“River Garden”-ыг барьж буй солонгос ажилчид зодолджээ

Туул голын хөвөөнд баригдаж байгаа “River Garden” хотхонд уржигдар орой 20:00 цагийн үед Хойд Солонгосоос манай улсад гэрээгээр ажиллаж байгаа барилгачид монгол ажилчидтай зодолдож, гурван хүн гэмтэлд хүргэгдсэн тухай мэдээлэл ирсэн юм. Энэ мэдээллийн дагуу өчигдөр холбогдох байгууллагуудаар хэрэн хэсч, болсон үйл явдлын учрыг олж, хужрыг тунгаах эрэлд гарлаа.  Юуны түрүүнд Туул голын хөвөөнд сүндэрлэж байгаа “River Garden” хотхоныг зорилоо. Биднийг очиход барилгын  ажилчид тус тусын ажлаа хийж байв. Харуулд зорьж ирсэн учраа хэлтэл “Манай дээр тийм юм огт болоогүй. Юу яриад байгаа юм. Явцгаа. Тэгээд ч барилгын талбай дээр гадны хүн орох хориотой” хэмээн хөөж туув. Учир мэдэх албаны хүнтэй уулзуулж өгөхийг хүсэхэд нэг ч хүн уулзахгүй хэмээн дахиад л хөөлөө. Тэр зуур халамцуу байрын залуу ажилдаа ирж, барилгын талбай руу орох гэтэл харуул оруулсангүй. Өнөөх залуу таксины мөнгөө төлж чадахгүй байсан учир дотроос хүн дуудуулсан байв. Залуутай жаахан ярилцаж, барилгын талбай дээр болсон явдлын талаар асуулаа. Тэр “Ажлаа эрт дууссан болохоор юу ч мэдэхгүй байна.  Шөнөжингөө архи уугаад, саяхан архиа гаргаж байгаад бага зэрэг халамцуу иртэл харуул оруулдаггүй.   Гэхдээ зодоон болсон сураг байна билээ”  хэмээн ам алдсан.  Тэгж байтал хамгаалалтын цагаан малгайтай хоёр залуу өнөөх халамцуу залуу дээр ирсэн юм. Тэр хоёрын  нэгнээс нь зодоон болсон эсэхийг асуухад “Намайг орой 19:00 цагт явахад энээ тэрээ асуудал болоогүй. Гэхдээ зодоон болсон бололтой. Цагдаа нар ирчихээд хүмүүстэй уулзаад яваад байна. Сая надтай тааралдаад чи Монгол уу, Солонгос уу гэж асууж байна” хэмээн ярьсан юм. Энэ үед гаднаас албаны хүмүүс ирж байгаа харагдав. Өнөөх харуул дарга нь бололтой нэг хүнтэй уулзаж ярилцаж байгаад манай сурвалжлах хэсгийг дуудав.   Өнөөх хүнээс зорьж ирсэн хэргийн талаар лавлахад “Манайд огт тийм юм болоогүй. Хэдхэн монгол ажилчин багахан зөрөлдсөн юм билээ. Ялих шалихгүй л асуудал. Манай  барилга дээр Ардчилсан Солонгосын 100 барилгачин ажилладаг нь үнэн. Гэхдээ тэд ямар ч зодооны хэрэг өдүүлээгүй”  хэмээн эрс үгүйсгэлээ. Баттай гэх энэ мэдээллийг өгсөн хүн нь  Монголын номер нэг ногоон хотхон болох “River Garden”-ийг барьж буй “Номин констракшн” компанийн гүйцэтгэх захирал Э байсан юм. Ажилчид нь зодоон болсон талаар хэлээд, цагдаа нар шалгалт хийгээд явж байхад ийн гүрийсэн нь цаанаа учиртай байх. Одоогоос 10 гаруйхан хоногийн өмнө энэ барилга дээрээс нэг хүн унаж амиа алдсан хэрэг гарсан. Түүний дараа барилгын оройгоор тойруулж хамгаалалтын тор татсан тухай  дээр өгүүлсэн халамцуу залуу хэлж байсан юм. Энэ мэт асуудал ойр ойрхон гарсан болохоор тодорхой мэдээлэл өгөхийг хүсээгүй ч байж мэднэ.
Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар тухайн зодоонд оройлон оролцсон таван Солонгос ажилчныг Хан-Уул дүүргийн цагдаагийн газар саатуулж,  байцааж байгаад явуулжээ.  Ингээд бид Хан-Уул дүүргийн цагдаагийн газрыг зорилоо. Цагдаагийн газар дээр очиж, жижүүрт учраа хэлтэл үгүйсгэсэнгүй. Улмаар ахмад И.Болортуулаас энэ тухай асуухыг зөвлөлөө. Ахмад тухайн үед албан өрөөндөө байгаагүй тул утсаар холбогдож зарим зүйлийг тодруулав. Тэрбээр “Энэ хэргийг нэгтгэн шалгаж байгаа. Одоогоор мөрдөн байцаалт явагдаж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Ямар ч мэдээлэл битгий гаргаарай гэсэн” хэмээн хэллээ. Зодоон чухам юунаас болж  гарсныг тодруулахад “Ажил хийдэг шатаа булаацалдаж зодолдсон юм билээ. Ахуйн маргаанаас болсон бололтой” хэмээлээ. Үүнээс өөр дорвитой мэдээлэл өгсөнгүй.  Уг нь эх сурвалжийн мэдээлснээр зодоонд 40 орчим монгол залуус, түүнээс олон Солонгосчууд оролцсон юм билээ. Эхэндээ хоёр ажилчны хооронд болсон маргаан сүүлдээ газар авч, ажилчдын хоорондын зодоон болж хувирсан байна. Түүгээр ч зогсохгүй тэр хавиар явж байсан монгол залуус оролцсоноос болж нэлээд ширүүн зодоон болсон бололтой. Энэ зодооны улмаас нэг эмэгтэй, нэг эрэгтэй, нэг Солонгос эрэгтэй бэртэн Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн юм билээ. Гэвч албаныхан, цагдаа нар энэ талаар тас нууж байна. Манай сурвалжлах хэсэг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс хөдөлж Гэмтлийн эмнэлэг орсон боловч хүн хүргэгдэж ирсэн, тэр дундаа Солонгосын иргэд ирсэн талаар мэдээлэл өгөх хүн олдсонгүй.  Гэхдээ баттай мэдээллээс үзвэл Солонгос ажилчны бие хүндэвтэр байгаа бололтой. Дэлүүний бяцралттай гэсэн онош гарсан юм байх. Тэгээд ч зодуулсан солонгос нөхөр монголчуудад зодуулаагүй юм байна. Түүнийг монголчуудтай зодоон хийлээ хэмээн  солонгосчууд нь өөрсдөө зодсон бололтой юм. Түүнээс гадна өчигдөр дахиад нэг эмэгтэй хавирга хавиар хатгуулаад байна хэмээн Гэмтлийн эмнэлэгт хандсан гэнэ. Зодооны үеэр солонгос эрчүүд манайхныг эр, эм гэлтгүй зодож, төмрөөр цохисон  гэсэн.  Манай улсад сүүлийн жилүүдэд Хятад ажилчид их ирэх болсон. Мөн Ардчилсан Солонгос улсаас ч ирж ажиллаж байгаа. Хятад ажилчид монголчуудыг, тэр бүү хэл төрийн цагдаа зодож танхайрч байсан ч тохиолдол гарсан. Гэтэл одоо солонгосчууд. Би эх орондоо ажиллаж хөдөлмөрлөх, амар тайван амьдрах эрхгүй болж, гадныханд зодуулсаар л байх ёстой гэж үү. Хэрэг хаашаа шийдэгдэхийг чөтгөр бүү мэд.  Тэр солонгосчууд хаана ажиллаж байсан нь ч сонин биш. Ганцхан гадныхан л биднийг элэг барьж, хар ажилчид нь хүртэл зодож, нүдээд байгааг л ойлгохгүй байна.  Эрх баригчид нэгийг бодож, нөгөөг тунгаана биз ээ.
Н.Пунцагболд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих