ЭРДЭНЭТИЙН АСУУДАЛ: ОРОСУУДАД ГӨЛӨГ, МОНГОЛЧУУДАД АРСЛАН УЛСТӨРЧИД

olloo_mn_1493348087_erdent-С.В. ЧЕМЕЗОВЫН ЗАХИДАЛ БА ТҮҮНИЙ ХАРИУ ҮЙЛДЭЛ-

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг манай дотоодын компанид худалдсан асуудалд ОХУ ямар ч буруугүй гэдгийг УИХ дээр ч засгийн газрын хүрээнд ч хүлээн зөвшөөрдөг. Энэ санааг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчлах үеэрээ маш тодорхой илэрхийлж, “ОХУ-ын хувьд ямар ч асуудал байхгүй. Хоёр улсын засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд асуудал байхгүй. Бидэнд зөвхөн дотоодын асуудал байгаа” хэмээн тодотгосон байдаг.
Гэвч УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрд шилжүүлэн авах замаар 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгох тогтоол баталсан нь өөрөө эргээд ОХУ-тай уг асуудлаар холбогдох шижим үүсгэчихсэн гэхэд болно. Үндсэндээ Монгол Улсын засгийн газар орос ах нартаа “Та бүхэн буруугүй” гэж тайлбарласан ч үйлдлээрээ “Худалдаа хууль бус явагдсан тул 49 хувийг төрд авлаа” гээд хэлчихсэн гэж ойлгогдож буй.
Үүнийг ч ОХУ-ын зүгээс анхааралтай ажиглаж байгаа нь тодорхой. Эхнээсээ хариу үйлдэл ч үзүүлээд амжсаныг тэмдэглэх хэрэгтэй. Тухайлахад, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ тус улсын төрийн өмчит “Ростех” корпорацийн дарга С.В.Чемезовтой уулзах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй гэх мэдээлэл цацагдаж байв. Уг мэдээллийг тухайн үедээ Гадаад харилцааны яамнаас үгүйсгэсэн юм.
Гэвч эх сурвалжууд ОХУ-ын төрийн өмчит “Ростех” корпорацийн дарга С.В.Чемезов манай Гадаад харилцааны сайдын уулзах хүсэлтийн хариуд “Бүх зүйл хуулийн дагуу явагдсан тул яриад байх зүйл байхгүй” хэмээсэн гэх. С.В.Чемезов ингэж хатуурхсан байх үндэслэл ч бий. Учир нь, тэрээр УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид шилжүүлэх тогтоолыг батлахаас өмнөхөн манай засгийн газарт захидал илгээж, үүсч болох эрсдлийг өөрсдөө хариуцаарай гэх сануулга өгсөн байдаг.
Захидалд, “Энэхүү гэрээг байгуулахдаа талууд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, ОХУ болон Монгол Улсын хууль тогтоомж болон компанитай холбогдуулан Засгийн газар хоорондын гэрээнүүдийг мөрдлөг болгосон. Өнөөдрийн байдлаар гэрээний нөхцөлүүдийг бүрэн хэрэгжүүлсэн. Хувьцааны төлбөр хийгдсэн, өмчлөлийн эрх нь худалдан авагчид шилжсэн. Гэрээ байгуулсны дараа талууд хэлцлээсээ татгалзах эрхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Гэрээлэгч аль нэг тал нь хэлцлээсээ ухарснаар, нөгөө тал нь Английн болон Уэльсийн хуулийн дагуу Сингапурын олон улсын худалдааны шүүхэд хандаж, нөгөө талаасаа хохирлоо барагдуулах, шүүхийн зардлаа нэхэмжлэх магадлалтай” хэмээн тодотгосон нь бий.
