УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

fe0b4fbfa55566c8fad1002d8af5da02_x3УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2017.04.26/ хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Ц.Цогзолмаа нарын УИХ-ын долоон гишүүн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн байна. Тогтоолын төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан ажлын хэсэг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нарын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал болон Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 25, 29, 55, 63, 70, 116 дугаар тусгай сургууль, 10, 186 дугаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан.

Ажлын хэсэг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулгадаа дурдсан. Тэрбээр, хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг нийгмийн хамгааллын болон нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээнд хамруулна.” гэж заасан боловч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нийгмийн халамжаас асаргааны 64000 төгрөг өгч байгаа нь тэдний өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна.

Мөн хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, үнэлэх асуудлыг хуульчилсан ч бодит байдал дээр эдгээр нь нэлээд учир дутагдалтай, тоног төхөөрөмж, эмийн зардал, тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгт багшлах боловсон хүчин, санхүүжилт хангалтгүй байгаас тусгай сургуулиуд өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан оношилгооны комисс ажиллуулдаг бөгөөд энэ нь бас учир дутагдалтай байна.

Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаа гэр бүлийн амьдрал өдөр өдрөөр доройтсоор байна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж байгаа эцэг эхийн аль нэгэн хүүхдээ хараад ажил эрхлэх боломжгүй байдаг бөгөөд тухайн хүүхдийн эм, эмчилгээ сувилгаанд нэлээд их хэмжээний мөнгө шаардлагатай болдог нь тэр айлыг санхүүгийн хүндрэлтэй байдалд оруулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн хувьд хууль, эрх зүйн орчны, хүний нөөцийн бодлого, сургалтын орчин дэд бүтэц, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хүрээнд тус тус шийдвэрлэвэл зохих, тулгамдсан олон асуудлууд байна гэлээ.

Тиймээс дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн боловсруулжээ.

Тогтоолын төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2022 он”-ийг боловсруулан батлуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалж байгаа асран хамгаалагчийн асаргааны тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих “Тусгай хэрэгцээт сан” байгуулах талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэн ажиллах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн оношлоход шаардагдах оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусаар хангах, тусгай хэрэгцээт сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан, албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох, тусгай хэрэгцээт боловсролын байгууллагын багшлах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах асуудлыг бодлогоор дэмжих, өвчний магадлалтай иргэдийн группыг сунгахад тулгарч байгаа асуудлуудыг нягталж, өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх боломжийг бүрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах талаар тусгахаар боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд өнгөрсөн жил Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсаны дараа төсвийн тодотголоор тусгай сургуулиудын хүүхдүүдийн хоолны зардалд зориулан тэрбум төгрөг тусгаж өгсөн ч энэ мөнгө эзэндээ хүрээгүйн шалтгааныг тодруулж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй, тусгай багш нар бэлтгэх ажил орхигдсон гээд энэ асуудлыг шийдвэрлэх талаар салбарын яамнаас ямар ажил хийснийг тодруулсан. Мөн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүмүүст ч өөрийгөө хөгжүүлэх боломж байдаггүй гэлээ. Ганцхан жишээ хэлэхэд улсын төв номын сангийн хараагүй хүмүүст зориулсан брайл үсгээр хэвлэсэн номын фондод сүүлийн хэдэн жил ном нэмэгдээгүй хэмээсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд багшлах багшийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай болоод буйг хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр, 2014 онд хүртэл тусгай мэргэжлийн багш бэлтгэх сургалт зогсоод байсан гэлээ. Элсэлтгүй болсон учир зогсоогоод байсан тусгай багш бэлтгэх ангийн элсэлтийг Монгол Улсын Боловсролын Их сургуульд 2014 онд сэргээн одоо нэг, хоёрдугаар дамжаанд нийт 33 оюутан суралцаж байгаа гэв. Түүнчлэн багш нарыг хөрвүүлэн сургах нэг жилийн ангийг хичээллүүлэн 77 багш элссэн ч одоо 21 нь суралцаж байгаа аж.

Тусгай сургуулийн сурагчдын хоолны зардалд тусгасан нэг тэрбум төгрөг 2016 онд нийслэлийн Засаг даргын төсөвт шилжиж очсон ч зориулахаар төсөвлөсөн газрууддаа хүрээгүй хэмээн тэрбээр гишүүдэд тайлбарласан.

Харин 2017 оны төсөвт тусгагдсан мөнгөөр тусгай сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдэд үдийн цай өгч байгаа бөгөөд цаашдаа халуун хоолны үйлчилгээтэй болгож, одоо мөрдөж буй 600 төгрөгийн тарифыг 2400 болгон нэмэгдүүлэхээр Засгийн газарт асуудлаа өргөн мэдүүлээд байгаа гэж нэмж хэлсэн.

Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.