Ираныг “нудрах” санаархал бүтэх үү

Иран улс цөмийн хөтөлбөрөө амжилттай дуусгах хугацаа өнөө маргаашийн асуудал болсноор АНУ, Их Британи, Израйль улсууд тэвдэн сандарч нэн даруй цэргийн хүчээр Ираны цөмийн обьектуудад цохилт өгч зогсоох болсон тухай дэлхийн хэвлэл мэдээллээр шуугих боллоо.

Агаараас цохилт өгөх обьектуудын тоонд Оросын тусламжтайгаар ашиглалтад оруулсан Бушерын атомын цахилгаан станц ч багтсан аж. Их Британийн хэвлэлүүд энэ тухай мэдээллийг анх цацсан.

Түүний дараа нэгэнт ил болсон мэдээллийг бататгаж Израйлийн ерөнхийлөгч Шимон Перес Ирантай зэвсгийн хүчээр ярилцах цаг болсон тухай мэдэгдсэн нь дэлхий нийтийг шинэ дайны сүүдэр нөмөрч буйг зарласан гэж болно. Зарим олон улсын шинжээчид энэ нь Ираныг эцсийн мөчид цөмийн хөтөлбөрөө зогсооход хүргэн цаг хожих сүрдүүлэг төдий гэж үзэж байна.

Гэсэн ч Иракийн нутагт байрлаж буй америкийн цэргийн ангиуд хөдөлгөөнд орж эхэлсэн тухай Оросын хэвлэлүүдээр мэдээлсэн нь түгшүүр бодит болж байгааг санууллаа. Өчигдөр Ираны ерөнхийлөгчөөс Египетийн нэгэн өдөр тутмын сонин ярилцлага авчээ.

Махмуд Ахмединижадын ярьж буйгаар бол Израйлийн өдөөн хатгалгаар түрэмгий америкчууд тэдний аялдан дагалдагч британичуудын үйлдэх гэж буй гэмт хэрэг. Хэрэв эдгээр улсууд Ираны ард түмний эсрэг түрэмгийлэл үйлдвэл үүнийхээ хариуг хэд дахин нугалж цээрлэл үзэх болно хэмээн хатуухан үгсээр ярилцлага өгчээ.

Түүний хэлж буйгаар Иран бол өрнөдийн гүрнүүдийн эзэрхийллийн талбар, тоглоом болж хувирсан Ирак, Афганистан, Ливи биш гэнэ. Улам бүр өсөн хүчирхэгжсээр буй Ираны арми, ард түмний хүчнээс айж эмээсэндээ хийж буй арга ядсан үйлдэл хэмээн тэрбээр нэмж хэлжээ.

Үнэхээр ч олон улсын шинжээчид Иран бол Ирак, Ливи биш гэдгийг давхар сануулж байна. Эртний соёл иргэншил, түүхтэй улс юм. Дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн Ираны анхны төрт улс нь манай эриний өмнөх 2800 оны Эламаас эхэлдэг аж.

МЭӨ 625 онд анх Мидичүүд нэтгэжөнөөгийн Иран буюу перс үндэстний суурь тавигджээ. Тэднийг залгамжилж 1000 гаруй жилийн турш Ахеменид, Партиа, Сассанид гэсэн персийн гурван улс дараалан оршиж байгаад арабууд болон бусад харь улсуудын харъяанд байсаар Сефевид хэмээн улсаа нэрлэн үндэстний хувьд дахин нэгтгэгджээ.

Иранд исламын шийт урсгалыг дэмжиж байснаас энэ номлол нь хүчтэй тархсан юм. Түүнээс хойш эзэн хаант ёс үргэлжилсээр 1906 онд үндсэн хуульт хаант, 1979 оны дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор Исламын бүгд найрамдах улс болсон түүхтэй. 1,648,195 км газар нутагтай, 75 сая орчим хүн амтай.

Одоогоор яах аргагүй Ойрхи Дорнодын хамгийн хүчирхэг цэрэг армитай улс. Хэвлэлүүдэд персүүдэд эртнээс дургүй арабчууд нүүрлээд буй дайны сүүдрийг наашлуулж байна хэмээн бичиж байна.

Үүнийг ч Махмуд Ахмединижад баян тансаг Саудын Араб болон Арабын Эмиратын мөнгөөр Америк, Израйль, Их Британийн зэвсгээр Ираны эсрэг түрэмгийлэл үйлдэхээр зэхэж байна хэмээн ярилцлагынхаа төгсгөлд нухацтай дуугарчээ.

Өнгөрсөн жилээс АНУ-д суугаа Арабын Эмират болон Саудын Арабын элчин сайдууд, шахууд америкийг хатгасаар байгаа тухай ил далд мэдээлэл олон гарч байсан. Энэ нь ч одоо ажил хэрэг болох шахаж буйг хэвлэлүүдэд нийтлэгдсэн баримт гэрчилж байна.

Персүүд цөмийн зэвсэг гартаа оруулж авах нь Израйлаас дутуугүй Арабын орнуудад аюултай талаар тэд сануулдаг. Иран нэгэнт цөмийн зэвсэгтэй болвол бүс нутгийн нөлөөллөө идэвхтэй сэргээж улмаар баялаг Ойрхи Дорнодыг Америк тэр чигт нь алдах болно хэмээн Ираны тагнуулууд аминд нь хүрэхийг оролдлоо хэмээн шуугиан дэгдээж байсан Саудын Арабын америк дахь элчин ярьсан байдаг.

Юу юугүй цөмийн хөтөлбөрөөсөө болж бөмбөгдүүлэх шахаж буй Тегераны цэрэг зэвсгийн хүч ингэхэд хэр бол. Барууныхны мэдээлж буйгаар мөн үнэрч ноход гэгдэх Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн Иранд хийж байсан шалгалт нэртэй тандах ажиллагаагаар /иран цөмийн эрчим хүчний агентлагыг ийн шүүмжилдэг/ олж авсан мэдээллүүдийг та бүхэнд сонирхуулья.

Саяхан агаарын цохилтоос хамгаалах лазерийн их буу амжилттай туршсанаа иранчууд зарласан.

Өнгөрсөн жил дөрөв хүртэл тооны пуужинг нэгэн зэрэг тээвэрлэх хүчин чадалтай алсын удирдлага бүхий нисгэгчгүй бөмбөгдөгч онгоц зохион бүтээснээ ид хав болгон дэлхий нийтээр зарлаж байсан.

Магадгүй Иран батлан хамгаалах салбартаа гарсан ахиц дэвшлийг ийнхүү сүр чимээтэй зарлаж байдаг нь ч тэдний өөрсдийнх нь алдаа гэх.

Ямар учраас стратегийн чухал зэвсгээ нууцлахын оронд ил тод зарлаад байгаа нь ч ойлгомжтой.

АНУ, Израиль тэргүүтэй “заналт” дайснуудаа галаар оролдох аюултай шүү гэдгийг л сануулаад байгаа хэрэг. Үүний хариуд Израиль Ираныг даврааж цөмийн гүрэн болгохгүй гэдгийг хатуу анхааруулж мэдэгдэл гаргасаар ирсэн. Ингэснээр эцэст нь ираны өнөөх гайхуулаад байгаа цөмийн тогоог ойрын үед жүүдүүд хага бөмбөгдөж ч болзошгүй боллоо.

Анхны алсын зайн нисгэгчгүй бөмбөгдөгч “Каррар”-аа танилцуулах ёслолын ажиллагааг улс даяараа шууд нэвтрүүлэх үедээ Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад ямар ч эргэлзээгүйгээр, бахархалтайгаар АНУ, Израиль хоёрыг заналхийлсэн билээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Иран улс ямар нэг улс орон руу халдан довтлохгүй ч өөрсдийн хүчээр эзэмшсэн зэр зэвсгийнхээ тусламжтайгаар бидний эсрэг дайсагнаж байгаа хэнийг ч зогсоох болно.

Манай улсын төдийгүй хүн төрөлхтний дайснуудад илгээх энх тайван, найрамдлын төлөөх үхлийн элч Каррар байх болно” хэмээн мэдэгдэж байлаа.

М.Ахмединижадын ийнхүү онгирсон нь ч оргүй биш. 1980-1988 оны хооронд болсон Иран Иракийн дайны үеэс хойш Тегеранд зэвсэг нийлүүлэлтэд америкчууд хориг тавьсны дараа персүүд зэвсэглэлээ дотооддоо үйлдвэрлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм.

Түүнээс хойш Иран улс энэ салбартаа өндөр амжилтад хүрч 1992 оноос орчин үеийн танк, их буу, пуужин, торпедо, сөнөөгч, бөмбөгдөгч онгоцууд үйлдвэрлэж эхэлсэн билээ.

Дотоод хүчин чадлаа дайчилж ямар ч амжилтад хүрч болохоо ойлгосон персүүд нэг л өдөр цөмийн зэвсэг үйлдвэрлэх болсноо зарлаж дэлхий нийтийн анхаарлын төвд орсон.

Энэ үед бүхний анхаарал АНУ, Иракийн дайн руу чиглэсэн байлаа. АНУ Иракт довтолсон нь Ираныг Арабын ертөнцөд үзэл суртал, нэр хүнд бүхий л талаараа хүчирхэг болгосон гэж CNN-ий тоймчид хоолойгоо сөөтөл ярьж байлаа.

Ерөнхийлөгч Барак Обама ч үүнийг хүлээн зөвшөөрч Иракийн дайныг өдөөсөн нь АНУ-ын хувьд стратегийн алдаа, ухралт болсон гэдгийг сонгуулийн үеэр Маккэйнтэй хийж байсан мэтгэлцээнд хэлчихсэн чинь өнөөх нь царай нь улайж түгдийчихээд л байж билээ.

Иран улс тэр цагаас хойш Цөмийн эрчим хүчний агентлаг, АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын дарамтыг үл тоон зүтгэсээр ийнхүү атомын цахилгаан станцтай болсноо зарласан юм.

Тэд мөн сансарт хиймэл дагуул хөөргөсөн. Аль Жазайрад өгсөн ярилцлагад “Сионист дэглэм /Израиль/ манай улсад цохилт өгөх зориг зүрх байхгүй, АНУ-аас ч бид айхгүй, тэднийг манай зэвсэгт хүчнийг хараад халдан довтлох санаанаасаа ухартал нь бид батлан хамгаалах салбараа хөгжүүлсээр байх болно” ерөнхийлөгч нь бардамнажээ.

Сүүлийн жилүүдэд Иран Израилийг газрын хөрснөөс арчина хэмээн заналхийлсээр л байлаа. Тэдэнд еврейн улсыг арчих хүч бий болов уу. Ираны арми нийт 545.000 байнгын албан хаагчтай. Цэргийнхээ тоогоор тэд Хойд, Өмнөд Солонгос, Пакистаны ард жагсаж дэлхийд есдүгээр байранд ордог. Газар, агаар, тэнгисийн хүчин хэмээн гурав хуваагддаг.

Исламын Бүгд Найрамдах улсын арми нь 465.000, тэнгисийн цэрэг нь 28000, агаарын хүчинд 52.000 албан хаагч хамрагдах ба үлдсэн нь агаараас эсэргүүцэн хамгаалах тусгай хүчинд алба хаадаг аж. Ираны армийн цөмийг бүрдүүлэгч гол хүчин “Исламын хувьсгалыг хамгаалах гвард”-д нийт бүрэлдэхүүний дөрөвний нэг нь болох 120.000 цэрэг хамрагдах ба тэд нь өөрийн тэнгисийн болон агаарын хүчинтэй. Энд л тэдний армийн гол хүч болоод буй пуужинт цэргийн ангиуд бий. Тус гвардид байнгын цэргээс гадна 12.6 сая энгийн гишүүн бүртгэгдсэн байдаг.

