Нүүрсний үнэ цойлж, Монгол хиймэл дагуултай болсон долоо хоног

149276783158f9d457c3791-Улирч буй долоо хоногийн үйл явдлын товчоон-

Улирч буй долоо хоног Монголын улс төр нийгмийн амьдралд өөрийн гэсэн өнгө төрхөө үлдээв. Улс төрийн салбарт  хэд хэдэн томоохон хурал чуулган болж, бидний амьдрал ахуйд шууд тусгалаа олон хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.  Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх  асуудлыг АН-ын гишүүн Д.Дорлигжав  сөхөн дэлгэж үүнийг тойрсон маргаан мэтгэлцээн  хаврын  шуургатай хамт нийгэмд хэсэгтээ шуурав. Нийслэлд энэ жилийн анхны бороо орж, Сэлэнгэ аймагт хүчтэй салхины улмаас хүлэмж нурж эрдэнэт хүний амь эрсдсэн харамсалтай явдал боллоо. Энэ өдрүүдэд эх орны хөдөө нутагт мал төллөлт ид дундаа, нийт эх малын тэн хагас шахам хувь  төллөсөн гэх мэдээлэлтэй байна.  Түүнчлэн манай экспортод тэргүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүн коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр шинэ дээд амжилт тогтоосон долоо хоног байв.  Ингээд  өнгөрөгч долоо хоногийн голлох үйл явдлыг товчоолон хүргэж байна.

Гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрүүлнэ

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын анхдугаар зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа.Тус зөвлөгөөн дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Төр яаж ажилладгийг шүүх харуулдаг” хэмээн онцлов.

-УИХ-д Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн хэлэлцүүлгийг пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар  хэлэлцэх асуудлаар санал хурааж гишүүдийн 78 хувийн саналаар дэмжигдэв.

-Улстөрийн амьдралд идэвхтэй яригдаж байгаа сэдэв бол Зөвлөлдөх санал асуулгын тухай билээ.  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг найман хүний бүрэлдэхүүнтэй байгууллаад байна.  Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Занданшатарын хэл снээр  “Үндэсний статистикийн хорооноос олон улсын аргачлалын үндсэн дээр боловсруулсан санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын нийт өрхөөс 1570 өрхийг сонгон авч, тэдгээр айл өрхөөс нэг хүнийг анхдугаар зөвлөлдөх санал асуулгын судалгаанд хамруулсан. Энэ судалгааны ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн орон даяар явуулж байна. Харин хоёр дахь хэмжилт нь зөвлөлдөх санал асуулгын судалгааны эхний шатанд хамрагдсан эдгээр иргэдээс 750 иргэнийг сонгож, энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд болох хэлэлцүүлэг мэтгэлцээнд оролцуулна” хэмээн мэдээллэв.

- Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв.

- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс 5 өдрийн завсарлага авав.

Энэхүү хуулийг анх  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр УИХ баталж, энэ оны  07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих байсан. Харин Засгийн газар хуулийг буцаан татаж, 2016 оны 12 дугаар сард  шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлээд байгаа билээ.

- УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа. Энэ хуулийн эдийн засгийн ач холбогдлыг гишүүд онцолж байгаа билээ. Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, З.Нарантуяа нар санаачлан боловсруулсан юм.  Хууль батлагдсан тохиолдолд гадаадын банкыг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэх эрх зүйн орчинг бүрдүүлж, томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг нээнэ гэж  санаачлагчид үзэж байна. Хуулийн төсөлд зааснаар Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 500 тэрбум төгрөгөөс доошгүй” харин хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байх юм.

-Баасан гарагт хуралдсан УИХ-ын нэгдсэн хуарлдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.  Шинэчил сэн найруулгад  аливаа нэг байгууллага, аж ахуйн нэгжид туршилтаар ажиллаж байгаа  хүнд цалин өгөхгүй бол 5-10 саяын торгууль тавихаар хуульчиллаа.

- Өчигдөр  буюу баасан гарагт  Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган боллоо.  Энэхүү чуулганыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа юм.   Чуулганд Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн байгаль хамгаалах нөхөрлөлийн  800 гаруй гишүүд хүрэлцэн иржээ. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээж үг хэлэв.

-Ардчиллын төлөөх зүтгэлтэн С.Зориг агсаны  55 насны ой тохиож байна.

Монгол Улс анх удаа сансрын хиймэл дагуултай боллоо

-ABS-2A75e хиймэл дагуулыг MONGOLSAT-1 нэрээр тамгалан тунхаглах нээлт Шангри-ла зочид буудалд боллоо. Үүнийг  түүхэн үйл явдал хэмээн онцолж байна.  Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуулыг  ашиглах болсон батламжийг “ABS” компанийн захирал Том Чой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардууллаа.

MONGOLSAT-1 нь хиймэл дагуул нь 2017 оны нэгдүгээр сарын 28-наас сансрын тойрог замд ороод байгаа бөгөөд одооноос  манай улс ашиглаж эхэлж байна. 12×27 МГц-ийн багтаамж бүхий хүчин чадалтай хиймэл дагуулыг ашиглан Монгол Улсын хэмжээнд  100 суваг бүхий тоон телевизийн үйлчилгээ, харилцаа холбооны болон өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг онцгой хямд үнээр авах боломжийг бий болгож байна.

- Нийгмийн даатгалын сангаас 1,1 тэрбум төгрөгийн зөрчил илрэв.  Шинээр  байгуулагдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд Нийгмийн даатгалын санд хоёр шатлалтай шалгалт хийхээр болжээ. Ингээд нэгдүгээр шатны шалгалтаар 1 тэрбум 170 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүний 840 орчим сая төгрөг нь хууль зөрчиж тэтгэвэр тогтоосон, 200 гаруй сая төгрөг нь хууль зөрчиж тэтгэврийн хувь хэмжээнээс бага тогтоосон байжээ. Нийт 15 мянган иргэн итгэмжлэлээр тэтгэвэр авдаг.  Үүний 30 гаруй хувь нь буюу 5 мянган иргэн итгэмжлэлээр тэтгэвэр авах боломжгүй гэж зөвлөлийн гишүүд үзжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дээрх 5 мянган хүнийг нь нас барсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж хэлж болно гэсэн юм.

-Хөдөө нутагт мал ид төллөж байна. Гарсан төлийн 97.7 хувь нь эсэн мэнд бойжиж байна. Улсын хэмжээнд нийт хээлтэгчийн 46.7 хувь буюу 12.2 сая хээлтэгч төллөж, 12 сая төл бойжиж байна.

-“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал  өчигдөр  Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Уг үзэсгэлэн хуралд ХБНГУ, Австри, Щвейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн нэр хүндтэй компаниуд оролцож байна. Мөн энэ үеэр гадаадын компаниудын 40 гаруй төлөөлөгч технологио танилцууллаа.

-Австралийн эргүүдэд сайн чанарын коксжих нүүрсний спот үнэ 320- 330 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо.

-Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган боллоо. Монголын залуу захирлуудын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран “Эдийн засагт залуучуудын оролцоо” уриан дор бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулганыг зохион байгуулсан юм.

- “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл” хэрэгжинэ. Дэлхийн Банкны Группийн Олон Улсын Санхүүгийн Корпорациас өмнө нь манай улсад 2009-2016 онд “Бизнесийн хяналтын шинэтгэл”-ийн төсөл амжилттай хэрэгжиж байсан билээ. Улмаар тус байгууллагаас энэ онд “Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” хэрэгжүүлж байгаа юм. Цаашид ОУСК-аас шинээр “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа илэрхийлэв.

-Архангай аймгийн Цахир суманд гурван хүүхдийн амийг аварсан тус сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч У.Баяртогтохыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

-Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг зогсоов.

-Өөрийгөө Австри дахь Монголын дипломат албанд ажилладаг гэж танилцуулсан Монгол Улсын иргэн их хэмжээний тамхи тээвэрлэж яваад Украйны хилчдэд баригдаж, саатуулагджээ. Гэвч тэр дипломатч биш гэдгийг ГХЯ-аас мэдээллээ.

-Орон гэргүйн улмаас  хоёр хүүхдээ дагуулан тааралдсан газраа хоног төөрүүлж явсан  Г.Цагаандарь бүсгүй сайн санаат хүмүүсийн ачаар хашаа байшин, ажилтай орлоготой болов.

-Хичээлийн давтлаганд сууна гэж гэрээсээ гараад ор сураггүй алга болсон Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн хүүг  эсэн мэнд олжээ.

П.Булган

http://www.zaluu.com/read/1166b0924


URL:

Сэтгэгдэл бичих