Т.Бадамжунайгийн хүн гэгддэг Ц.Ням-Осор хаяагаа манаж эхлэв үү?

e52fc171ace41e4820ad6834d706c922_748Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албанд томилогдоход нь Т.Бадамжунайгийн хүн ирлээ гэх мессеж дагасан. Харин тэр өөрөө юу ч хэлээгүй. Төрийн өмчтэй холбоотой асуудлаар дуугарч суудаг болсон. Тэгвэл Ц.Ням-Осор дарга сүүлийн үед нэлээд дуугаа өндөрсгөөд ирлээ. УИХ-ын шийдвэртэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ анхаарал татсан зүйл нэлээд ярьж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн талаарх УИХ-ыг тогтоолыг биелүүлэхэд хүнд болоод байгаа гэхчлэн ярьжээ. Тэрбээр  хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Төрийн өмчийн эзэмшигч нь УИХ. УИХ Засгийн газарт эзэмших, ашиглах эрхийг нь Засгийн газарт олгодог. Засгийн газар нь өдөр тутмын гүйцэтгэл, үйл ажиллагаа эрхлэхийг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт олгосон. Тэгэхээр хувь нийлүүлэгчдийн хурал хийхийн тулд хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнийг багтаасан комисс томилох эрх нь надад бий. Миний хувьд хувьцаа нийлүүлэгчдийн хуралд оролцох эрх байхгүй, харин хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнийг Засгийн газраас санал ирүүлсний дагуу томилох шийдвэр гаргана. Уг нь энэ маргааныг хууль эрх зүйн асуудлыг нь шийдсэний дараа төр шат шатны ажлаа хийх ёстой байсан гэж би хувьдаа бодож байгаа юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах асуудал өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн яригдсан. Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосны дараа УИХ-ын тогтоол гарсан дараа хоёр тал хоорондын яриа хэлцэл явагдаж байна гэж би ойлгож байсан. Гэтэл хоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас дээрх гурван заалт бүхий тогтоол ирсэн. Тэр тогтоолын дагуу би шийдвэр гаргаж, хувь нийлүүлэгчийн комисс томилон хувь нийлүүлэгчдийн хурал зохион байгуулсан. Засгийн газар үүрэг, чиглэл өгсөн учраас түүнийг нь биелүүлж ажиллаж байна. Монголд нэг хууль эрх зүйн буруу тогтолцоо бий болсон байна. Монголын эрх зүйн орчныг сайжруулахгүй бол ялангуяа эдийн засгийн гэмт хэргээс болж олон залуучууд алдаа гаргаж, тэр нь аавын хаалга татах хэмжээнд хүрч байгаа байдал аль ч намын үед гарсаар ирсэн. Тиймээс аль нэг нам гэхгүйгээр эрх зүйн тогтолцоогоо сайжруулах цаг болсныг хэлмээр байгаа юм.

Би  мөнгө төгрөгийн асуудалд оролцоогүй. Төрд авах тогтоолыг төрийн эрхт дээд байгууллага болох УИХ гаргасан. УИХ-ын тогтоолыг биелүүлэхгүй байхад их хүнд болж байгаа юм. УИХ-ын шийдвэрийг буруу, зөв гэдгийг дэнслэх эрх надад байхгүй. УИХ-ын тогтоол гаргасны дараа Засгийн газар үүрэг чиглэл өгсөн байхад Засгийн газар, УИХ-ын шийдвэр чинь надад хамаагүй гээд сууж байдаг төрийн албан хаагч байхгүй шүү дээ. Би бол ямар нэг мөнгө идсэн, шийдсэн асуудал байхгүй болохоор санаа зовохгүй байна. Гэхдээ энэ процесст эрх зүйн зөрчлийн актууд байна уу гэвэл байгаа. Энэ нь надаас хамааралтай бус. Түүнээс гадна 49 хувийг авах, өгөх асуудал бүтэн зургаан сарын хугацаанд үргэлжилж байхад “Монголын зэс” компани шүүхэд хандах бүрэн боломж байсан. Засгийн газрын 2016 оны тогтоолыг хүчингүй болгоход, УИХ тогтоол гаргаж байх үед ч шүүхэд хандах боломж байсан. Хэн буруутай, хэн хариуцлага хүлээх асуудлыг хууль, шүүхийн байгууллага тогтоох байх” гэж байгаа юм. Тэгэхээр Ц.Ням-Осорын тухайд хаяагаа манасан хандлагатай зүйлийг ийн ярьж байна.

Төрийн өмчтэй холбоотой ажлыг лав л 2020 он хүртэл хийхээр, албан тушаалд суусан тэрбээр энэ янзаараа том дуугараад байвал, буух хугацаа нь наашилж ч мэдэх л юм. Энэ дашрамд, Ц.Ням-Осорын намтарт анхаарал хандуулъя.

 

Тэр хэн бэ?

Архангай аймгийн Хотонт суманд төрсөн тэрбээр эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эрдэнэт хотын арван жилийн дунд сургуулийг 1977 онд, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1982 онд, ОХУ-ын Удирдлагын академийг 1988 онд, ШУТИС-ийг 1993 онд төгссөн. Инженер эдийн засагч мэргэжилтэй. 1982-1988 онд Сэлэнгэ аймгийн “Дулаан хаан” авто завсарын газарт инженер, 1985-1990 онд Хялганатын модны үйлдвэрт ерөнхий инженер, дарга, 1990-1992 онд Хялганат хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1992-1995 онд “Хан Уулс” компанийн захирал, 1995-2000 онд Сэлэнгэ зочид буудлын ерөнхий захирал, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2007 онд “Хос-Эрдэнэ” ХХК-ийн захирал, “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК-ийн  ТУЗ-ийн дарга, 2007-2008 онд “Орон сууц” корпорацийн ерөнхий захирал, 2009-2012 онд  Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Хялганатын намын хорооны нарийн бичгийн дарга, Эрдэнэт хотын намын хорооны тэргүүлэгч, Хүнд үйлдвэрийн яамны болон Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн гишүүн, Монголын хөрөнгийн биржийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Өдгөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих