Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням дуулиант “17 тэрбумын хэрэг”-ийн талаар юу өгүүлэв

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн долоо хоногт таван өдөр үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3.6 жил, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэх, Г.Дэнзэн, “Говь товер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаа нараас 5.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэ талаар Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын хэвлэлд өгсөн ярилцлагаас онцлох 24 баримтыг хүргэж байна.

4ou0jau01ugo1i44hvr8j4q3mr

Баримт 1. Улс орон даяар 17 тэрбум төгрөгийн гэх тодотголтойгоор дуулиан шуугиан дагуулсан хэрэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Г.Дэнзэн ял шийтгэл оногдуулсан.

Баримт 2. Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг хоёр асуудлаар буруутгасан байдаг. Эхнийх нь 2010 онд Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар “Замын-Үүд” Эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдож, албан тушаал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан, өөрийн хамаарал бүхий “NIDB” ХХК- ийг хууль бусаар сонгон шалгаруулсан гэж. Гэтэл энэ үйлдлийн хувьд Г.Дэнзэнгийн гэм буруутай гэх үйлдэл огт тогтоогдоогүй.

Ц.Дэлгэрням: Г.Дэнзэн нарын төрд учруулсан хохирол гэх 5.5 тэрбум төгрөг шүүхийн шийдвэрээр “Говь повер”-ын дансанд шилжсэн мөнгө гэдэг нь нотлогдсон.

Баримт 3. Дараагийнх нь Г.Дэнзэнд ямар ч хамааралгүй, Д.Баярмаа гэх эзэнтэй “Говь повер” ХХК-ийн хувьцааны зарим хэсгийг өөрийн эхнэрийн нэр дээр шилжүүлж, тендерт хууль бусаар шалгаруулан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж тус тус буруутгасан.

Баримт 4. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьсанд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байгаа.

Баримт 5. Улсын яллагчаас тус хэрэгт холбогдон, сэжигтнээр шалгагдаж байсан Н.Э гэх хүнээс авсан гэрчийн мэдүүлэг болон түүний сэжигтнээр өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтдээ Г.Дэнзэнг буруутгах эх сурвалжаа болгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

Баримт 6. Замын-Үүд чөлөөт бүсэд “ГХ” ХХК-иас 179 сая төгрөгөөр буюу үнийн хувьд илтэд зөрүүгүйгээр нийлүүлэгдсэн адил чанар, стандарт бүхий пүү байсаар байтал зөвхөн Г.Дэнзэнг буруутгаад байгаа нь ойлгомжгүй байсан.

Баримт 7. Хоёрдугаар буруутгаад буй үйлдлийн хувьд, хамгийн гол нь Г.Дэнзэнгийн гэм буруугүй, “Говь повер” ХХК-тай харилцаа холбоогүй, хэн нэгнээс ямар нэгэн мөнгө, хөрөнгийг хувьдаа авч ашиглаагүй гэдгийг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байдаг.

Баримт 8. Ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хаана, хэнээс хуулбарласан нь тодорхойгүй “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г мөн л Г.Дэнзэнг буруутгах гол нотлох баримт болгосон.

Баримт 9. “Говь повер” ХХК-ийн албан ёсны эзэн, хөрөнгө оруулагч бөгөөд тус ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж буй Д.Баярмаа гэх эмэгтэй “Говь Повер” ХХК нь миний компани гэдгийг мэдэгдэж, зарцуулсан мөнгийг зөвхөн банкаар шилжүүлсэн албан ёсны нотлох баримтуудаа гарган өгсөн.

Баримт 10. ”Говь Повер” ХХК Эрдэнэс тавантолгой ХК-тай шүүхдэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Тиймээс шүүхийн шийдвэрээр тус компанийн дансанд 5.5 тэрбум төгрөг шилжилж орсон нь баримтаар нотлогдож байгаа.

Баримт 11. “Говь повер” ХХК-ийн захирал Д.Баярмаа гэх эмэгтэй “Эрдэнэс Таван толгой” компаниас шүүхийн шийдвэрийн дагуу орж ирсэн мөнгөө хаана хаана, ямар гүйцэтгэлд төлсөн тухайгаа маш дэлгэрэнгүй тайлан гаргасан, дансаар мөнгөө шилжүүлсэн байдаг.