Тухайн үед ЗХЭГ-ын дарга Ж.Мөнхбат байнгын хорооны хуралдааны үеэр уг захидлын талаар онцолж, “Цаашид үүсч болох нөхцөл байдалд Монгол Улсын засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүй шүү. Үүнийг хатуу мэдэгдье” гэж хувийн хэвшлийн гуравт хандан хэлсэн юм. Өөрөөр хэлбэл,Оросууд манай засгийн газарт жудагтай байхыг сануулсны хариуд тэд хувийн хэвшилдээ цаашид хуулийн хүрээнд үүсч болох бүх асуудлаа өөрсдөө хариуцаарай гээд бухчихаж байгаа юм. Ийм байдлаар эрсдлийг сануулаад байхад үл тоож, хувийн хэвшлийн хөрөнгийг шууд төрд авах шийдвэр гаргасан явдалд С.В.Чемезов дургүйцлээ илэрхийлж, манай гадаад хэргийн сайдтай уулзаагүй буцаасан гэх таамаг  ч бий.
Мөнхүү дэлхийн орчин үеийн зэвсэглэлийн дөрөвний нэгийг үйлдвэрлэдэг, сая шахуу ажиллагсадтай, улсдаа засгийн газрын кабинетээсээ дутахгүй эрх мэдэлтэй байдаг “Ростех” корпорацийг тухайн үед манай зарим мэдэмхий улстөрчид “захиалгаар” захидал бичсэн гэх санааг хүртэл чуулганы танхимаас хөндсөн нь тэдэнд лавтай таатай санагдаагүй биз ээ.
-АРБИТРЫН ШҮҮХ  ГУРВАН ТАЛААСАА УУЛЗАХ ЦЭГ БОЛНО-
Ганц энэ тохиолдол ч биш. Ер нь сүүлийн жилүүдэд хойд хөршийнхөнтэй хийсэн томоохон уулзалтууд эцэстээ “Эрдэнэт”-ийн маргаанаар өндөрлөдөг байсныг учир мэдэх хүмүүс тодотгодог.Тухайн үед маргаан “Эрдэнэт” үйлдвэрийн хэр хэмжээнээсээ хэтэрсэн өндөр зардал, зарлагын хүрээнд өрнөдөг байсан бол эдүгээ арбиртын шүүх дээр хоёр талаасаа уулзах эмзэг цэг өмнө маань  байна. Учир нь, “Монгол зэс” корпорациас засгийн газрыг шүүхэд өгснөөр “Ростех” холбогдох гэрээг хуулийн дагуу явсан гэх баталгаа өгөх чиг үүргээр татагдана гэсэн үг.
Энэ санааг эдийн засагч Ч.Отгочулуу хөндөхдөө ““Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан хувийн хэвшлийнхэн маань өөрсдөө эрсдэл хүлээгээд, Оросуудын хувьчлалд оролцсон. Оросуудын явуулсан хувьчлал нь өөрөө хаалттай явагдсан. Мэдээж бид оросуудыг хувьчлалаа нээлттэй хийсэнгүй гэж хэлэх эрхгүй. Дээр нь Оросын төрийн бодлогын илэрхийлэл болсон “Ростех”-ийг луйварт оролцсон мэтээр харагдуулж байгаа нь маш буруу үйлдэл. Эрдэнэтийн асуудал Ростехийн санаачлагаар Арбитрын шүүх дээр очвол Засгийн газар ялах магадлал маш бага”хэмээн тодотгож байсан удаатай.
Нөхцөл байдал ингэж эргэвээс улстөрчдийн Оросуудад очин бөндөгнөж, хувийн хэвшилдээ арслангийн бяр гаргадаг байдал шүүх дээр шийдэгдэнэ л гэсэн үг. Нөгөө талаас “Ростех”-ын  худалдааны хэлцлээ тодорхой хугацаанд олон нийтэд мэдээлэхгүй далд  явуулах шаардлагыг хүлээн авсан хувийн хэвшлээ улстөрчид “Бусдадааа өрсөлдөх боломж олгоогүй. Хаалттай байдлаар авч ирсэн” гэх өнцгөөс буруутгадгаа буруутгачихсан.
Тэгсэн мөртлөө хойд хөршид очсон хэнбугай нь ч  “Эрдэнэтийн асуудалд Оросууд та бүхэн буруугүй ээ” гээд тал засчихдаг.  Яг энэ өнцөгийг шүүх харин хэрхэн үзэх бол гэдэг өөрөө жинхэнэ асуудал юм.

Ж.МЯДАГБАДАМ


URL:

Сэтгэгдэл бичих