Шийдвэр болгондоо Хятадыг сонсох албагүй

205809-22042017-1492840830-1425618816-1Хятад, Хойд Солонгосын хил дээрх Дандон хот руу Бээжингээс өдөр бүр хоёр цахилгаан галт тэрэг 250 км/цагийн хурдтайгаар давхин очдог. Хэрэв төмөр зам урагшаа даялбал Пхеньянд нэг цаг, Сөүлд хоёр цагийн дотор хүрэх боломжтой. Хятад Зүүн өмнөд болон төв Азийн хөршүүдтэйгээ замаар холбогдохыг төлөвлөж байгаа бол Хойд Солонгосын цөмийн ба пуужингийн хөтөлбөрийн талаар Бээжин, Вашингтоны санал зөрөлдөөний улмаас Дандонд ийм шугам тавих нь мөрөөдөл төдий. Даваа гарагт Солонгосын хойд ба өмнөдийг заагласан, цэрэггүй бүсэд айлчилсан АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Хятадын удирдлагад хандан өөрийн ер бусын хөшүүргээ ашиглан Ким Жон Унд нөлөөлөхийг уриалжээ.

Ийм нэг хөшүүрэг Дандон хотын галт тэрэгний буудлаас хэдхэн алхамд оршино. 1943 онд Японы эзэнт гүрний армийн барьсан Ялу гол дээрх Хятад, Солонгосын найрамдлын гүүр ноён Кимийн эдийн засгийг тэтгэх судал юм. Гаднаас нь харахад Бээжин НҮБ-ын хоригийг мөрдөж, Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоосон хэдий ч хоёр талын худалдаа оны эхний улиралд 40 хувь өссөн нь нэг талаар дэлхийн зах зээлд таваарын үнэ дээшилсэнтэй холбоотой. Хойд Солонгосын Хятадтай хийх худалдааны 70 орчим хувь нь Дандон хотоор дамждаг ба голдуу галт тэрэг, ачааны машинаар найрамдлын гүүрийг давна.

Өчигдрийн байдлаар замын хөдөлгөөний ихэнх нь Хятадыг чиглэж, ачааг нь бүтээн халхалсан чингэлгүүд хил давж байв. Хэрэв Бээжин Пхеньяныг үнэхээр шахахыг хүсвэл Дандон гүүр нэг барьц болох ёстой. Гэвч хятадууд нэг их яарахгүй байгаа бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Хятад Хойд Солонгост дарамт үзүүлэхэд тусалж буй учир Бээжинг валютын луйварчин хэмээн цоллохоосоо түдгэлзэнэ” гэж хэлээд ч олигтой ахиц гарсангүй. Тэрбээр саяхан Флоридад Хятадын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр ноён Ши түүнд Хойд Солонгосыг шахахад ямар хэцүү болохыг ойлгуулсан гэж ярьсан байна.

Хятадын албаныхан Америкийн тал тэдний нөлөөг хэтрүүлэн үнэлсэн гээд Трампын засаг захиргаа цэргийн хүч хэрэглэхээр сүрдүүлж буй нь үр ашиггүй арга зам хэмээв. Хятадын удирдлагад ойр нэг эрдэмтэн “Бид Хойд Солоносын дэглэм эсвэл Ким Жон Унд дуртай улс биш. Гэхдээ хэрэв Пхеньян, Вашингтон хоёр дуугаа өндөрсгөөд байвал асуудал шийдэгдэхгүй. Хятад улс хоригоос хамгийн их хохирол амссан. Бид их зүйлийг золиосолж байна. Харин Умард Солонгосын гол асуудал бол аюулгүй байдал бөгөөд үүнийг АНУ хангаж чадна” гэжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын туслах Сюзан Томсон хэлэхдээ “Вашингтон мөргөлдөөн буюу дэглэмийг солихыг хүсээд байгаа юм биш. Гэхдээ бид шаардлагатай бол өөрийн иргэдээ, холбоотнуудаа хамгаалах үүрэгтэй” гэж мэдэгдсэн. Хятадын албаныхан хатуу хориг нь Хойд Солонгос ба тус улсын хөгжлийн ялгааг нэмэгдүүлнэ хэмээн болгоомжилж байна. Бээжингийн санал “цуцлалтын төлөөх цуцлалт” зарчмаар илэрнэ. Тухайлбал, Пхеньян цөмийн ба пуужингийн туршилтаа зогсоож, Вашингтон, Сөүл хоёр хамтарсан цэргийн сургуулилалтаа зогсоох ёстой аж. Уг саналыг АНУ, Өмнөд Солонгос хоёрын аль аль нь зөвшөөрсөнгүй.

Хятадын нэг дипломат ярихдаа “Бид илүү сайн санал сонссонгүй. Энэ хоёр хоёулаа л шүүмжилж байна. Гэвч хориг арга хэмжээ асуудлыг шийдэж байсан түүхгүй” хэмээн санаа алдав. Шанхай дахь Тонжины их сургуулийн гадаад бодлогын шинжээч Куй Жиеин “Хятадын тал Хойд Солонгосыг цөмийн зэвсэглэл боловсруулахгүй байхыг ятгахын тулд ихийг хийсэн. Хэрэв манайх хүчин чармайлт гаргаагүй бол байдал бүр ч муу, таахын аргагүй болох байсан. Гэхдээ Хойд Солонгос бол тусгаар улс. Тэд шийдвэр болгондоо Хятадыг сонсох албагүй” гэв.

Хятадын албаныхныг түгшээж буй хөгжлийн ялгаа Дандон хотын төвөөс 10 км-т орших өөр нэг гүүр дээр бүр ч тод харагдана. Найрамдлын гүүрийг Хятад, Хойд Солонгосын найрсаг харилцаа, Солонгосын хойгийн дайнд ялсны бэлгэдэл гэж үздэг. Харин Ялу голын гүүрийг хоёр жил, 22.2 тэрбум юань зарцуулж, 2013 онд босгосон авч Бээжин хөршдөө сэтгэл дундуур буйн илрэл болжээ. Замуудыг цааш нь Хойд Солонгосын нутгийн гүн рүү уртасгаагүй тул хоёр гүүр болон Хятадын гаалийн 25 давхар барилга хаагдаад байна. Нутгийн оршин суугч Ли Бо “Умардынхан биднийг хуурсан. Тэд эдийн засгийн найдваргүй түнш. Тэнд эмх замбараагүй учраас Дандон бүрэн хөгжихгүй байна” хэмээн гомдоллов.

Илт үр ашигтай төслийг Хойд Солонгосын тал саатуулсаар байгаа нь Хятадын албаныхныг гайхашруулж байгаа аж. Хятадын судлаач, дипломат хүн ярихдаа “Хойд Солонгос маш өвөрмөц улс. Амар нурчихгүй байх. Тэд эв нэгдэлтэй, эр зоригтой. Гаднынхан довтлохоосоо өмнө сайтар тунгаах ёстой. Эд нар бол Сири, Ирак эсвэл Ливи биш. Зүүн хойд Азид тэр чигтээ үймээн самуун дэгдэнэ. Иймдээ тулбал Америкийг дахиад агуу болгох Трампын мөрөөдөл хоосон хэвээр үлдэнэ” хэмээн анхаарууллаа.

Том Митчелл

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.