“Тэди” төв луйварчдаар дүүрчээ

c59ca83a55524141bd0041431e0140b7_1200Саяхан даа, хэдхэн сарын өмнө сарын цалингаасаа илүү гарган байж “Самсунг-S5” утас авахаар Тэди төвийг зорив. Утас зардаг газар чамгүй олон ч ухаандаа Тэди албан ёсны борлуулагч гэж рекламддаг учраас арай чанартай байх болов уу гэж сэтгэсэн хэрэг. Гэтэл бүтэн хоёр давхраар яваад ч шинэ утас олж чадсангүй. Ихэнх нь барьж байсан, эсвэл угсарсан утаснууд байх нь тэр. Цаг гаруй дээш доош явсаар арайхийн шинэ утас олж авлаа. Хайрцаг савнаас нь гаргаад, нэг сарын баталгаа бичүүлсэн наймаа хийгээд гарлаа.

Гэтэл маргааш нь өнөөх “шинэ” утасны маань тар танигдах нь тэр. Гадаа хүйтэнд бариад зогсоход дэлгэц нь тас хар болчихлоо. Гэрт орж ирээд жаахан суухаар цайрдаг утас байж таарлаа. Өнөөх утас авсан залуутайгаа холбогдож учир байдлаа хэлтэл баталгаат хугацаа дуусаагүй бол бид оношлоод өгье, аваад ир хэмээв. Ингээд шинэ утас маань хуучин, бүр болоогүй хэдэн хуучин утас нийлүүлж угсарсан гэдэг нь тодорхой боллоо.

Анх авахдаа харж аваагүй та нарын хохь хэмээн загнуулсаар арайхийн дахиад нэг “шинэ” утсаар солиулав. Мөнгөө авах хүсэлт гаргасан ч элдвээр доромжлуулаад бүтэх юм биш. Ингээд өөрсдийнх нь шинэ гэж нэрлэсэн утсыг барьсаар хөөгдөж гарсан би гэдэг хүн хэзээ дэлгэц нь харлаж, эс бөгөөс унтрах бол хэмээн түгшсээр нэг сарын хугацаа өнгөрлөө.

За энэ удаад арай хулхидчихаагүй бололтой хэмээн тайвширч суутал баталгаат нэг сарын хугацаа өнгөрөөд хоёр хоноод л нөгөөх утас маань дэлгэц нь тас хар болчихов. Яаж ч оролдоод дэлгэц нь эргэж цайрсангүй. Ингээд дахиад л унаа тэрэг болсоор өнөөх утас авсан залуу руугаа давхилаа.

Гэтэл биднээс өгсөн баталгаат хугацаа дууссан учраас хүлээж авах боломжгүй, хэрвээ засуулахыг хүсвэл 120 мянган төгрөг нэмж өг гэдэг байгаа. Ингээд л хэрүүл эхэлж, зохион байгуулагчид нь хандсан ч баталгаат хугацаа чинь дууссан бол бид яалтай билээ. Тэгээд ч түрээсээ төлөөд ажиллаж байгаа хүмүүст бид шаардлага тавьж чадахгүй. Та сайн харж шалгаж авахгүй яасан юм бэ гэсэн хариулт авах нь тэр. Дэмий л бухимдахдаа энэ талаар фэйсбүүк хуудсандаа бичтэл ганц би ч ингэж хулхидуулаагүй бололтой. Надтай ижил хулхидуулсан хүн нэг биш хэдэн зуугаар тоологдож байх нь тэр.

Дэлгэц харладаг, баттарей нь буудчихсан хулхи бараа авсан иргэн маш олон байв. Мобикомын зохион байгуулагчид хандсан ч асуудлыг шийдүүлж өгөөгүй, хулхи утас авсан гомдлоо гаргатал худалдагч залуучууд нь барьж авч зодох шахсан гэх мэт сэтгэгдэл бичжээ. Тэгэхээр алдсан хүн 10 тамтай гэгчээр хулхидуулсан бол хохь нь гэдэг бичигдээгүй хууль энэ байгууллагад хэрэгжсээр удсан бололтой. Уг нь ийм төрлийн асуудал аль 2-3 жилийн өмнө яригдаж, ШӨХТГ-аас удаа дараа шалгалт оруулан, зөрчлөө арилгахыг үүрэг болгож байсан ч огтхон ч ажил хэрэг болгоогүй юм билээ.

Ингээд аргаа барж дахин утасны эрэлд гарав. Баталгаатай гэж хэлж болох олон газраар орлоо. Дийлэнх нь угсарсан, урдаас оруулж ирсэн, барьж байсан утас. Барьж байсан гэдэг нь нэг ёсондоо хулгайнх гэсэн үг л дээ. Хэн ч үүнийг мэддэг.

Ингээд саяхан нээлтээ хийсэн “И-март” худалдааны төвд арай чанартай утас зарагдаж байгаа гэсэн танилынхаа зөвлөгөөг дагаж тийшээ давхилаа. Үнэхээр ч сэтгэл ханамж 100 хувь гарав. Лац ломбыг нь нэг бүрчлэн шалгуулж, баталгаат хугацааг нь бүтэн 24 сараар буюу хоёр жилээр бичиж өглөө. Өмнө нь хаанаас хэнээс юу ч авсан ийм урт хугацааны баталгаа авч байгаагүй учраас үнэхээр гайхсаныг нуух юун. Хэрвээ хоёр жилийн хугацаанд үйлчлүүлэгчээс хамааралгүй гэмтэл гарвал шууд шинэ утсаар сольж өгөх, эс бөгөөс завсар үйлчилгээг бүрэн хариуцна гэдгээ тэд мэдэгдэж байсан юм.

Үйлчлэгчээ дээдэлсэн, чанартай байдал, хамгийн гол нь сэтгэлийн ханамжийн баталгаанд анхаарч чаддаг энэ мэт байгууллага манайд ус агаар мэт хэрэгтэй байгааг мэдрээд гарлаа. Дахиад хэзээ ч “Тэди” бас бус хулхи газруудаар орохгүй гэж өөртөө тангараглав.

Мобиком минь түрээслэгчийнхээ эрх ашигт биш үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжид анхаарал хандуулж чанар, баталгаа гэдэг зүйлдээ сэтгэл гаргах цаг нь болжээ. Эс бөгөөс олон жилийн нэр хүнд чинь өдрөөс өдөрт унаж буйг сануулчихъя. Дахин хэзээ ч “Тэди” төв орохгүй, дахиад хэзээ ч мобиком барихгүй гэж өөрөөсөө гадна өрөөлд уриалах хүмүүс нэгээр биш нэлээд хэдэн зуугаар нэмэгдэж байгааг анхаараарай. Тэди хар зах шиг болчихож, тэр тусмаа луйварчдаар дүүрсэн гэдэг нь тодорхой болчихоод байна.

mminfo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих