Н.Багабанди: Оюутолгой бол соёлтой луйвар мөн

Сонинууд ингэж бие биенээсээ иш татан мэдээлэв. Үнэндээ Н.Багабанди ингэж хэлсэн юм уу, эсвэл ингэж хэлээгүй юм болов уу? Ямар ч байсан хэлсэн гэж бүгдээрээ давтацгаав. Ноён Н.Багабанди Оюутолгойн монгол талын ТУЗ-ын гишүүн бөгөөд мөн Оюутолгойн операцид нэн эртнээс оролцогч гэдгийг улс төр судлаач Н.Тагар нэг биш удаа цохон тэмдэглэж хэлж байсан билээ.

Бас нэг ТУЗ-ын гишүүний түүх. Оюутолгойн “дайсан”-ы талаас нэр дэвшиж, ТУЗ-ын дарга болсон Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Батсүх Канадад ажиллаж байхдаа Фрийдландтай уулзаж дотносчээ. Төд удалгүй Канадаас эрхэм Батсүх Бээжинд онц бөгөөд бүрэн эрхт сайдаар томилогдсон.
“Оюутолгой бол соёлтой луйвар мөн” хэмээн Н.Баганбанди хэрэв мэдэгдэж байгаа бол бас л соёлтой хүний соёлтой үг байна. Оюутолгой бол соёлжсон энэ ертөнцөд хийж буй соёлтой биш, харин солиотой улс төрийн луйвар биш үү.
“Оюутолгой бол боловсон луйвар мөн” гэж Н.Багабанди боловсноор хэлсэн гэж зарим өдөр тутмын сонин ишлэв. Оюутолгой бол Н.Багабандийн хэлж байгаагаар соёлтой ч биш, боловсон ч биш, хамгийн бохир луйвар, асар том дээрэм, аюултай хулгай юм. Оюутолгой бол Монгол орны ирээдүйн мянга мянган жилийг хулгайлж байгаа. Харин энэ хулгайд оролцож байгаа томчууд нэн харамсалтай.
Нэг биш удаа доктор Авирмэд “Оюутолгойн гэрээ зуун хуудастай боловч Монголын ард түмэнд наалдах нэг ч өгүүлбэр, нэг ч үсэг алга гэж хэлж байсан билээ. Оюутолгой бол дэлхийн их гарын дээрэмчдийн их дээрэм тонуул мөн. Оюутолгой дэлхий дээр ардчилал, хүний эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, тэртусмаа хүүхдийн эрх чөлөө байхгүйг батлан харуулав. Супер ашиг ологчид, супер улс төрийн авлигачид байгааг батлав..

“Хөх-Толбо”


URL:

Сэтгэгдэл бичих