Тэд нь дайны үед зэвсэг барин тулалдах чадвартай гэсэн үг. Батлан хамгаалах салбартаа 2010 онд 18 тэрбум доллар төсөвлөсөн. Зэвсэглэлийнхээ 60 хувийг дотооддоо үйлдвэрлэсэн байна.

Өрнөдийн томоохон хэвлэлүүдэд бичигдсэнээс үзвэл ойролцоогоор 5000 орчим танктай, үүнийх нь багагүй хувийг гадаадын танкууд эзэлдэг. Орос, Хятадаас ихэвчлэн худалдан авсан байх ба дээхнэ үед АНУ-аас авсан “М47Паттон”, “М113″ гэх мэт дөрвөн төрлийн танк хүртэл бий.

Түүнчлэн Хойд Солонгосоос “Чхонман хо” хүнд танк 1982-1985 онд 150 ширхгийг худалдан авсан нь одоо хүртэл зэвсэглэлд нь хэвээр байгаа гэнэ.

Сүүлийн үед 1995-2005 оны хооронд ОХУ-аас “Т72″, “ВМР-2″ зэрэг хүнд танкуудыг 1000-аад ширхгийг худалдан авсан байх юм. Танкийн армийн гол хүчийг нь Оросын эдгээр хүнд танкуудаас гадна персүүдийн өөрсдийнх нь үйлдвэрлэсэн “Zulfigar MBT1-3” гэх мэт өндөр хүчин чадалтай танкууд эзэлдэг.

Харин 1996 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн тэдгээр үндэсний танкийнх нь тоо ширхгийг барууныхан хэвлэлд одоог хүртэл дэлгэж тавиагүй байгаа билээ. 2006 оноос Иран улс ойрын болон алсын зайн тусгалтай баллистик пуужингууд үйлдвэрлэж эхэлсэн.

Эдгээрээс 300-1300 км туулах чадвартай “Шахаб-2″, “Шахаб-3″ баллистик пуужин, 3000 км-ийн тусгалтай “Жхадр-110″-ыг хамгийн хүчтэйд нь тооцож болно. Мөн Орос, Хятадаас худалдан авсан 20 орчим төрлийн том жижиг пуужинтай.

Ираны арми дотооддоо үйлдвэрлэсэн 20-иод төрлийн байлдааны нисдэг тэрэг, сөнөөгч, бөмбөгдөгч онгоцуудтай. Эдгээрийнх нь хамгийн сүүлийн үеийн ололт нь хэдэн өдрийн өмнө олонд үзүүлсэн “Каррар” юм. Ийнхүү Ираны зэвсэгт хүчин улам хүчирхэгжсээр олон улсын дарамт шахалтыг үл тоон зэвсэглэлээ баяжуулсаар байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Ираны цэргийнхэн “Фатех-110″ буюу орчуулбал байлдан дагуулагч хэмээх нэртэй 200 км-ийн тусгалтай есөн метр урт, 3.5 тонн жинтэй пуужинг харваж туршжээ. Туршилт ч амжилттай болсон байна

Ираны армийн талаархи ил байгаа мэдээлэл иймэрхүү.

Ийм хүчний эсрэг Барак Обама ямаршуу дайн дэгдээх нь одоогоор таамаг төдийн. Дээр хэлсэнчлэн цөмийн хөтөлбөрийг нь эцсийн мөчид нь зогсоох сүрдүүлэг ч одоо явагдаж байж магадгүй. Харин нөхцөл байдал ийм болсон үед иранчууд цөийн хөтөлбөрөө зогсоох уу, үгүй болов уу.

Ирак, Ливид хэрэглэсэн дотроос нь хагалан бутаргаж иргэний дайнд хүргэж өрсөлдөгчөө унагах тактик Иранд зохихгүй. Обама хүн төрөлхтөн рүү харж инээмсэглэсээр ардаа шинэ дайны голомт үүсгэх пуужингаа цэнэглэж байна гэж үү.

О.Нар


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.