Баримт 12. Үүнийгээ АТГ-д гаргаж өгсөн. Энэ мөнгөн гүйлгээн дотор Г.Дэнзэнд нэг төгрөг ч шилжүүлсэн зүйл байхгүй. Иймээс Г.Дэнзэнгийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулсанд гомдолтой байгаа.

Баримт 13. Бид давж заалдах гомдлоо гаргах болно. Мөн “Говь повер” ХХК шүүхийн шийдвэрийн дагуу өөрийнхөө дансаар мөнгөө шилжүүлээд авчихсан. Г.Дэнзэн нэг ч төгрөг аваагүй нь тодорхой байхад “Говь повер” ХХК-тай хувааж төл гэсэн шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.

Баримт 14. Г.Дэнзэнгийн эхнэр “Говь повер” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэх ямар ч нотлох баримт байхгүй. Нэг канондчихсон гэрээ гэх зүйл үзүүлээд байдаг. Нотариатаар ч батлуулаагүй канондчихсон гэрээ хууль ёсны дагуу нотлох баримтын шаардлага хангахгүй гэдгийг хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа хуульчид битгий хэл жирийн иргэн ч мэднэ.

Баримт 15. Канондсон цаасыг техник, тоног төхөөрөмж хөгжсөн өнөө цагт хэн дуртай нь хийх боломжтой байх. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгыг “Повь повер” ХХК-ийн эрх шилжүүлсэн гэрээ хийсэн гэж үзээд, буруутгаад байгаа гэрээ нь өөрөө албан ёсны нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар юм.

Баримт 16. “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна. Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэх зүйл заалтын шаардлагыг хангаагүй шийдвэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.

Баримт 17. АТГ-аас Шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтийг “хууль бус дүгнэлт” гэж үзээд ашгийн төлөө байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” нэртэй хувийн байгууллагаар гаргасан дүгнэлтээр үнэлгээ тогтоолгож, түүнийг туйлын үнэн гэж үзсэн нь харамсалтай.

Баримт 18. Дээрх ашгийн төлөө хуулийн этгээдийг төлөөлж, үнэлгээ гаргасан үнэлгээчин н.Соёлмаа гэх эмэгтэй нь сүүний технологич мэргэжилтэй, эд хөрөнгийн үнэлгээчин гэх мэргэжлээ курсээр эзэмшсэн хүн.

Баримт 19. Тэрээр 2015.06.24-ний өдөр үнэлгээ хийсэн боловч, тусгай зөвшөөрлөө үнэлгээ хийснээс хойш буюу 2015.12.18-ны өдөр авсан, өөрөөр хэлбэл үнэлгээ хийх үедээ албан ёсны эрхгүй этгээд байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Баримт 20. Мөн хөрөнгийн үнэлгээчин н.Соёлмаа “Говь повер” компанитай холбоотой асуудлаар үнэлгээ, дүгнэлт хийхдээ Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн тухай хуулиа огт уншаагүй гэдгээ өөрөө мэдүүлсэн.

Баримт 21. Үнэлгээ гаргахдаа зах зээлийн үнэлгээгээр тогтоосон гэж мэдүүлсэн боловч хэрхэн, ямар аргачлалаар үнэлгээ тогтоосон нь тодорхойгүй. Үүнийгээ өөрөө хамгаалж чадаагүй.

Баримт 22. “Та үнэлгээ гаргахдаа хаана хаанаас үнэ аваад, дундаж үнийг нь гаргасан юм бэ” гэх асуултад халиулж чадахгүй байсан. АТГ-ын мөрдөн байцаагч “Та үнэлгээндээ оруулаарай” гээд холбогдох бичиг баримт өгсөн байдаг. Гэтэл дур мэдээд тэр жагсаалтын заримыг нь хасаад үнэлгээ хийгээгүй орхигдуулсан.

Баримт 23. Үнэлгээчин “Эд хөрөнгийн үнэлгээ”-г  бодитой тогтоож чадаагүй.

Баримт 24. “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компани өөрөө ашгийн төлөө компани. Гэтэл миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болоод байгаа юм. Үүгээрээ миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байгаа үйлдэл болсон гэж үзэж байгаа. Шүүхээс гаргасан шийдвэр болон бусад нотлох баримтуудын талаар санал бодлоо солилцож байгаа нь зөвхөн өмгөөлөгч миний хувийн бодол, дүгнэлт гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Б.Энхжин

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих