Цахим аюулгүй байдал

-Шинжээч бичиж байна-

Аль ч улс орон өөрийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд газар, ус, агаар болон сансрын орон зайд бусдаас давуу хүчин чадалтай болохыг хичээж ирсэн түүхтэй. Эдгээр орон зайд өөрийн хил хязгаарыг хэн, хэзээ, яаж зөрчихийг нь таамаглаж, мэдэж, хамгаалж болдог. Хүн төрөлхтний түүхэнд болсон бүх байлдаан тулаан дээрх гурван орон зайд болж байсан бөгөөд сансрын орон зайд том гүрнүүд өөрсдийн сонирхлыг түрүүлж бий болгох, хамгаалах ажлыг аль хэдийнэ эхлүүлжээ.

Харин тэр хооронд мэдээлэл, холбооны технологийн хувьсгал гарсан нь хүн төрөлхтөнд шинэ аюул занал учруулах болж, аюулгүй байдлаа хамгаалах ёстой өөр нэг орчин бий болсон нь цахим буюу сайбер (cyber) орон зай юм.

Энэ орон зай нь биет бус, хил хязгаар, цаг хугацаа байдаггүй, хүний өөрийнх гэж ялгах боломжгүй, ямар нэг эрх мэдлийн дараалалгүй боловч сая сая хүнд нэгэн зэрэг хүрч нөлөөлдөг, удирдах боломжгүй нээлттэй систем юм. Энэхүү орон зайгаар дамжуулан аль ч орны эдийн засаг, нийгэм, улс төрийн аюулгүй байдалд халдаж, ноцтой аюул учруулж болох болсон учир дэлхийн улс орны төр засгийн газрууд ямар арга хэмжээ авах талаар идэвхтэй ярилцах боллоо.

2007 оны хавар Эстонийн бүх вэб сайт ажиллахгүй болж, интернэтийн дэд бүтэц гацсанаас гар утас ажиллагаагүй болж, санхүүгийн төлбөр тооцоо хийх боломж алдагдсан юм. Зөвлөлтийн цэргийн хөшөөг Таллин хотоос гаргах, эсэх маргаан өрнөж Эстони болон Оросын үндэсний үзэлтнүүдийн хооронд маш ширүүн маргаан үүссэн үеэр Эстонийн бүх вэб сайтыг олон зуун сайтаас зохион байгуулалттай довтолсноор Засгийн газрын сайтуудын агуулгыг өөрчилж байжээ. Мөн жилийн дараа Орос, Гүржийн зэвсэгт мөргөлдөөний үеэр Гүржийн ихэнх вэб сайтад гаднаас халдаж, ажилгүй болгож байв.

Арабын орнуудад өрнөж байгаа хувьсгалыг барууны орнуудаас “нийгмийн сүлжээгээр” дамжуулан зохион байгуулсан цахим халдлага гэж Булангийн орнууд үзэж байна. АНУ-ын Тагнуулын байгууллагууд Конгресст өгсөн тайландаа Хятад ба Оросын засгийн газрууд гуравдагч орны цахим хаяг, интернэтээр Америкийн засгийн газрын болон хувийн корпорациудын амин чухал мэдээллүүдийг хулгайлж байгаа нь үндэсний аюулгүй байдлын бодлогын асуудал боллоо гэж IHТ (International Herald Tribune. Page 6. 2011.11.04) сонинд бичжээ.

Цахим орон зайн аюулгүй байдлын тухай олон улсын төвшинд бүх орон хүлээн зөвшөөрсөн эрхзүйн баримт бичиг байдаггүй. Цахим гэмт хэрэгтэй хамтран тэмцэх тухай 2004 оны Будапештийн гэрээнд дөнгөж 30 орон нэгдэн ороод байна. Өнгөрсөн долоо хоногт Лондонд 60 орны 700 төлөөлөгч цахим орон зайн хамтын ажиллагааны тухай ярилцан, холбогдох баримт бичиг бэлдэж, энэ орон зайд улс орнуудын баримтлах хэм хэмжээний тухай асуудлыг хөндөв.

Олон улсын төвшинд тохиролцож ядаж байх хооронд энэ маягийн цахим довтолгоо болж, Монгол Улсын аюулгүй байдалд хохирол учруулбал яах вэ?

Цахим орон зай манай улсын хувьд ямар аюул занал, боломж олгож байгаа тухай төр засаг эрхбиш тооцоолж, тодорхой ажил эхэлсэн гэдэгт найдаж байгаа ч иргэний нийгэм энэ талаар ямар мэдлэг, мэдээлэлтэй байгаа, цаашид юу хийх тухай улс даяар хэлэлцэх шаардлага гараад байна.

Энэ асуудлыг хоёр хэсэгт хувааж төр засаг, хувийн хэвшил болон иргэд дор бүрдээ тунгаан бодоцгооё. Цахим орон зай монголчууд бидэнд аюулгүй байддаа хамгаалах шаардлага тавьж байгаа ч улс үндэстнээ хөгжүүлэх шинэ гарц нээн өгч, шинэ сорилт, шинэ боломж олгож байна.

Цахим аюулгүй байдлаа хангахын тулд үндэсний стратеги боловсруулж, зорилгоо тодорхой болгох шаардлагатай байна. Үүнд техникийн талаасаа ямар арга хэмжээг хэзээ авах талаар жагсаалт гаргах, мэргэжилтнүүдийн ур чадварын төвшин болон иргэдийнхээ мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, холбогдох хууль эрхийн нөхцөлийг тодорхой болгох, хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагаагаа бүх талаар хөгжүүлэх зорилтуудыг оруулж болно.

Цахим орон зайн аюулгүй байдлын асуудал нөгөө талдаа Монгол шиг хүн амын хагас нь 30 хүртэл насны залуучуудтай оронд олон улсын төвшинд сурч боловсрох, бүх дэлхийн зах зээлд үйлчлэх алтан боломж олгож байна. Энэ бүхнийг барууны орнуудын сонирхолтой хослуулан, тэдний хөрөнгө оруулалттайгаар хийж, эргээд тэдгээр орнуудын цахим аюулгүй байдлыг хангах ажлыг Улаанбаатараас хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг. Барууны хөгжилтэй орнуудын цахим орон зайд манайх шиг жижиг, технологийн хамааралтай, хамгаалалт сул орны интэрнэт хаягуудаар дамжуулан халдлага довтолгоо хийж байгаа тул тэдний аюулгүй байдлаа хамгаалах эхний фронт нь жишээ нь Монгол Улс. Цахим аюулгүй байдлаа хамгаалах технологийн хамгийн сүүлийн үеийн программ, үйлдлийн системтэйг эхэлж суурилуулан, мэргэжилтнүүдийг нь бэлдэж сургаад, далимд нь өөрсдийн аюулгүй байдлыг хангах юм. Энэ бол Монголын залуучуудад алтан боломж мөн бөгөөд үүнийг яаж ашиглах нь төр засгийн авхаалж чадвар, иргэдийн хамтын ажиллагаанаас ихээхэн хамаарна.

Энэ бол хоёрхон “толгой” биш, хоёр сая толгойны тухай яриа билээ.

Парис

Эдийн засагч, Монголчууд шударга татвар, ухаалаг зардлын төлөө ТББ – ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

http://djargal.blog.banjig.net / /Монгол хэлээр/

http://www.djargal.blogspot.com / /Англи хэлээр/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих