Нийтийн тээврийн сонин хачин

Өнөөдөр нартай сайхан өдөр байлаа. Утсаа майжиж зогссоор нэг мэдэхэд Офецерийн буудлаас Баянбүрд хүрэх автобусыг хүлээгээд 30-аад минут болчихож. Ер нь л их уддаг автобус доо. Хүлээсэн хүмүүсийг сэтгэлийг нь засаж ар араасаа цувсан олон автобусны цаанаас үзэгдэх төдийд хүлээж тэссэн хүмүүс тосон гүйлдэж чихэлдэн шахалдан багтаж суулаа.

“Бэлэн мөнгөтэй хүн суулгахгүй шүү” гэж автобусны жолооч нар хэлж байна гэхийг нүүр номын найзууд бичсэн байсныг харсан тул картаа бэлдээд хөөрхөн хэдэн төгрөгөөр цэнэглүүлсэн хүн уншуулаад л орлоо. Гэтэл харин ардаас нэг бүсгүй “ээ эгчээ” гэх дуу сонсогдов. Эргэн хартал давхар биетэй нэгэн бүсгүй картгүй задгай таван зуун төгрөг хуучны кандуктор, одоогийн хянагч эгч рүү сарваан гуйн зогсох нь олон хүний шахалдан зогссон хоорондох зайгаар хальтхан харагдав. Хөөрхий бүсгүйг хянагч эгч халгаадаггүй, чи бусад хүмүүст наад мөнгөө өгөөд картыг нь уншуул гэнэ. Хүмүүс харсаар л гэхдээ чимээ анир гаргасангүй. Тэгсээр нэг мэдсэн автобус ч хөдөлж хүн бүр гарт ойрхон барьж болох зүйлсээс зуурч өнхөрчихгүйхэн явсаар хүрэх газраа хүрэх хүслийг гарын атгалт илтгэх жишээтэй. Гэтэл гэнэт л нэг настай эгч хүмүүс дундуур чихсээр, азаар нэгэн залуу суудал тавьж өглөө. Эгч хажуудаа зогсох нас ойролцоо эгчтэй их дотноор яриа өрнүүлнэ. Уг яриа аажимдаа зөвхөн тэр хоёрын яриа биш болж олны чихэнд ямар ч хаалтгүйгээр хүрч эхэллээ. Ярьсан зүйлээс дурдваас эмээ Гачууртаас Улаанбаатарт хувийн эмнэлэгт үзүүлэхээр орж ирсэн аж.

Эмээ: Өчигдар Баянзүрх захаас мах автал худалдагч хүүхэн их л найр тавиад байсан, гэртээ хариад тооцоод үзтэл 23000 төгрөг илүү авсан байсныг олж мэдлээ. Одоо ч хүнд бүр итгэх боломжгүй болж дээ. Би ч уг нь бүр дандаа тооны машантай явдаг, цээжээрээ ч давхар бодоод үздэг. Гэтэл тэр хүүхэн бүр жигтэйхэн олон юм яриад намайг бүр юу ч бодох сөхөө өгөөгүй, дотроо за өдий настай намайг арай хуурахгүй биз  гэж бодтол харин 23000 төгрөг шүү, 2300 бол яахав гэсэн, тэгж ч хулгайчыг давраахгүй шүү. Би одоо эмнэлэгтээ очоод зах орноо. Хэмээн их л гоморхсон уурссан шинжтэй бас дээр нь багагүй омог зориг амтагдан хэлж байхыг сонсоод би өөрийн эрхгүй эргэж харан эмээгийн ярианд утгаараа уусан орсон юм.

Эмээ: Энэ автобус их удаж ирдэг. Одоо ч бас нэг муу юм бага сага хөгжөөд байнаа. Бусад чиглэлийн автобусууд их л хурдан ирэх юм. Энэ автобус намайг 30 минут хүлээлгэлээ. Гэж халаглаад дэргэдэх хөгшинтэйгээ дахин дотноор: Одоо энэ карт ашигладаг их зөв юм болж байгаа юм, харилцан биенийгээ хуураад дээрэмдээд байсан. Одоо бүх юм тооцогдоод тоологдоод орчих юм билээ. Ер нь тэгээд хүмүүс ч их хэцүү шүү дээ сэтгэж бодох нь хурдан, тэр тусмаа урвуулж буруугаар сэтгэхдээ мөн шаламгай хүмүүс шүү гэж шагшраад ,

Хүний тархитай ажиллана гэдэг л хамгийн ярвигтай ажил шүү дээ гэж хэллээ.

Миний хувьд эмээгийн яриа их үнэн даацтай санагдлаа. Үнэхээр л хүний тархийг удирдаж чиглүүлж түүнд нь таарсан бодлого боловсруулна гэдэг үнэхээр хүнд бэрх ажил шүү дээ.

Эмээгийн бас нэг хэлсэн үг нь хоолны мах, талх хоёроо бодоод юун тэр утаа, эрүүл мэнд бодох сөхөөгүй байгаа биз дээ зайлуул гэж 100 айлын ар дэнжид харагдах битүү их айл, манантсан саарал утааг хараад санаа алдан хэлсэн юм .

Хажууд нь зогссон настай хөгшин зөнөсөн хөгшид элий балай юм ярьж байна гэж бодож байгаа хүүхдүүд гэж санаа зовнин хэлж мишээхэд Эмээ харин одоогийн хүүхдүүд хүний үг сонсох биш дээ. Би угаас юм хэлдэггүй хэлэх ч хүсэлгүй, харин бүр хүнд улаан цагаан инээж зогсож байгаад дээрэмдүүлсэндээ уурсаад хэсэг юм ярьчлаа. Ер нь би их олон юм мэднэ, олон ч юм үзсэн, хөгжиж буй сайхан улс байх атал бидний байгаа байдал гэж бүүр нэг оюун санааны хоосролд орцон, бусдаар бүхнийг чиглүүлж удирдуулж яваа гээд үргэлжлүүлэн энэ явж байгаа дууг нь сонс баранд суугаа аятай чанга дуу орилуулчихсан, тэр сүүлийн үеийн зохиолын дуунууд байна, бүүр нэг бүгд ижил гингэнсэн, хүүхэд байхад биднийг их гингэнэх муу ёртой гэдэг байсан даа энэ дуунууд ч мөн ялгаагүй сайн юм биш шүү. Хүний сэтгэн бодох чадваргүй ул суурьтай тогтвотой юм бодох чадамжгүй болгож байгаа юм… гээд миний буух буудал ирсэн юм.

Энэ бүхнийг сонсоод явахад надад их сайхан санагдлаа. Эмээгийн ярьсан зүйлээс авах ч юм байсан, хаях ч юм байсан. Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм, буурлуудын минь амьдарч байсан нийгэм,  ирэйдүйд үр хүүхдүүдийн минь амьдрах нийгэм цэнхэр гариг шиг, тойрон эргэлдэх амьдралын тойрог аятай. Буурлуудын буянаар бид жаргасан бол бидний нүгэлээр үр хүүхдүүд минь зовох вий дээ. Хамгийн гол нь биднийг гэх сэтгэлээр үглэн яншиж өөрсдийгөө үнэгүйдүүлэн байдаг ийм олон настангууддаа бид баярлах хэрэгтэй.

Нийтийн тээврийн сонин хачин, хэзээ хуучрахгүй олон сэдвүүд…

 photonews.mn

URL:

Сэтгэгдэл бичих