ч гэсэн бууруулах хэлэлцээр хийж байсан учраас ээлжит бус чуул­ганыг зарлаагүй. Эдийн засаг хүнд цаг үед хувьчлал нэрийн дор төрийн өмчийг хямд борлуулчихмааргүй байна. Эдийн засаг сайжирвал бодит үнээр нь борлуулах үүднээс хойшлуулж байна.

 

С.Чинзориг:

-Валютын сантай хийсэн хэлэлцээрийг гишүүд гар дээрээ авч үзэж болох уу. Валютын сангийн нэрээр дахиад нийгмийн хамгааллын чиглэлийн хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулж, хүрсэн түвшингээс нь ухраах асуудал гарах уу?

 

Б.Чойжилсүрэн:

-Валютын сантай ажлын хэсгийн төвшинд тохирчихоод байгаа. Хө­төл­бөр валютын сан­гийн захирлуудын зөвлөлийн хурлаар орж батлагдахаас өмнө гурван нөхцөл хангах ёстой. Батлагдсаны дараа ил болгоно. Гишүүний хувьд төслийг цаасаар танилцуулж болно. Дундаж орлогыг хүрсэн төвшнөөс ухраахгүйгээр эдийн засгийн арга хэмжээ авч байгаа гэж үзэж байгаа. Нийгмийн хамгааллын чиглэлээр дахиж валютын сангийн нэрээр янз бүрийн асуудал оруулж ирэхгүй.

 

Б.Энх-Амгалан:

-Хувь хүний хадгалам­жийн хөрөнгийг 10 хувь бол­­гоно гэж байна. Хадга­лам­жаа татчихвал яах вэ, мөнгөө татаад үл хөд­лөх хөрөнгө болгоод төлөв­лө­сөн төсөв тасарвал яах вэ?

 

Б.Чойжилсүрэн:

-Ийм эрсдэл гарахыг үгүйс­гэхгүй. Гэхдээ Мон­гол­банк, Сангийн яамны мэргэжилтнүүд ярилц­сан. Банкнаас мөн­гөө тат­вал бодит салбар руу хөрөнгө оруулах байх гэж тоо­цоолсон. Нэг жилд хад­га­ламж эзэмшигчид 10 ху­вийн татвар төлөх ухам­­сар байгаа байх. Хад­га­ламжийн 15 хувийн хүү байгаа.

 

З.Нарантуяа:

-АН-ын бүлэг төс­вийн тодотгол дээр ал­бан ёсоор байр сууриа илэр­хийлээгүй байгаа. 440 сая ам.долларыг авчирч төл­­бөрийн тэнцлийн алдаг­­далыг хаах, валютын нөө­цийг нэмэгдүүлэх нь маш зөв алхам. Улс төр хийх биш бодит тоон дээр төсвөө ярилцахыг уриалж байна. Сүүлийн гур­ван удаагийн төсөв дунд хугацааны зорилтоо дан­даа муутгасан.

Ийнхүү төсвийн тодотголыг үдээс хойшх хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв.

 

С.УЯНГА /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих