Францын сонгогчид хэт туйлширч мэднэ

205812-22042017-1492841472-1546086094-1

Францын сонгогчид ням гарагт болох сонгуулийн өмнө хэт баруун буюу хэт зүүний үзэл рүү туйлширч буй тул бизнесийн удирдлагууд уриалга гаргалаа. Хэт барууны үзэлт нэр дэвшигч Марин Ле Пен, хэт зүүний төлөөлөгч Жан-Лук Меланшон нар санал асуулгад дээгүүр явж байгаа нь бизнесийнхэнд түгшүүр төрүүлсэн бололтой. Хэдхэн долоо хоногийн өмнө тэд сонгуулийн талаар ярихаас татгалзаж, бизнесийг дэмжигч хүн ялна гэсэн итгэлтэй байсан бол байдал ийнхүү өөрчлөгдөв. Францын Le Monde сонинд нийтлэгдсэн 200 гаруй бизнесийн удирдагчийн гарын үсэгтэй өгүүлэлд сонгогчдыг хэт үзэлт нэр дэвшигчийг дэмжихгүй байхыг уриалаад “Хоосон төсөөлөл, хуурамч амлалт, боломжгүй бэлгээр хуурч байна” хэмээн буруутгажээ.

Ажил олгогчдын холбооны ерөнхийлөгч Пьер Гаттая хэлэхдээ “Энэ хоёрын төлөө санал өгөх нь том, жижиг бүх компанид эрсдэл учруулна” гэжээ. Сүүлийн санал асуулгаас үзэхэд Меланшон, Ле Пен нар бизнесийн талын консерватив Франсау Фийон, төвч үзэлт Эммануэль Макрон нартай адил дэмжлэгтэй байна. Энэ судалгаа чөлөөт худалдаа ба Европын холбоог эсэргүүцдэг хоёр нэр дэвшигч ням гарагт эхний байруудыг авч, улмаар тавдугаар сарын сунгаанд өрсөлдөх байх гэсэн болгоомжлол үүсгэжээ. Ийм байдалд хүрвэл дайны дараах Францын түүхэнд анх удаа төвийн үзэлтнүүд хоёрдугаар шатнаас мултарсан хэрэг болж, тус улс төдийгүй Европт доргилт болох магадлалтай.

Францын даатгалын компаниудын холбооны тэргүүн Бернар Спитц “Бизнесийнхэн Ле Пен, Меланшон хоёр үлдэх боломжийг ухаарч, үгээ хэлж эхэллээ. Бид хоёр хэт үзэлт нэр дэвшигчдийн халз өрсөлдөөн болох эрсдэлийг хүмүүст сэрэмжлүүлэх ёстой. Ийм байдалд хүрвэл тоглоом дууслаа гэсэн үг. Энэ нь Францын эдийн засагт эмгэнэл, Европыг хөнөөх зөвшөөрөл болно” хэмээн мэдэгдэв. Ifop төвийн санал асуулгаар Макрон 23.5, Ле Пен 22.5, нөгөө хоёр нь тус бүр 19 хувийн дэмжлэгтэй байгаа аж.

Хэт үзэлтнүүд сунгаанд үлдвэл юу болох талаар санхүүгийн зах зээл үнэлгээ өгчээ. Ноён Меланшон хэт зүүний хөтөлбөр боловсруулсны дотор төсвийн зардлыг жилд 250 тэрбум еврогоор нэмэгдүүлж, татварын дээд хэмжээг 100 хувьд хүргэх болон дотоод үйлдвэрлэлээ хамгаалахын тулд худалдааны хориг саад нэвтрүүлэхийг амалж байгаа. Ле Пен “ухаалаг протекционизм” гэгчийг санал болгосон нь гадаад ажилчин авсан компанид тусгай татвар ногдуулах санал юм. Тэрээр Францыг Евро бүсээс гаргахыг уриалдаг нэгэн. Хоёр нэр дэвшигч хоёулаа Европын холбоотой гэрээгээ шинэчлэх хэлэлцээ хийхээ амалсан бөгөөд амжилтад хүрэхгүй бол холбооноос гарах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж мэдэгдсэн.

Truffle Capital хөрөнгө оруулалтын компанийн үүсгэн байгуулагчдын нэг Филипе Пулетти “Хэрэв Франц Евро бүс ба Европын холбооноос гарвал бизнест эмх замбараагүй байдал үүснэ” гэж анхааруулсан байна. Эдийн засгийн сайд асан Тиерри Бреттон хэлсэн үгэндээ Макроны төлөө саналаа өгөхийг уриалаад энэ хүнд хэт үзэлтнүүдийг ялах магадлал бусдаас илүү байгааг онцоложээ.

Майкл Стотхард, Харриет Агнью

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих